Нийслэлд янз бүрийн олон улсын дарга сайд нарыг хамарсан уулзалт чуулга байнга зохиогддог болоосой гэх бодол төрөв. Тун удахгүй буюу энэ сарын 26-29-ний өдрөөр Улаанбаатар хотод Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII баг хурал зохион байгуулагдахаар болсон.

Бага хурлын бэлтгэл ажил гээд дээр дооргүй завгүй гүйлдэж, цэвэрлэгчээсээ эхлээд хотын удирдлагууд түргэн авч засаж сайжруулах боломжтой бүхний нүүрийг “угааж” байна.

Энэхүү хурлын ачаар нийслэлийнхэн хогноосоо салж, там болсон зарим нэг зам засварлагдаж, хөшөө, чулуу нь хүртэл өнгө нэмээд, эмтэрч хагарсан хэсэгтээ будаг хүргүүлээд амжив. Хүний гар хөдлөвөл хоёрхон хоногт толь шиг замтай болдгийн жишээг харах сайхан байна, Үүл дарга аа. Манай сонин 12 дугаар нүүрнийхээ арын алга дарам зайд СТӨ-ний арын хэсгийн замыг дурандаж танд хаяглаж байлаа.

Гэтэл өдгөө тус хэсгийн автозам өнгө засаж, өргөн хэмжээтэй болсон сайхан ажил өнгөрөгч амралтын өдрүүдээр хийгдлээ. Хотын төрхийг засаж сайжруулах зөв ажил хийж байгаа хүнийг ил болгон дэмжих, болохгүй бүтэхгүйг нь илчилж ичтэл нь сурвалжлах нь “Нийгмийн толь”-ийн үүрэг.

Сүхбаатар дүүргийн VII хороо, Ерөнхий сайд А.Амарын гудамжинд хүн машингүй багширалдаж нарийхан, нүх, жалга, шороо, чулуу болсон замаар өвөлжин нийслэлийн жолооч нар давхилдаж байгааг манай сонины дуран булан зураг баримттайгаар нь нийтэлж хотын даргын сонорт хүргэсэн нь өдгөө биелэлээ олж өнгө засан дурайх нь сайхан байна. Түг түмэн жолооч нарын өмнөөс БАЯРЛАЛАА гэж хэлье, хотын дарга аа.

Одоо эндхийн ажил төгөлдөрших л хэрэгтэй байна. Тодруулбал, явган хүний тухтай замын асуудлыг анхаарна уу. Машин ч яахав сайхан замтай, өргөн зогсоолтой болчихлоо. Машингүй иргэддээ зориулсан явган хүний замын “царай, төрхийг” засаад өгөөч. Чихэр идэж, ундаа уусан бяцхан үрсэд цаас, лаазаа хаяах хогийн сав хэрэгтэй байгааг ч анзаарна уу. Үнэхээр энд харчихаад буцаагаад өгье гэсэн ч нэг ширхэг хогийн сав алга.

СТӨ-ний арын гоё замаар салхи татуулан давхилдах жолооч нарт хэлэх үг байна. Хувийн соёл болон биенээ хүндэтгэх жолоочийн соёлд суралцвал ямар вэ. Өргөн сайхан зогсоол хийчихээд байхад хүртэл “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж” машинаа талбайгаар нэг тарааж тавьж байгаа дүр зургийг харлаа.

Энэ хотын соёл мөн үү. Хот доторх зам дээр жолоо мушгиж бусдыгаа хүндэтгэж чадахгүй жолооч нарт сайхан зам, өргөн зогсоол ч байгаад хэрэг алга. Жолооч нараа соёлжуулъя.

М.Тунгалаг