Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК, Цемент шохой ХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т учирсан хохирлыг өнөөдрийг хүртэл нөхөн төлүүлээгүй, эзэн холбогдогч Д.Эрдэнэбилэг нь хилээр гарсантай холбоотойгоор Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар мэдээлэл өглөө.

ЗГХЭГ-ын даргын зөвлөх Ү.Амарбат: Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой  маргаан 2019 оноос, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Цемент шохойн үйлдвэртэй холбоотой маргааныг 2020 оноос эхлэн шалгаж байна. АТГ 2022 оны 12 дугаар сарын 18-нд тус хэргүүдийг прокурорт шилжүүлсэн. Гэтэл энэ оны хоёрдугаар сарын 9-ний өдөр Д.Эрдэнэбилэгийг Сингапурт эмчлүүлэх шаардлагатай тул хилийн хоригийг нь цуцалж өгөх хүсэлтийг түүний өмгөөлөгч нарыг зүгээс шүүхэд гаргасан.

Гэвч тус хүсэлтийг Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болох бидэнд огт мэдэгдэлгүй, гурван тэрбум төгрөгийн барьцаа авч Сингапур руу 14 хоногийн хугацаагаар явах боломжийг олгосон. Энэ оны хоёрдугаар сарын 9-нд явсан Д.Эрдэнэбилэг өнөөдрийг хүртэл Монгол руу буцаж ирээгүй.

Хэргийн гол яллагдагч байхгүй учир хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Эрдэнэтийн 49 хувь дээр 4 их наядын хохирол, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 2.8 их наядын хохирол, .Цемент шохой хөтөл дээр 300 тэрбумын хохиролтой нийт 7 их наядын хохиролтой хэргийн яллагдагчийг хилээр гаргаад явуулсан. Шүүх ажиллагаа хууль ёсны дагуу явагдаагүй гэж үзэж байгаа учир өнөөдөр бид АТГ-т гурван хүсэлт гаргаж байна. Үүнд

Нэгдүгээрт, энэ хэргийг шийдвэрлэсэн СБД-ийн Эрүүгийн хэргийн шүүгчийг шалгах.

Хоёрдугаарт, энэ хэрэг 21 холбогдогч, хоёр хуулийн этгээдтэй. Бусад 21 хүнтэй холбоотойгоор шүүх таслан сэргийлэх ямар арга хэмжээ авсан мэдээллийг өгөх.

Гуравдугаарт, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК, Цемент шохой ХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т хохирлууд үүсэж байна. Иймээс хохирол тооцож өгөх хүсэлтийг гаргаж байна гэлээ.