Хүүхдийн эрх зөрчсөн 60 иргэнийг 17,600,000 төгрөгөөр торгожээ
2023/11/06
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт /2023.10.30-наас 11 дүгээр сарын 05-ны өдрүүдэд/ 32,852 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 342 хэргийг хүргүүлсэн байна.
Үүнээс:
- Хүний амьд явах эрхийн эсрэг 3,
- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 147,
- Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 12,
- Өмчлөх эрхийн эсрэг 152,
- Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 2,
- Хүрээлэн байгаа орчны эсрэг 5,
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 17,
- бусад 4 хэрэг байна.
Эрэн сурвалжлах ажиллагаа, зарим гэмт хэрэг, зөрчлийн шийдвэрлэлтийн талаар:
Эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 17, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 57, сураггүй алга болсон хүн 62, галт зэвсэг, сум хэрэгсэл 1, шүүхээс даалгасан хүн 99, зөрчил үйлдсэн 19 хүнийг олж тогтоосон байна.
Хүүхдийн эрхийг зөрчсөн 60 иргэнд 17.600.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 189 иргэнийг шүүхээр баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.
Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн зарим хэргийг танилцуулбал:
Экологийн цагдаагийн албанаас Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компани нь тусгай зөвшөөрөлгүйгээр химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан 4 тонн бодис ашиглан 2018 оноос хойш үйл ажиллагаа явуулж, хадгалсан гэх Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийг,
Мөрдөн байцаах албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс иргэн “Н” нь бага насны буюу 5 болон 8 настай, эмэгтэй хүүхдүүдийн хүсэл зоригийн эсрэг бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн гэх Эрүүгийн хуулийн 12.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг,
Иргэн “А” нь нас барсан хүний талаарх бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар 2015 оны 09 дүгээр сараас 2023 оны 09 сар хүртэлх хугацаанд нийгмийн халамжийн үйлчилгээ болох сар бүр олгодог тэтгэмжийг авч байсан гэх Эрүүгийн хуулийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг тус тус шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна.
Түүнчлэн дараах зарим зөрчлийг шийдвэрлэсэн байна. Тухайлбал:
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас иргэн “С болон “Г” нар нь 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тус аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрт иргэн “Г”-г сонгуулийн сурталчилгаа хийлээ гэх шалтгаанаар биед нь халдаж зодсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 100 нэгжтэй тэнцэх 100,000 төгрөгөөр торгох,
Иргэн “А” нь 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хөл бөмбөгийн тоглолтын үеэр эсрэг багийн тоглогчийн биед цохиж халдсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх 100,000 төгрөгөөр торгох,
Энэ оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Офицеруудын ордон”-ын аюулгүйн тойргийн замд нийтийн тээврийн автобус замын хажуугийн хайс, гэрэлтүүлгийн шонг мөргөж зам тээврийн осол гаргасан үйлдэлд жолооч “Б”-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх 100,000 төгрөгөөр торгож, жолоодох эрхийн 5 оноог хасаж, учруулсан 2,380,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж тус тус шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: ЦЕГ
Зочин · 2023/11/06
S XNE80955877