Хамгийн богино хугацаанд сайдаар ажилласан гэдгээрээ Монголын улс төрийн түүхэнд рекорд тогтоосон УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл буюу олны хошигнон нэрлэдгээр "Хатан ижий" сүүлийн үед ихэд бухимдуу байх болж, түүнийгээ ч намынхаа элдэв цугларалт, уулзалтанд байнга шахуу илэрхийлж эхэлжээ.

Агуулга нь ард түмний амьдрал үнэхээр хүнд байна, Засгийн Газрын бодлого оновчтой, хурдан шуурхай биш байна.

 

Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр хүртэл энэ тухайгаа ярьж, " Одоо бид хүн амынхаа авч буй цалин тэтгэвэрт анхаарахгүй бол өнөөдрийн энэ өрнөж буй асуудлууд, ард түмний ахуй амьдрал их хүндэрснийг харуулж байна. Энэ бол ямар нэгэн улс төр, ямар нэгэн попролт биш. Ээжүүд хүүхдийн мөнгийг жигд өгөхийг шаардаж байна. Түүнээс гадна өнгөрсөн хугацаанд өгөөгүй мөнгийг нөхөн олгохыг шаардаж байна. Соёлын салбарынхан маань цалин мөнгөний асуудал ярьж байна. Ахмадууд маань тэтгэврийн зөрүүг ярьж байна. Тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэх асуудлыг шаардаж байна. Энэ бол зөвхөн шаардлага биш. Эдгээр асуудлыг шийдвэрлэхгүй бол ард түмний амьдрал маш их хүндэрсэн. Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлаар ард иргэдтэй уулзахад ард түмэн ахуй амьдрал, цалин хөлсөө л их ярьж байна. Иймээс бид яаралтай төсвийн тодотгол хийх ёстой. Одоо тэвчээрийн хүлээсний уяа тайлагдаж байгаа юм байна. Цаашдаа энэ чигээрээ байгаад байх ямар ч боломжгүй болсон учраас иргэд маань хөдөлж байна. Х.Булгантуяа сайд сая гараад явчихлаа. Х.Булгантуяа сайд соёлын салбарынхны цалинг эрүүл мэндийн салбарынхантай дүйцүүлж шийднэ гэж балай юм ярьж байна лээ. Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын ажлын онцлог, мэргэжлийн эрсдэл, ажлын хэцүү нөхцөлтэй холбоотой байдаг юм. Үүнийг соёл урлагийн салбарынхантай дүйцүүлнэ гэдэг зүйлийг хэрхэвч ярьж болохгүй. " гэсэн юм.

 

Ярьж буй нь үнэн ч Ковидын үеийн хөрөнгө, мөнгөний зарцуулалтаас эхлээд өнөөдрийн амьжиргааны доройтолттой холбоотой бүх асуудалд хариуцлага хүлээх ёстой хүний нэг нь  Д.Сарангэрэл "хатантан" өөрөө мөн билээ.

 

Гэвч "хатан ижий" ийн гэнэт тэмцэгч болж буйн учир нь маш тодорхой гэнэ.

"Улныхан" гэх өөрийн бодлоггүй ярианаасаа болж огцорсоноо Д.Сарангэрэл өнөөг хүртэл хүлээн зөвшөөрч чаддаггүй ба үүнийг нь Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сайд асан, МАН-ын Нарийн Бичгийн Дарга А.Ариунзаяа зохион байгуулсан гэж үздэг юм байна. А.Ариунзаяа бол МАН-ын ЕНБДарга, Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ийн дарга Д.Амарбаясгалангийн хүн. Иймээс ч МАН-ын зарим удирдлага өөрт нь зөвхөн сайдаас огцруулаад зогсохгүй, УИХ-д нэр дэвших хүссэн тойрог, квотыг нь өгөхгүй байх вий гэж болгоомжилж буй тул "тэмцэх" замаар түүнийгээ олж авах нь зөв гэсэн тактик боловсруулсан бололтой.

 

С.Сарнай

sonin.mn