Архангайн Цагаан давааны замд шатахуун тээвэрлэхдээ машин онхолдуулж хүний амь хохирсон осол гаргасан жолоочид долоон жилийн хорих ял оноожээ
2023/11/02
Архангай аймгийн төв Цагаан давааны уруудах хэсэгт 2020 оны долдугаар сарын 15-ны өдөр шатахуун тээвэрлэж явсан том оврын ачааны “Донгфэнг” маркийн тээврийн хэрэгсэл онхолдож, гал гарсны улмаас таван машин, нэг мотоцикл шатаж, гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр, дөрвөн хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, найман хүний амь хохирсон харамсалтай осол гарч байв.
Уг хэргийг хэргийг энэ оны аравдугаар сарын 30-ны өдөр шүүхээр хянан хэлэлцжээ.
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн мэдээлснээр шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 7 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан.
Улмаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөлд хамруулан, 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2, 11.3 дугаар зүйлийн 2, 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар эрүүгийн хэргийг өршөөлд хамруулан хэрэгсэхгүй болгосон байна.
Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын хохирлын зарим хэсгийг тээврийн хэрэгслийн эзэмшигч Т.Э компаниас гаргуулж, хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан Ш компанийг хууль буюу гэрээний дагуу хариуцагч биш гэж дүгнэсэн тул Ш компаниас нэхэмжилсэн хохирол хор уршгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрхийг үлдээжээ.
Санамж:
Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Зочин · 2023/11/02
үхсэн хүмүүсийн хохь л болж үлдэх юм дааямар ч буруугүй хүмүүс үхсэн нь үнэхээр хармасалтай юмаа