Х.Анхбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна
2014/06/11
Төрийн албан хаагчид их хэмжээний хахууль өгч, гадаадаас мөнгө “угааж” Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ашигт малтмалын үйл ажиллагаа явуулсан гэх “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр, ерөнхий менежер Н.Отгонболд, А.Чандмань, Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан нарыг шүүх хурал өчигдөр эхэлсэн юм.
Уг хэргийг Дүүргийн анхан шатны II шүүхэд энэ сарын 11-ний 09:30 цагаас эхлэн хянан хэлэлцсэн. Тэгвэл өнөөдөр шүүх хурлыг үргэлжлүүлэхээр болжээ.
Эл хэргийг эргэн сөхвөл, Х.Анхбаяр нарыг компанийнхаа нэр дээр 2007-2013 онд ашигт малтмалын 45 ширхэг тусгай зөвшөөрлийг худалдаж авсан, хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах үндэслэл нь гарчихсан байхад цуцлалгүйгээр бусадтай хуйвалдаж сунгасан хэрэгт буруутгаад байгаа. Мөн төрийн албан тушаалтнуудтай хуйвалдаж Карибын арлуудад оффшор бүсэд бүртгэлтэй 12 тэрбум төгрөгийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулж ирж хайгуулын лицензүүдийг худалдаж авч, “угаасан” болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон аж.
Х.Даваа