Д.Өсөхбаатар: Минутын уншлага ойлгох чадвар суулгадаггүй
2023/03/22
“Зууны мэдээ” сонин “Боловсрол-хөгжил” буландаа Мэдээлэл зүйн багш, IT инженер Д.Өсөхбаатарыг урилаа.
-Монголын сурагчид өнгөрсөн онд мэдээлэл зүйн олон улсын олимпиадаас хос хүрэл медаль авсан. Тэдний дасгалжуулагчаар нь та ажилласан юм билээ?
-Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад би өнгөрсөн жил дасгалжуулагчаар нь ажилласан. Улс бүрээс дөрвөн хүүхэд оролцсон. ЕБС-ийн сурагчдын ангилалд манай тамирчид хоёр хүрэл медаль авсан. Энэ нь бахдам сайн амжилт биш. Хятад, Иран, Япон, Солонгос, Америкийн багийг ялахын тулд олон жилийн хөдөлмөр хэрэгтэй. Тус олимпиадаас улс орнуудын мэдээлэл зүйн боловсрол харагдана. Мөн мэдээлэл зүйн олимпиадад амжилттай оролцдог байсан хүүхдүүд гадаадын орны том компанид ажиллаж байгаа.
-Олимпиадаас улс орнуудын хүүхдүүдийн мэдээлэл зүйн хичээлийн чадвар харагддаг байх даа?
-Тухайн олимпиад урьдчилаад сэдэв агуулгаа гаргадаг. Хэн цагаа сайн ашиглаж гүйцэтгэл сайтай байсан нь амжилт гаргадаг. Багийн хүүхдүүд бүгд жигд байх хэрэгтэй. Хүүхэд бүр дор бүрнээ хичээж байж үр дүнд хүрнэ.
-Аливаа тэмцээнд амжилт гаргахад хөдөлмөр чухал байх?
-Тэмцээн уралдаанд ороод амжилт гаргаж буй сурагчид бий. Аливааг сурсан, тууштай байсан нь амжилт гаргадаг гэж хэлмээр байна. Тиймээс өөрийгөө хөгжүүлээд мэдлэгээ нэмж буй хүн урт хугацааны мэдлэг болж үлдэнэ. Тиймээс олимпиад нь үүний үр шим юм. Олон улсын чанартай олимпиадад амжилттай оролцсон хүүхдийг гадаадын том сургуулиуд урих жишээтэй.
-Таны үндсэн мэргэжил багш биш гэсэн. Мэдээлэл зүйн багш болсон түүхээсээ хуваалцахгүй юу?
-Миний үндсэн мэргэжил программ хангамжийн инженер. Бага байхаасаа багш болох мөрөөдөлтэй байлаа. Сургуулиа төгссөний дараа МУИС-даа нэг жил багшилсан. Одоогоор багш болоод гурван жил гаруй болж байна. Анх Баянхонгор аймагт Алгоритм сургуульд багшилж байсан. Тус аймгийн н.Цагаан багштай ярьж байгаад багшаар ажилласан. Одоо нэг хувийн сургуульд ажиллаж байгаа.
-Таны мэргэжил багшаас арай өөр. Багшлахад танаас ямар ур чадвар шаардсан бэ?
-Программ хангамжийн инженер, багш гэсэн мэргэжил хоорондоо ялгаатай. Өөрийн мэдэж байгаа зүйлээ хүүхдүүдэд зөв ойлгуулах нь чухал. Нэг ангид орсон хичээлээ дараа нь орсон ангийн хүүхдүүд нь сайн ойлгож байна. Энэ бүгдээс туршлага хуримтлуулах жишээтэй.
-ЕБС-аас хүүхдүүд ямар мэдлэг эзэмшээд гарах ёстой вэ?
-Ерөнхий боловсрол нь хүүхдэд мэдлэгтэй, ухамсартай хүн болоход тусалдаг. Тиймээс боловсролтой болоход нь анхаарах хэрэгтэй. Олимпиад нь бусдаас илүү ур чадварыг харуулдаг. Зарим сургууль мөнгө олох зорилготой хүүхдийн ур чадварыг хөгжүүлээд байдаг. Харин ЕБС нь хүн бүр заавал эзэмших ёстой, сайн сургалттай байх хэрэгтэй. Тэнд алдаа байх ёсгүй. Би ажлынхаа хажуугаар сургалтын төв ажиллуулдаг. Тэнд суралцахаар ирж буй хүүхдүүдийн эхний даалгавар ном унших. Аливааг уншаад ойлгодог болоод ирэхээр логик сэтгэлгээ хөгжинө. Энэ талын чадвар нь сайн хөгжсөн хүүхэд асуудалгүй сураад явдаг.
-Суурь мэдлэгийн боловсролыг хэрэгцээ багатай хэмээн ойлгоод байдаг. Энэ нь зөв үү?
- Зарим хүн ЕБС-ийн хичээлийг амьдралд хэрэггүй гэж ойлгодог. Тухайлбал, математикийн хичээл нь тархины дасгал болно. Тархийг сайн ажиллуулах тусам мэдлэг нэмэгддэг. Математикийн хичээл нь тархины фитнесс юм. Амьдрал дээр гарахад хүнд асуудлууд тохиолдоно. Үүнийг шийдэхийн тулд толгой ажилладаг байх хэрэгтэй. Мөн боловсролыг дагаад соёл бий болно.
-Сурагчид аль талын чадвараа хөгжүүлэх шаардлагатай гэж та харж байна?
-Бага ангийн хүүхдүүд минутын уншлагаараа өрсөлдөөд байдаг. Энэ нь буруу зүйл. Уг нь уншиж буй зүйлээ ойлгох ёстой. Гэтэл хурдан уншаад байхаар ойлгодоггүй. Энэ дадал уншаад ойлгох чадварыг суулгадаггүй. Мөн багш нар хуулан бичиг хийлгэхдээ гоё бичихийг тулгадаг. Цэвэр бичихээр үсэгний тэгш байдалд хүүхэд анхаарах нь том алдаа. Уншихын үнэ цэн нь ойлгох юм. Уншаад ойлгодог болсон байхад бичнэ. Өөрийн үзэл бодол, санаагаа зөв зохистой цэгцтэйгээр бичээд илэрхийлдэг байх хэрэгтэй. Сүүлийн үеийн хүүхдүүд уншсан зүйлээ ойлгох тал дээр дутагдалтай.
-Хүүхдийн сурч хөгжих боловсролд гэр бүл чухал нөлөөтэй санагддаг?
-Хүүхдэд гэр бүлийн боловсрол хэрэгтэй. Эцэг эхчүүд их цаг зарцуулдаг, ярилцдаг, анхаарал халамж дүүрэн айлын хүүхэд аливааг сайн сурдаг. Анхаарал багатай айлын хүүхэд аливаад тууштай биш байх нь ажиглагддаг. Мэдээлэл зүйн хичээл нь код бичдэг. Код бичих нь тухайн хүүхдээс бичих аливааг ойлгох ур чадвар шаарддаг. Тиймээс зохион найруулж бичих чадвартай хүүхэд код бичихдээ сайн.
-ЕБС-аа төгсөж гарахдаа мэдээлэл зүйн хичээлээр ямар мэдлэг эзэмшиж гарах ёстой вэ?
-Хамгийн түрүүнд мэргэжлээ сонгосон байх нь чухал. Тухайлбал, IT инженер болно гэж шийдсэн бол анхан шатны ур чадварыг эзэмшсэн байна. Харин боловсролын тухайн мэдээлэл хаанаас гарч байна, интернэт гэж юу болох талаар хүн бүр мэддэг байх хэрэгтэй. Цаашид IT инженер болох зорилготой хүүхдүүд код заавал бичдэг болох ёстой. Код бичих нь аливаа асуудлыг шийдэх арга зам юм. Үүнийг сурахын тулд аргыг нь эзэмшинэ. Энэ алгоритмд суурилдаг. Монгол хэлтэй төстэй. Зөвөөр илэрхийлж зүй зохистой бичих юм. Хүүхэд хоёр сарын дотор сурдаг. Алгоритмийг логик сэтгэлгээ сайтай хүүхдүүд их хурдан сурдаг. Эх хэлээ сайн эзэмшвэл логик сэтгэлгээ дагаад хөгжинө. Хүн аливааг бодож байхдаа өөртэйгөө ярьж байдаг. Сэтгэн бодох чадвар хөгжөөгүй бол алгоритм сурахад хүндрэлтэй.
-Мэдээлэл технологийн мэргэжлийг хүүхдүүд сонгох нь багассан гэсэн. Үүнийг юутай холбоотой гэж харж байна?
-Энэ талын мэргэжил зах зээлд эрэлттэй болсон. Тод жишээ нь Амазоно компани анх хуучин ном худалдаалдаг байсан. Харин одоо технологи тал руугаа хөгжсөн. Үүнтэй адил олон компани бий болж байна. Тиймээс энэ талын мэргэжил эрэлтээ дагаад цалин нь өндөр болно. Сүүлийн үед хүүхдүүд энэ салбарын мэргэжлийг сонирхож эхэлсэн. Хэдэн жилийн дараа мэргэжилтнүүд нэмэгдэнэ гэж хардаг. Харин сурагчид энэ мэргэжлийг сонгохгүй байгаа мэдээлэл дутмагтай холбоотой байж мэднэ. Тиймээс IT инженер болохын тулд математикийн тодорхой хэмжээний мэдлэг шаардлагатай. Мөн сэтгэн бодох чадвар хэрэгтэй.
Б.Нямсүрэн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин