Улсын хөгжлийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий Хөгжлийн банкны хөрөнгө бараг тэр чигтээ чанаргүй зээл болж хувирсан. Хөгжлийн банкны хулгай гэж нэрлэгдсэн том хэрэг үүссэн. Хохирол нь 2.3 орчим их наяд төгрөг болсон байдаг. Эрүүгийн хэрэгт нь Монголын шүүх анх удаа 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийг нэг дор шүүлээ. Шүүхийн процесс дуусаагүй байна. Иргэний хэргүүд нь бол тоймгүй. Шүүх шүүхээр тарсан. Одоо ч Хөгжлийн банкныхан хойноос нь хөөцөлдсөөр л байна. Нэг үеэ бодвол Хөгжлийн банкны найдваргүй зээлүүд эргэн ирж, дахин сэргэх магадлалтай болоод байгаа юм. Гэхдээ энэ банк өмнөхөөрөө ажиллах уу, эсвэл тогтолцоог нь өөрчлөх үү гэдэг асуудал бий. Гэвч одоохондоо үүнд анхаарч байгаа “хүн” алга.

 

Тэгвэл Төрийн банкнаас Хөгжлийн банкных шиг ноцтой асуудлууд гарч ирж мэдэхээр болсон байна. Өндөр дүнтэй, олон тооны чанаргүй зээлтэй холбоотой зүйлүүд албан бусаар яригдаад эхэллээ.

 

Төрийн банк нь “Жаст”-ын Ш.Батхүүгийн Хадгаламж банкны суурь дээр 2009 онд байгуулагдаж байв. Энэ банкны хувьцааны 49.26 хувийг Сангийн яам, 45.03 хувийг Хадгаламжийн даатгалын корпорац, 5.71 хувийг олон нийт эзэмшдэг. ТУЗ-ийн дарга нь Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн, гишүүдээр нь ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Ганбат, ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга Д.Цолмон, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир, Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоо, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн дарга Л.Сонор, хараат бус гишүүнээр Гавьяат эдийн засагч М.Батжаргал нар ажилладаг. Гэхдээ ТУЗ нь мэддэг үү, үгүй юу, “...Төрийн” нэртэй болохоор тэр үү, хувийн банкны хэзээ ч хийхгүй “хөдөлгөөн” энэ банк дээр явагддаг байж болзошгүй юм. Урьд нь ч тийм явдал гарч байсан.

 

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Төрийн банкнаас Хятадын хөрөнгө оруулалттай “Шинжаан Шинфа” компанид 20 тэрбум төгрөгийн зээлийг гаргаж өгсөн. Энэ нь том асуудал дагуулсан. Тэгэхээс ч аргагүй. Тухайн үед Төрийн банкнаас таван тэрбум төгрөгөөс дээш зээл олгохгүй байх чиглэлийг Сангийн яамнаас өгчихсөн байсан.

 

Тэгсэн атлаа Сангийн сайд нь 2017 оны зургадугаар сарын 23-нд “...Энэ зээлийг олго” гэсэн үүргийг Төрийн банкны ерөнхий захиралд өгсөн. Ингээд цаашаа “...Эрх мэдэл албан тушаалын байдлаа ашигласан”, “...Хахууль” авсан гэдэг хэрэг дэгдсэн. Гэхдээ үүгээр зөвхөн Төрийн банкны тухайн үеийн удирдлагуудыг хуулийн байгууллагаас буруутгаж шийтгэсэн зүйлчлэл юм. Хамгийн гол нь мөнгө даший шог болж, шүүхтэй, хуультайгаа нийлж хөөцөлдөж байж хэдэн жилийн дараа мөнгөнийхөө барааг олж харсан түүх бий. Иймэрхүү маягийн “зээл”-үүд Төрийн банк дээр байж болзошгүй бололтой юм. Гэтэл энэ банкны Дотоод аудитын газрын захирлаар хэдэн жил ажилласан Х.Мөнхжаргал “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирлаар очоод удалгүй гүйцэтгэх захирлаар томилогдож байх юм. Уг нь аудит гэдэг алдаа онооноос хамгаалж байх учиртай. Тодруулбал, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлдэг. Тэгэхээр Хөгжлийн банкных шиг “хулгай” Төрийн банкнаас илэрвэл Х.Мөнхжаргалын томилгоо хачин л юм болохоор байна.

 

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин