Нийтийн тээврийг 100 хувь хувийн хэвшилд нь өгөх хэрэгтэйг судлаачид хэлдэг. Төрд байснаараа үйлчилгээ, хүртээмж нь дээрдсэн зүйл огт харагдсангүй. Хулгай, луйвар л гаарсан салбар болж гэдгийг нийслэлчүүд бат нот ойлгосон. Мэдээж өнөө маргаашдаа шийдвэр гаргагчид тус салбарыг бүрэн хувьчилчихгүй нь тодорхой. Дээр нь метроны үлгэр яриад арав гаруй жил боллоо. Тиймээс тэр болтлоо нийтийн тээврийн үйлчилгээндээ хувийн хэвшлийг татан оруулъя. Тэр дундаа микро автобусуудад зөвшөөрлийг нь өгөөд үйлчилгээнд гаргуулъя. Нийслэлчүүд микро автобус хөлөглөдөг байсан цаг саяхан.

Тэр үед нийтийн тээврийн салбар өнөөгийнх шиг хэл ам таталдаггүй, хулгай, луйвар ороогүй байсныг санаж буй байх. Гол нь иргэд, зорчигчид гэртээ, ажилдаа очих гэж даардаггүй, хүлээдэггүй, стресстдэггүй байв. Өглөө эрт ажилдаа явах дулаан, тухтай, түргэн шуурхай унаатай. Орой гэртээ автобус зогсчихно гэж айлтгүйгээр ажлаа амжуулчих боломж, нийслэлчүүдэд байлаа. Гэтэл нийтийн тээврийн асуудлаа цогцоор нь шийдэх бодлогоо гаргаагүй байж, хувь хүмүүс буюу микро автобусуудыг энэ салбараас нохой шиг хөөж явуулсан. Хотын соёлыг муухай харагдуулж байна, түргэн шуурхай явж иргэдийг айлгаж байна гэх нэрийдлээр түрий барьж олон жил дарамтад явуулсаны эцэст бүр мөсөн зогсоосон.

Гэтэл өнөөдөр нийтийн тээврийн салбарт хэрэгжсэн цогц бодлого байна уу. Нөгөө соёл нь сайжирсан уу. Тэртээ 1993 онд автобусанд суух гэж “алалцдаг” байсан хандлага өнөөдөр ч яг хэвээрээ. Энэ тэгээд хөгжил мөн үү. Иргэдийнхээ амар тайван, аюулгүй зорчих боломжоос гучин жил хулгай хийж ирсэн нь саяхнаас ил тод боллоо. Хулгай хийх гэж л хувьд хөгждөг салбарыг төрд авдаг “заваан” зуршлаасаа хэзээ салах вэ, эрх баригчид аа. Боломж бүрийг хулгайлах зуршлаасаа жаахан хөндийрөөд юун түрүүнд иргэдийнхээ зорчих эрхийг хангаад өгөөч. Метроны үлгэрээ бодит болготол микро автобусуудаа явуулаад өгөөч. Ингэхдээ тодорхой стандарт, шаардлага тавиад зөвшөөрлийг нь өгчих. “Нугасандаа” зорчигчтой явдаг гэж шүүмжилдэг.

Тэгвэл тэр болгондоо хатуу торгуулийн системтэй болчих. Тэд ч одоо тэгж явахгүй л дээ. Өмнөх шиг тухгүй, утаатай “амбаарууд” ч ховор болсон. Дандаа он залуу микро автобусууд явж эхэлнэ. Өөр ямар алдаа байсан, тэрийг нь засаад, микро автобусуудаа үйлчилгээнд гаргая. Нэгдүгээр эгнээгээр явдагаас нь илүү төлбөр авчих. Өнөөгийн төр авах, хураах асуудлаа харин ч нэг хүнээр хэлүүлэлтгүй болсон доо. Дарамталж хураадаг татвараа ч авах нь тодорхой биз. Гэхдээ цаана нь ашигтай байх бага ч гэсэн зайг нь үлдээчихээрэй.

“Үнэхээр хэлэх үггүй болтол улс орныг удирдаж байна шүү…” гэж ярих иргэд олон. Болж байгаа салбар болгоныг төрд авч “бодийг нь хөтлөх”- дөө гаршиж ч гэж байна. Тиймээс хүлээгээд ирдэггүй, ирлээ ч багтдаггүй нийтийн тээвэртээ гоё, сайхан амлалт, мөрөөдлөө хэрэгжүүлтэл, хулгайчдынхаа учрыг олтол микро автобусаа явуулж байя, эрх баригчид аа.

 

Э.МӨНХТҮВШИН

ӨДРИЙН СОНИН