Монголын төр Үндсэн хуулийг хэрхэн хэрэгжүүлж байна вэ?

 

“Монгол орны эдийн засгийн амьдрал төрийн зохицуулалттай байна” гэсэн үндсэн хуулийн нэг гол заалт бий. Монгол улсын Ерөнхийлөгч , УИХ, Засгийн газар, аймгуудын засаг дарга нар мөнхүү заалтыг баримтлан “үйлдвэрлэл, худалдаа, солилцоо,хэрэглээг” нийт ард түмний ашиг, сонирхол нийцүүлэн удирдаж, зохицуулж байх үүрэгтэй, бас эрхтэй. Эдийн засгийн амьдралын аль, ямар ч тал нь төрийн ухаалаг зохицуулалттай байхын зорилго бол Монгол орны газар нутаг, хөрс шороо, ашигт малтмал, усан болон агаар мандал, материал баялгийн үйлдвэрлэл, улсын нөөц, сан ямар ч тохиолдолд нийт ард түмний нийтлэг ашиг сонирхолд л нийцэж байх, үйлчилж байхыг хуульчлахад оршиж байлаа. Шинэ үндсэн хуульд ийм заалт орж батлагдсан хэдий ч түүний хэрэгжилт нь өнгөрсөн 32 жилд шууд л “муу” дүн тавигдахаар явж ирлээ. 1990 оноос хойш Монгол орны нийгэм-эдийн засгийн амьдралд гарсан өөрчлөлтүүд нь урьдчилсан тооцоо, бэлтгэлгүй, шинжлэх ухааны мэдлэг, аж ахуйн амьдралын туршлагагүй хүмүүсийн гараар хийгдэж, байсан хэмжээ, түвшнээсээ ч уруудаж, доройтож байлаа. Улс төрийн амьдрал, эдийн засгийн амьдралыг либеральчилж, чөлөөтэй болгох, олон ургальч, өмчийн олон хэлбэртэй болгох ажил нь популист улстөрчид, амьдралын мэдлэг, туршлаггүй дээр нь хэр чадлаа мэддэггүй, хөрөнгөжих хөлжихийн шунал, атгаг сэтгэлтэй, ёс зүйн хүмүүжил дорой, хулигаан зан төрхтэй цөөн хэдэн залуусын хийж чадах хэрэгжүүлж дөнгөх үйлс ер биш юм. Товчоор хэлэх аваас улс орны эдийн засгийн амьдралын зарим талд бүтээх биш бусниулах хүмүүсийн үйл ажиллагаа хар хэргээ хийж, хар мөрөө үлдээчихлээ. 

Монголын хот, хөдөө дэх аж ахуйн амьдрал, нийт ард түний болон нэгдэл-хоршооллын өмч хөрөнгө, үйлдвэрлэлийн бүх салбар, банк санхүүгийн тогтолцоо, боловсрол, эрүүлийг хамгаалах систем бүгд л буруу аргаар, буруу замаар өөрчлөгдөж, бараг бүгдээрээ шахам буруу гарт орж, олонхийг хохироож, цөөн хэдэн гэр бүлийг завшуулжээ.

 

Улсын, нэгдэл-хоршооллын гэгдэж байсан өмч, хөрөнгийн багагүй хувийг голчлон удирдах ажил хийж байсан хүмүүс л үнэгүйгээр шахам хувьчлан авчээ. Менежментийн гэх залиар мөн нэлээд өмч овсгоо сүйхээтнүүдийн мэдэлд очжээ. Хөнгөн, хүнсний үйлдвэрүүд, хүүхдийн ясли, цэцэрлэгийн байр, байшингууд ч буруу замаар орж зориулалт нь өөрчлөгджээ. Мал аж ахуйн түүхий эд боловсруулах үйлдвэрүүд ч зогсчээ. Богино хугацаанд техник, тоног төхөөрөмж нь ч алга болжээ. Дүүрэг, хороодын эмнэлэг, ахуйн үйлчилгээ, соёл-гэгээрлийн цэгүүд ч мөн алга болсон билээ. Удсан ч үгүй газрын наймаа, лицензийн наймаа авилга, шахаа, чавчаа, далд эдийн засаг, элдэв зүсмийн мөнгө хүүлэлт, зээл зуучлалт гээд л байж болох бүхий л булхай, луйвар аж ахуйн амьдралыг багалзуурдан авч жижиг, дунд бизнесүүдийг дарамтлах, цусыг нь шимэх, сорох болжээ. Ингэж л өнгөрсөн 30 жилд төрийн ухаалаг зохицуулалт үгүйлэгдэж, эдийн засгийн амьдрал хот хөдөөгүй сулдаа, зөндөө хаягдаж, ажилгүйдэл, ядуурал ердийн зүйл, хаа сайгүй л байдаг үзэгдэл болж хувирсан билээ. Хамгийн их хохирсон нь хүүхдүүд эмэгтэйчүүд, хөгшид, эмзэг бүлгийнхэн... Ард түмний амьдралыг дэмжих, жижиг дунд бизнесийг дэмжих нэрээр буй болгосон төрийн сан, зээл, гадны тусламжийг хэн хэн хувааж авсан, шамшигдуулсан гэж бодноо? Нөгөө л дээд, дунд тушаалын дарга нар (УИХ-ын гишүүд, сайд нар, том компаний эзэд, агентлагийн дарга, Хот, аймгийн удирдлага). Төр нь ард түмнийг дэмжих биш харин боломжуудыг нь хулгайлж, дээрэмдэж байжээ. Хүн хүндээ чоно болох шахдаг зэрлэг капитализмын гэгдэхээр шатанд бүр төр нь ард түмэндээ чоно болжээ. Энэ байдлыг манлайлсан, боломж олгосон хүмүүс нь УИХ-д суудалтай хоёр намын удирдлага, ерөнхийлөгч, ерөнхий сайд нар... “Монгол орны эдийн засгийн амьдрал төрийн зохицуулалттай байна” хэмээсэн үндсэн хуулийн заалт эсрэгээр эргэж “төр нь бусниулна, дээрэмдэнэ” гэсэн утгаар хэрэгжсэн байгаа биз?! Монгол эдийн засгийн амьдралыг өөд татах бүх механизмыг үгүйсгэж, харин уруудуулах ядруулах бүх механизмыг бүрэн ашиглажээ. Ашигт малтмалыг хайх, ашиглах лицензүүдийг хүртэл олноор нь аваад цааш нь дамлаж заржээ. Лицензийн ченж, зээлийн ченж, газрын ченж гэх нэр, цолтой хүмүүс хүртэл буй болсон байна. Төрийн албаны тамга барьсан, төсвийн мөнгийг захиран зарцуулах эрхтэй болсон хүмүүсийн олонхи нь авилгачид болжээ. Илчлэгдсэн зарим нь (нэг зуу илүү хүн) гадаадруу оргон зайлжээ. Тэдэнд ийм боломж олгосон хүмүүс бол мөн л манай шүүх, прокурор, цагдаа...

 

Улаанбаатар хотын төвийн, захын бүх газар, зуслангийн газрууд, Богдхан уулын бараг бүх амыг хувааж аваад дамлаж зараад, сууц барьж зараад, хашаалж аваад нэр, нүүрээ нуугаад сууцгааж байна шүү дээ.

 

Тэдэнд эмээх сэтгэл, ичих нүүр байдаггүй ажээ. Гэмт үйлдлүүдийн эхлэлийг тавьж, хөлжиж, баяжсан томчууд нь өнөөдөр баян, бардам сууцгааж, харин тэднийг залгамжилсан 2-р үе, 3-р үеийнхэн нь, цүнх баригчид нь илчлэгдэж, мөрдөгдөж, хэрэг хүлээцгээж байна. Ийм байдлыг ойлгож байгаа хүн ч бараг алга бололтой. Ахмадууддаа дөрлөгдөж “буруу замаар будаа тээсэн” залуусыг өрөвдөх юм. Ахмад үе нь шудрага байсансан бол тэд өнөөдөр гэмт хэрэгтэн болохгүй шүү дээ. Монгол төр ажлаа хийж чаддаг байсансан бол өнөөдөр нэг зуу гаруй гэмт хэрэгтэн гадаадруу оргон зайлж чадах байсан гэж үү? Монголын төр ард түмнээ хамгаалж байна уу? Гэмт хэрэгтнүүдийг хамгаалж байна уу? Гэтэл Монгол оронд сүүлийн 30 жилд төрийн дээд шагнал, одон, медаль, гавьяат цол, хөдөлмөрийн баатар, Чингисийн одонгоор шагнагдсан эрхмүүдийн олонхи нь төрийн албан хаагчид шүү дээ! Тэдний дунд гэмт үйлдлийн эзэд бүр алдаршсан, дархлагдсан шахуу авилгачид, шахаачид, луйварчид хэд хичнээн байгаа бол оо? Илчлэгдсэнийг нь тоолоход л хэдэн зуу хүрэх байх шүү! Энэ бас л  “төрийн ажлын” нэг хэсэг нь, ард түмний хөрөнгөөр цалинжиж байж “хийсэн ажил” юм. Одоо бүр “төсвийн мөнгө уйлдаггүй” хэмээн ид бах болгон ярилцах болжээ! Төрийн мэдэлд байдаг бүх сан, бүр зээл, тусламж, газар уулын амууд, ашигт малтмал, үйлдвэр аж ахуйн газрууд, лицензи, зөвшөөрлүүд, банк, санхүүгийн газрууд, техник, тоног төхөөрөмжүүд гэхчилэн бүхий л нөөц, баялаг огт эзэнгүй юм шиг л өнөөдөр үрэгдсээр, шамшигдсаар, булхай, луйварт өртсөөр байна. Гэтэл тэр бүхний жинхэнэ эзэд болох жирийн иргэний гарт, өмчлөлд юу байгаа билээ? Ердөө л 1072 хувьцаа, тэтгэврийнхэнд энэ 1072-ч байхгүй.

 

Мөнгөний ханш уналтыг дагалдуулаад тэтгэврийн хэдийг нь өсгөөд өгчих сэтгэл ерөнхийлөгч, ерөнхий сайдад ч байхгүй. “Үнэсэнд хаягдсан шалз” адил хувь заяаг тэд эдэлж сууна. Гэтэл хоол, эм хоёрын үнэ яаж өсөж байна вэ?

 

“Хоол авсан хөгшид өвчнөөр үхэх, эм авсан хөгшид өлсөж үхэх” нөхцөл, аюул яг л хаяанд ирчихээд байна. Улс орны эдийн засгийн амьдрал хоёр хөршөөс тэтгэгддэг “Эмчилгээ-тэжээлийн цэг” шахуу байдалтай боллоо. Монголын нийгэм эдийн засгийн тусгаар тогтнол, соёлын тусгаар тогтнол, хэлний тусгаар тогтнол,  хүмүүсийн оюун санааны амьдралын тусгаар тогтнолоо алдсаар, гээсээр л байна. Эцэст нь улстөрийн тусгаар тогтнол нь ч хэврэг талдаа орох байхдаа!  

 

Эдийн засгийн амьдралыг зохицуулж байх үүргээ Монголын төрийн биелүүлж байгаа бол юуны өмнө мөнгөний ханш уналтыг дагалдуулаад цалингийн доод хэмжээг, ахмадын тэтгэврийг, бүх төрлийн тэтгэмжийг нэмж байх ёстой.

 

Төрийн албан хаагчдын тоог хянаж, багасгаж, төрийн өөрийн нь зардлыг бууруулж байх учиртай. Монголчууд хоол, хувцас, даавуу, цаас мэтийн өргөн хэрэглээний бараагаа зөвхөн дотооддоо үйлдвэрлэдэг болох ёстой. Импортын хэмжээг байнгад багасгаж, экспортын хэмжээг байнгад өсгөж байх учиртай. Цэвэр усыг аль болохоор хэмнэж, их бороо, их цасны ус, үерийн усаар хиймэл нуур цөөрөм байгуулж ус нөөцөлж байх  ёстой. Ашиг шим багатай малын тоог цөөрүүлж, мал ба билчээрийн харьцааг зохистой түвшинд барьж байх учиртай. Барааны үнийн зохиомол хөөрөгдөл авилга, хүнд суртлыг тухай бүрд нь хот ба хөдөө арилгаж, тэдгээртэй хатуу тэмцэж байх ёстой. Ажлын байрыг байнгад нэмэгдүүлж ажилгүйдлыг хот болон хөдөө хамгийн доод хэмжээнд нь барьж байх үүрэгтэй. Байр сууцны үнийг бууруулах бүх боломжийг ашиглах, ипотекийн зээлийн хүүг боломжит доод түвшинд нь барихыг үүргээ гэж үзэх ёстой. Залуу гэр бүлүүдийг хоёр өрөө байрны үнэ төлсөөр байгаад насаа элээхэд хүргэж байгаа нь гутамшиг шүү дээ!! Ядаж л Улаанбаатар, мөн аймгуудын төвд хүнсний ногооны зоорь барьж ирэх жилийн эрт ургацын ногоо гарах хүртэл хувь хүмүүс, компаниудын тарьсан, авсан ургацыг хямдавтар үнээр хадгалж өгдөг баймаар юм. Нэгдсэн орчин үеийн, боловсон зоорьгүйгээр хүн амаа жилийн туршид хүнсний ногоо, махаар хангаж чадахгүй. Энэ ажлыг хувь хүмүүс хөрөнгө гаргаад хийж чадахгүй. Зээлийн зэрлэг өндөр хүү хувь хүмүүсийг хөдөлгөхгүй байна шүү дээ! Энэчлэн боддог, санаа тавьдаг, сэтгэлээ чилээдэг төр л Монголчууд бидэнд хэрэгтэй байна. Ийм л биш бол тэр төр, тэр намд сохор зоосны ч үнэгүй.

 

“Төрийн өмчийн эмнэлгүүдэд (хэргээр зохиомлоор) их очер дугаар үүсгээд хот хөдөөгийн хүмүүсийг өндөр төлбөртэй хувь хувийнхаа эмнэлэгрүү хүчээ илгээж халаасыг нь хоослох боллоо. Та энэ талаар бичээд өгөөч” гэж хүмүүс гуйх нь жилээс жилд л ихэссээр байна. Хувийн эмнэлгүүдийн эзэд нь  (цаад) бүгд л том дарга, сайд нар гэлцэх болжээ. Энэ үнэн бол мөн хэцүүеэ! Өвчилнөө гэдэг чинь монголын нөхцөлд “чи халаасаа хоослуулаад, ард үлдэгсдийгээ ядууруулаад, эцэсдээ хоол болон эмийн үнийг дийлэхээ байгаад, түргэхэн үхэхийг л хүсдэг хүн болно” гэх хатуу үг ч сонсогдох болов...

 

Судлаач, профессор Д.Чулуунжав