Сүхбаатар аймгийн 3 дугаар сургуулийн 20 сурагчийг зодсон гэх дотуур байрны багшийг шалгаж байгаа
2023/09/27
Сүхбаатар аймгийн 3 дугаар сургуулийн “Боловсрол өргөө” нэгдсэн дотуур байранд амьдардаг 20 эрэгтэй сурагч хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй байна.
Тодруулбал, сурагчдын нурууны ар хэсэгт гадны нөлөө байж болзошгүй улайсан, хөхөрсөн, гөвдрүүтсэн зэрэг шарх илэрснийг сурагчдын суралцдаг Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн эмчийн үзлэгээр илэрсэн байна. Үзлэгийг энэ сарын 21-22-ны өдөр 10 дугаар ангийн 5 бүлгийн 159 сурагчид хийжээ.
Энэ талаар сургуулийн эмч, нийгмийн ажилтан болон анги удирдсан багш нарт мэдэгдсэнээр 3 дугаар сургуулийн захиргаанаас “Боловсрол өргөө” нэгдсэн Дотуур байрны Ёс зүйн зөвлөлд өргөдөл гаргаад байгаа аж. Энэ асуудлаар тус сургуулийн анги удирдсан багш хүүхэд хамгааллын 108 тоот утсанд мэдэгдсэнээр Сүхбаатар аймгийн ГБХЗГ-т кэйс үүсэж, асуудлын мөрөөр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Дээрх хүүхдүүдтэй уулзахад зарим нь айж эмээж, асуудлаа нуусан байдалтай байгаа нь дарамтад өртдөг байж магадгүй хэмээн сургуулийн зүгээс мэдэгдлээ.
Уг асуудал дээр ажиллах Сүхбаатар аймгийн БШУГ, ХГБХЗГ, Ерөнхий боловсролын 3-р сургууль зэрэг байгууллагаас 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг томилж, үүссэн нөхцөл байдлыг тодруулахаар ажиллаж байна хэмээн албаны хүн хэллээ. Харин энэ талаар “Боловсрол өргөө” нэгдсэн Дотуур байрны захирал Д.Бямбажаваас тодруулахад, Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн захиргаа, хүүхдүүдээс уучлалт хүсье. Манай байранд өмнө нь ийм асуудал гарч байгаагүй. Харин асуудлыг илрүүлж, бидэнд мэдэгдсэн 3 дугаар сургуулийн захиргаанд талархал илэрхийлье. Ийм асуудал хэзээнээс эхэлж гарсныг тодруулахаар ажиллаж байгаа гэлээ. Ахлах ангийн зарим хүүхдүүд тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэх явдал ч “Боловсрол өргөө” нэгдсэн дотуур байранд гардгийг ч тэрбээр хэлсэн юм. Дээрх асуудалтай холбогдуулан дотуур байрны захиргаанаас байранд амьдардаг бүх хүүхдээс бичгээр санал хүсэлт авч танилцаж байгаа ажээ. Мөн дээрх 20 хүүхдийн аав, ээжийн төлөөллийг байлцуулж, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхээр болсон гэдгийг хэлсэн юм.
“Боловсрол өргөө” нэгдсэн дотуур байранд энэ хичээлийн жилд 214 хүүхэд байгаагаас 80 гаруй нь эрэгтэй хүүхдүүд байна.
Зочин · 2023/09/27
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan