Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис өнөөдөр "Хүн театр"-т шашин хоорондын уулзалтад оролцлоо. Уг уулзалтад Монголын Бурхны шашин болон Христ, Ислам, Хиндү, Бөө мөргөл зэрэг 12 шашны төлөөллүүд оролцжээ.

Уулзалтыг нээж  Гандантэгчэнлэн хийдийн тэргүүн, Хамба лам Д.Чойжамц хэлсэн үгэндээ "...Өнгөрсөн жарны улс төрийн нөлөөгөөр бурхны шашин ихэд доройтсон авч 1992 онд батлагдсан ардчилсан үндсэн хуулиар ард олон шашин шүтэх эрхээр хангагдсан бөгөөд өдгөө Монголын бурхан шашны уламжлал ном ёсоор сэргэж байгаа билээ. Үүний хамгийн том илрэл нь Монголын бурхан шашны тэргүүн X Богд Гэгээн Жавзандамба хутагт маань тодрон эдүгээ уламжлалт шашны болон орчин цагийн эрдэм номдоо давхар шамдаж буй гайхамшигтай үйл явдал болж байна..." гэдгийг онцлон хэллээ.  

Уг уулзалтын дараа 16:00 цагаас Степпэ Аренад Гэгээн мөргөлийн үйл ажиллагаа болох юм. Эдгээр шашны арга хэмжээнд төр оролцохгүй бөгөөд зөвхөн Соёлын сайд болон төр, шашны зөвлөх оролцож байгаа юм.