Сайн жүжигчин гэдгээ О.Байгаль баталж чадлаа
2014/06/08
Хүн болгон үйлийн үр, хойд нас гэгч бидний мэдэхгүй ертөнцийн тухай сайн мэдэхгүй. Нэг хэсэг нь энэ талаар ярихыг ч хүсдэггүй бол нөгөө хэсэг нь харин үйлийн үр, хойд нас гэж байхгүй хэмээн маргадаг. Бидний тэр бүр сайн мэдээд байдаггүй эл сэдвээр сүүлийн үед уран бүтээлчид кино хийх болсон. Сайн мэдэхгүй хүний ой тойнд буултал сайн тайлбар хийж чаддаггүй далд ертөнцийг олон түмэнд ойлгуулахын тулд зохиолдоо тусгадаг нь дамжиггүй.
Тэгвэл хойд нас буюу хүн нас барсны дараа эргэн төрдөг гэдгийг харуулахыг зорьсон уг бүтээл саяхан нээлтээ хийгээд үзэгчдийн хүртээл болж буй. Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Улаан пальто” өгүүллэгээс сэдвэлсэн Номин охины тухай өгүүлэх тус бүтээлийн гол дүрд Соёлын тэргүүний ажилтан О.Долгор, Т.Өөдөө, жүжигчин, загвар өмсөгч О.Байгаль нар тоглосон.
Энэ киноны хамгийн сонирхол татсан жүжигчин бол О.Байгаль. Тэрбээр 16 жилийн дараа дахин дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээж буй энэ. Өмнө "Газар шороо", "Догшин хутагтын сахиус" зэрэг томоохон уран бүтээлд ажиллаж байсан билээ.
"Улаан пальто" кинонд тэрбээр охиноо алдсан ээжийн дүрийг тун чадварлаг бүтээж чаджээ. Өдөр бүр л охинтойгоо ярилцах мэт ганцаараа ярьж, түүний өмсдөг байсан улаан пальтог үнэрлэж үрийнхээ арилаагүй үлдсэн үнэрээр тайвширдаг. Цонхоор ширтэж, санаа алдан гансрах бүсгүйн сэтгэлийг хийдэг ажил нь битгий хэл хайртай хань нь ч дэвтээж чадахгүй. Өдөр бүр энэ эх дотоод сэтгэлийн ертөнцдөө охинтойгоо ярьж түүнийгээ л санадаг.
Гэвч хаа нэгтэй нэгэн охин ээжээсээ улаан өнгийн пальто, даашинзаа нэхэж “Надад таниас өөр ээж бий” хэмээн уурлан гомдоллож, хамар хашааныхаа эгчээс “Том цонхтой гоё байшиндаа нөгөө ээж, аав дээр минь аваачаад өгөөч” гэж гуйх жаахан охины гуйлтанд Минжмаа бүсгүй эсэргүүцэж чадалгүй зөвшөөрнө. Эх үрийн хүйн холбоо гэдэг биеийн бус сэтгэлийн маш хүчтэй холбоо байдаг аж. Хэдийгээр охин нь нас барсан ч дахин хэн нэгний биеэр ирэх түүний сүнс урьд насныхаа амьдралд сэтгэлийн хүйгээрээ холбогдсон ээжийгээ үгүйлэн санасаар, олж учрах мөч...”-ийг үзэгчид уйлан хүлээж авч буй нь О.Байгаль дүрээ сайн бүтээсний нэгэн илрэл юм.
Д.Ана
Зочин · 2014/06/09
uuu huurhii zagbar umcugcn baisan umuu daanch neg l hiimel sanagdaad baisan um. DAHIN KINOND BUU TOGLOOROI. TENEGIIN DUUGAI NI UZESGELENTEI