“Ажилтай,орлоготой Монгол залуу” хөтөлбөрт 10 мянган залуус хамрагдана
2014/06/10
Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбооны хооронд байгуулсан хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд 2014 онд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн албан ёсны нээлт өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө.
“Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн 2014 оны нээлтэд Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн захирал С.Чойноров, МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат, Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн захирал Б.Эрдэнэбат болон зургаан дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хөтөлбөрт нэгдсэн дэмжигч байгууллагууд, төсөлд хамрагдаж байгаа оюутан, залуучууд оролцлоо. Энэ үеэр “Сумын залуус” төсөлд хамрагдсан 21 аймгийн 330 сумдад ажиллах “Дөрвөн бэрх” багийн гишүүдэд үнэмлэх, ажиллах удирдамжийг хүлээлгэн өгсөн юм.
Бүтээн байгуулалтын салбарт бригадын зохион байгуулалтаар ажиллах залуучууд өнгөрсөн сараас эхлэн ажилдаа гараад байсан бол “Сумын залуус”, “ Ажлын гараа” зэрэг төслүүдэд хамрагдаж байгаа оюутан, залуучууд маргаашнаас эхлэн ажилдаа орж, хөдөө орон нутгаа сумаа зорихоор болжээ. 2013 онд “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд “Сумын залуус”, “Ажлын гараа”, ”Цагийн ажил” зэрэг төслүүд амжилттай хэрэгжсэн бөгөөд 3000 гаруй залуучууд хамрагдан зуны амралтын хугацаанд цагийн болон түр байнгын ажлын байраар хангагдсан аж. Харин 2014 онд “Сумын залуус”, “Ажлын гараа”, “Бүтээн байгуулалт-2014” төсөлд нийт 10.000 оюутан, залуучууд хамрагдах боломж бүрдээд байгаа юм.