Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Тус хуулийн төслийн талаар Соёлын сайд Ч.Номин танилцуулсан юм. Гэвч уг хуулийн төсөл УИХ-ын гишүүдийн шүүмжлэл, эргэлзээг дагуулав.

Жишээлбэл: УИХ-ын гишүүн Ч.Ундрам, хууль санаачлагчийн зүгээс ямар ч зардал гаргахгүй гэсэн атал соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бараа худалдаж авахад нь зориулаад талон олгоно гэдгээ тодруулахад Ч.Номин: " УИХ-ын гишүүн Ч.Ундрам таны асуусан Соёлын ваучерын талаар ярилцья аа. Энэ бол дэлхийд гарч байгаа хамгийн том чиг хандлага, энэ бол ирээдүйд соёл хүртэж сурсан иргэдийг бэлтгэж байгаа заалт орж ирж байгаа. Энэ бол анх Франц, Герман, Европ улсуудаас үүсэн бий болсон. Өнгөрсөн хугацааны судалгаагаар, НҮБ-ын судалгаагаар үзэхэд 2020 оны байдлаар манай өсвөр насныхан бол соёлын болон бусад арга хэмжээнд хамгийн багаар оролцож байна. Хүний хөгжлийн арга хэмжээнүүдэд хамгийн бага оролцож байна гэж үзсэн учраас бид нар үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, ирээдүйд бий болж байгаа иргэддээ соёл хүртэж сурсан, соёлоор дамжиж, өөрийнхөө өв соёлыг нандигнан хайрлах боломжтой хүмүүсийг бий болгох үүднээс өсвөр насныхан буюу 14-16 насныхан аливаа соёлын арга хэмжээнд оролцох боломжтой эрхийн бичгүүдийг бий болгож оруулж ирэхээр уг заалтыг оруулж ирсэн байгаа." хэмээн хариулсан.

 

Тайлбар нь сайхан мэт атлаа энэхүү эрхийн бичиг гэгч бол үнэндээ ач холбогдол багатай, зардал ихтэй шийдэл.

 

Өсвөр насныхан бол үнэндээ соёл, урлагийн арга хэмжээнд бага гэхээсээ их оролцдог насны бүлэг. Гагцхүү үндэсний хэмжээний урлагийн үзвэр, музей, галлерейд харьцангуй бага очдог байж болно. Үүнийг нээлттэй долоо хоног, сурагчдын үнэгүй үзвэр гэх мэт хэлбэрээр шийдчихэж боломжтой. Ч.Номин сайдын "соёлын ваучер нь өөрийнхөө өв соёлыг нандигнан хайрлах боломжтой хүмүүсийг бий болгоно" гэх тайлбар бол бүр инээдтэй.

Үнэхээр л соёлын ваучер өгөөд хүн өв соёлоо нандигнан хайрладаг болчих юм бол эрхэм сайдтан хамгийн эхнийхийг нь аавдаа өгөх хэрэгтэй юм биш үү?

Тэгвэл "Гацуурт" компаний эзэн Лхагваагийн Чинбат хүн ямар ч муу, муухай, ядуу дорой байлаа гэсэн бүгд эрх тэгш гэсэн хүн төрөлхтний нандин өв соёлыг нандигнан, хайрладаг болчих ч юм бил үү?

Ч.Лхагваа

sonin.mn