УИХ-ын баталсан 2024 оны төсвийн талаар Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ жилийн төсвийн ерөнхий онцлогийн талаар дараах мэдээллүүдийг өглөө.  

ЗАРДЛЫН ТАЛААР: 

  • Ирэх жил 4.9 их наяд төгрөгөөр нэмэгдэж буй зардлын 70 хувь нь буюу 3.4 их наяд төгрөг нь цалин, тэтгэврийн нэмэгдэл юм. 
  • 20-оод хувь нь ирэх жилээс хэрэгжиж эхлэх Боловсролын хууль, Нийгмийн даатгалын багц хуулиудаар шууд зардал нэмэгдэж байна. 
  • Сонгууль, олимп, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нөхөн олговрууд гэх мэт хэд хэдэн нэг удаагийн зардлууд байна. 
  • 300 тэрбум буюу тав хүрэхгүй хувь нь өмнөх жилийнхээс нэмэгдэж байгаа хөрөнгө оруулалт юм. 

Сангийн сайд Б.Жавхлан "Хүмүүс сонгууль угтсан төсвийн тэлэлт гэж ярьж шүүмжилж байгаа. Задлаад харвал зайлшгүй нэмэгдэх ёстой цалин, тэтгэвэр, тэтгэмж мөн хууль дагасан өсөлтүүд байгаа юм. 

Бид богино хугацаатай 5, 10 тэрбум дотор хийгддэг сургууль, цэцэрлэгээ төсөв дээрээсээ хийгээд сурсан. Эрчим хүч, зам тээвэр гээд томоохон төсөв, өндөр өртөгтэй дэд бүтцийн салбарууд дээр гадаад зээл, тусламжаар санхүүжүүлэхээс өөр аргагүй. Иймд ирэх жил зам тээврийн салбар дээр томоохон сэргэлт болсон хөрөнгө оруулалтын жил байна" гэв. 

"Хойд, урд хил дээр барилгын материалын чанарыг шалгах байгууламжийг барьж, хил дээрээс нь шалгаад чанар хангаагүйг нь шууд буцаадаг болно" 

Үргэлжлүүлэн тэрбээр дараах мэдээллийг өгөв. 

Эрчим хүчний салбарт: Төсөв болон гадаад зээл, тусламжийн санхүүжилт нийлээд 1.1 их наядын хөрөнгө оруулалт хийнэ. 

Зам тээвэрт: 2 их наяд гарсан төсөвт өртөгтэй 1,000 гаруй км замын эхлэл болон үргэлжлэлүүд хийгдэнэ. Мөн Дэлхийн банкны урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр анх удаа 350 тэрбум төгрөгөөр их засвар хийгдэнэ. Нэн түрүүнд "Тамын 50" зэрэг замыг засна. Ховд-Улаангом, Алтай-Улиастайг холбосон босоо хоёр холбоос зам хийгдэнэ. Мөн баруун босоо хоёр төмөр зам ирэх жил төрийн хувийн хэвшлийн түншлэлээр эхэлнэ. 

Барилга: 700-аад тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтууд хийгдэнэ. Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах төсөл үргэлжилнэ. Цэвэрлэх байгууламжийн ажил үргэлжилнэ. Мөн хойд, урд хоёр хил дээр барилгын материалын чанарыг шалгах томоохон байгууламжууд баригдана. Хил дээрээс нь шалгаад чанар хангаагүйг нь шууд буцаадаг болно. 

Эрүүл мэндийн салбарт: Зураг төсөл нь хийгдсэн бүхий л том эмнэлгийн цогцолборуудыг эхлүүлж байгаа. 140 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй эрхтэн шилжүүлэх эмнэлгийн цогцолборыг ирэх жил эхлүүлнэ. Хавдрын болон халдварын эмнэлгийн бэлтгэл ажлыг ирэх жил эхлүүлнэ.