Т.Доржханд: "Мон лаа" ХХК-ийн захиралтай уулзаад, туслаад өгөөч гэж холбож өгсөн хүн нь С.Ганбаатар
2023/01/17
Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өчигдөр эхэлсэн.
Сонсголын эхний өдөр "Мон лаа" ХХК-тай холбоотой асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд гэрчүүдээс асуулт асуун, хариулт авахын зэрэгцээ өөрөө гэрчээр асуугдах хүсэлт гаргасан юм.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: ТЭЗҮ байхгүй, Зээлийн хорооны, Эрсдэлийн хорооных нь мэдээлэл гарсан байна. Дүгнэлт нь Эрсдэлийн удирдлагын газраас зээл олгох нь эрсдэл өндөртэй гэсэн байна. Ийм дүгнэлт дээр шийдвэр гарчээ. Бондын зөвлөлийн яриаг нь сонслоо. Маш тодорхойгүй байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр цаана нь улс төрийн нөлөө байна гэж харагдаж байна. Нэг асуулт байна. Өнөөдрийг хүртэл улс төрийн ямар ч нөлөө байхгүй гээд байгаа юм. Өнөөдөр гэрчүүд нь ч ирсэнгүй. Ирсэн бол нүүр тулаад асуучихмаар байлаа. Яагаад гэвэл би тодорхой хэсгийг нь гадарлах хүний хувьд. Энэ асуудлыг шийдвэрлэсэн Хөгжлийн Банкны тухайн үеийн шийдвэр гаргагч нөхөд мөн ирсэнгүй. Тэгэхээр ганц ирснээр нь Б.Шинэбаатар гуайгаас асууя. Улс төрийн нөлөөлөл бий юу, та юу гэж харж байна вэ?
Б.Шинэбаатар: Миний хувьд шууд хэлэхэд улс төрийн нөлөөлөл байхгүй гэж үзэж байгаа. Яагаад гэхээр аливаа асуудлыг Зээлийн хороогоороо хэлэлцээд оруулаад ирэхэд Хөгжлийн Банкны ТУЗ есөн гишүүнтэй, би ТУЗ-ийн даргын хувьд нэг л саналын эрхтэй. Тухайн үед хэлэлцээд, санал хураагаад олонх болсон нөхцөлд л энэ зээл батлагддаг. Тухайн үед олонхоороо баталсан байна. Батлагдсан нөхцөлд ТУЗ-ийн дарга гарын үсэг зурж, үүнийг баталгаажуулах үүрэгтэй байдаг. Түүний дагуу олгогдоод явсан.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Бид өглөөнөөс орой хүртэл нээлттэй хэлэлцүүлэг хийж байна. Энэ зээлүүд бүгдээрээ улс төрийн ямар ч нөлөөлөл байхгүй, бүгдээрээ л ямар ч улстөрчгүй юм байна. Бүгд нэг л гарын үсэгтэй. Таны өмнөх ТУЗ-ийн дарга чинь би бүх хүнийг шахаж чадахгүй гэж байсан. Орж ирж байгаа материалууд нь маш их өндөр эрсдэлтэй байна гээл байхад л шийдчихээд байдаг. ТЭЗҮ ч байхгүй, юу ч байхгүй. Ингээд шийдээд байна гэдэг чинь улс төрийн нөлөө байна. Би өөрөө улс төрийн нөлөө байна гэдгийг гэрчлэх хүн байгаа юм. Тиймээс хурал даргалагч аа, би гэрчээр суугаад мэдээлэл өгөх үү, энд микрофоноос ярих уу. Та чиглэл өгнө үү?
Түр хорооны дарга Б.Энхбаяр: Т.Доржханд гишүүн энэ зээлтэй холбоотой гэрчээр асуугдъя гэвэл та гэрчийн суудалд сууж байж гишүүдийн асуултад хариулна. Д.Ганбат гишүүн асуултаа асууя.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Би 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Өмнө нь "Евро" бонд гэж байсан "Чингис" бонд анх орж ирсэн. "Чингис" бондоос эх үүсвэрээ болгож зээлсэн зээл юм шиг байна гэж ойлголоо. Гаднаас ам.доллароор авсан зээл. Гэтэл төгрөгөөр, хүүг нь 10 хувиар өгсөн байна. Энэ ямар учиртай вэ? ТЭЗҮ-гүй энэ бүх саналыг ТУЗ 100 хувь дэмжсэн байна. Ямар ч эрүүл ухаантай банкны ТУЗ ТЭЗҮ-гүй төслийг санхүүгийн анхан шатны нэгдүгээр курс байтугай дунд сургуулийн хүүхэд ч дэмжих боломжгүй.
Хоёрдугаарт, Т.Доржханд гишүүн улс төрийн нөлөө орсон гэж хэлж байна. Ямар улс төрийн нөлөө орсон бэ? Зээл бүрийн ард нэг улстөрч байдаг гээд байдаг. Түүнийгээ та нэр устай нь тод хэлнэ үү?
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Гэрчээр оролцох шалтгаан маань хэн нэгнийг үндэслэлгүйгээр гүтгэх, нэр алдарт нь халдах гэсэн зорилго огт байхгүй.
Хэлэлцүүлэг шударга нээлттэй, зарчимтай, үр дүнтэй байх ёстой. Энд оролцож байгаа албан тушаалтнууд нэг нэгнийхээ хамгаалах биш шүгэл үлээгээд, тухайн үеийн нөлөө бүхий улстөрчдөө зарладаг байх хэрэгтэй.
"Мон лаа" гэдэг компанийн гүйцэтгэх захирал н.Энхсайхан гэдэг хүнтэй би 2015 оны арваннэгдүгээр сард уулзсан. Нэг удаа уулзсан. Уулзахдаа албан оффис дээр нь уулзсан. Оффис нь талбайн баруун гар талд байдаг МҮЭХ-ны байранд түрээсэлдэг юм байна лээ. Тухайн үед улс төрийн гишүүн байсан нэг хүн намайг санал болгож, очиж уулзаж өгөөч гэсэн. "Би багын найз, нэг нутгийн хүндээ тус болсон юм аа. Гэтэл мөнгөө Хөгжлийн Банкнаас авч чадахгүй байна. Миний найз шийдэхэд туслаад өгөөч" гэсэн. Хөгжлийн Банк нь Сангийн яамны чиглэлийг сонсдог байх. Дээрээс нь Хөгжлийн Банкны ТУЗ-ийн гишүүнчлэлээр, төлөөллөөр Сангийн яамны хүмүүс ажилладаг болохоор "Чи Сангийн яаманд ажиллаж байсан болохоор нөлөөлөөд туслаад өгөөч" гэсэн юм. Ийм л уулзалт болсон.
Тухайн үед н.Энхсайхан гэдэг хүн энэ мөнгөө л авчихвал болох гээд, гацчихаад байна гэсэн. Бид хоёр зохицуулаад, авахаар болчихсон байсан ч гацчихаад байна, тусалж өгөөч гэсэн ийм яриа болсон. Энэ бол бодитой, хаана ч би гэрчилнэ.
Түр хорооны дарга Б.Энхбаяр: "Мон лаа" компанийн захирал н.Энхсайхан гэж хүнтэй уулзах ажлыг холбож өгсөн тэр улс төрийн гэх хүнийхээ нэрийг хэлэх нь зөв байх?
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Би дахин хэлье. Хэн нэгний нэр хүндэд халдаж байгаа зүйл биш. Энэ бол бодитой. Өөрөө ч нотлох байлгүй дээ. Энэ бол тухайн үеийн УИХ-ын гишүүн С.Ганбаатар. Баянхонгор аймгийн уугуул. Багын найз гэсэн байдлаар хандаж байсан.
Тухайн үед улс төрийн нөхцөл байдлаар бид Хөдөлмөрийн Үндэсний Нам гэсэн нэг тогоонд ойрхон байсан. Тийм л асуудлаар явсан.
Хэлэлцүүлгээр хэлж байгаа тайлбарууд хэн нэгнийг зарлахгүй, хамгаалсан, ард нь байгаа эздийг зарлахгүй байгаа нь харамсалтай байна.
Зочин · 2023/01/18
Параламентаа 2 тахимтай болгож доод танхим одоогийн 76 байнгын ажиллагаатай дээд танхим нь жилд 1 удаа цуглаж эцсийн шийдвэр гаргадаг энэ хүмүүс сум суурин бүрээс оролцдог болчихвол улс хөгжинө Энэ л үед хариуцлага тооцно
ЗОЧИН · 2023/01/17
МОН-Лаагийн ЗАЯА АВГАЙ АХ ЗУРААЧ ХАР.... ГЭЭД ЭДНЙЙХЭН ХЭЗЭЭНИЙ ХҮН МУУТАЙ, ЖУДАГГҮЙ БУЗРУУД ШҮҮДЭЭ .
СОНГОГЧИД · 2023/01/17
Манай хамгийн, хамгийн,туйлын туяа болсон ШУДРАГА хэмээх ганц босоо гишүүн маань бас л "МОН-ЛАА" чин болж Хөгжлийн банкны тонуулчин нэр зүүлээ дээ хөөрхий!!!Энэ 76 дотор ГАР ЦЭВЭР,НЭР ЦЭВЭР ХҮН үлдэхнүү. Мон-лаа ч гэсэн гишүүний тусыг хариулсан байх,гэхдээ зээлээ,хүүгээ төлөөд хаачихгүй дээ тусгүй хүн юм л даа...