Цахим мөрийтэй тоглоомын нөхцөл байдлын талаар Эрүүгийн Цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Тайван мэдээлэл өгөв. 

Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулбал 1-3 хүртэлх жилийн хорих ялтай. Цахим мөрийтэй тоглоомын газар байгуулсан, зохион байгуулсан байвал тав хүртэлх жилийн хорих ялтай.

Иргэн та цахим мөрийтэй тоглоом тоглосон бол Зөрчлийн тухай хуулиар 100,000 төгрөгөөр торгуулж, цахим мөрийтэй тоглоомоос олсон орлого, түүнийг олсон хэрэгслээ мөн хураалгана гэдгийг тэрбээр нэмж хэлсэн юм. 

Тэрбээр "Монголбанк, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо (ХХЗХ) болон үүрэн холбооны оператор компаниуд, арилжааны банкуудын төлөөлөл, прокурор, мөрдөгчийн бүрэлдэхүүнтэй төр, хувийн хэвшилд тулгуурласан ажлын хэсэг байгуулагдсан байдаг. 

Тус ажлын хэсэг цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгт цохилт өгөх зорилгоор нэлээд ажил, арга хэмжээг зохион байгуулсан. Уг арга хэмжээний хүрээнд нийт 3,508 домайн хаягийг Монгол Улс руу хандах эрхийг нь хязгаарлуулсан.

Мөн 2,715 дансыг царцаасан бөгөөд эдгээр дансанд төвлөрсөн байсан 4.6 тэрбум төгрөгийг царцаалаа. 

Цахим орчинд мөрийтэй тоглоом тоглохыг уриалсан, мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан 102 фэйсбүүк групп, домайн хаяг, фэйсбүүк хуудсуудыг устгуулах хүсэлтийг ХХЗХ-нд хүргүүллээ. 

Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, эрүүгийн цагдаагийн албатай хамтраад долоо хоног бүр цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж буй этгээдэд цохилт өгөх зорилгоор шалгалтын ажиллагаа явуулж байгаа.

Долоо хоногт 1-2 гэмт бүлгийг эрүүгийн хариуцлагаар татаж тодорхой баримтжуулах ажлыг хийж байна. Тухайлбал аравдугаар сар, арваннэгдүгээр сард мөрийтэй тоглоом зохион байгуулсан долоон бүлгийн 29 этгээдийг дайчлан баривчилсан.

Эдгээр этгээд нь хууль бусаар олсон орлогоор их хэмжээний эд хөрөнгө худалдан авч, цагдаагийн байгууллагын алба хаагчид нөлөөлөхийг оролдсон байна.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч этгээдүүд нь их хэмжээний мөнгөтэй, хууль бусаар олсон их хэмжээний орлоготой. Үүгээрээ хууль бус орлогоо хэрхэн яаж урт хугацаанд үр дүнтэй зохион байгуулах аргаа л өдөр бүр сэдэж, бид бүхний эсрэг ажиллаж байна" гэв. 

Үргэлжлүүлэн "Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газар, ЦЕГ-аас санаачлан кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийг өргөтгөж, кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар болгосон.

Энэхүү газрын бүтэц, бүрэлдэхүүнд кибер гэмт хэрэгтэй тэмцэх төвийг байгуулсан. Тус төв нь 24 цаг цахим мөрийтэй тоглоом тоглох иргэдийн гомдол мэдээлэл, энэ төрлийн тоглоом тоглуулж байгаа данс, домайн хаягийн мэдээллийг авч, таслан зогсоох арга хэмжээг авч байгаа.

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв байгуулагдаад 13 хонож байна. Та бүхэн 102 дугаарын утсанд залгах эсхүл Цахим гэмт хэрэгтэй тэмцэх төв гэх хуудсаар мэдээлэл өгснөөр бидэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжтой. 

Цахим мөрийтэй тоглоомтой тэмцэх чиглэлээр хуулийн боломжит бүх л арга хэрэгслийг ашиглан гэмт этгээдүүдэд цохилт өгөхөөр тасралтгүй ажиллаж байгаа. Дан ганц цагдаагийн байгууллага бус банк санхүү, ХХЗХ, интернэт үйлчилгээ үзүүлэгч, үүрэн холбоо зэрэг бүх байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлаж явдаг. Хамтын ажиллагааны хамгийн том дэмжлэг үзүүлэх хэсэг нь ард иргэд юм.

Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэрэг буурахгүй байгаа нэг шалтгаан нь хэрэглэгчидтэй холбоотой. Цахим мөрийтэй тоглоом тоглогч хэрэглэгчдийн тоо Монгол Улсад тасралтгүй өсөж байна. Нөгөө талдаа мөнгөө алдаж байгаа иргэд тасралтгүй нэмэгдэж байна" гэлээ. 

Мөн "Цахим мөрийтэй тоглоом тоглоод та нэг ч төгрөг олохгүй, хожихгүй гэдгээ хатуу ухамсарламаар байна. Цахим мөрийтэй тоглоом тоглуулагч админ нь бүх хүмүүсийн модыг цаана нь харж байгаа. Модыг нь нэг бүрчлэн харж байгаад цааш тоглох боломжтой хүмүүсийг өөрсдөдөө аль болох татаж тоглоомд оруулахыг чармайж байна.

Тэдэнд хэрэглэгч байгаа цагт энэ гэмт хэрэг буурахгүй. Та хэрэглэгч болсон цагт хэзээ ч нэг төгрөг ч хожихгүй шүү гэдгийг анхаарах хэрэгтэй.

Хиймэл оюун ухаанд тулгуурласан эсвэл ард нь суусан гэмт этгээдүүд таны мөнгийг залилан авч байгаа гэмт хэрэг. Тухайн залилж авсан мөнгөөр бусад төрлийн гэмт хэргийг үйлдэх гол шалтгаан нөхцөл болж байгааг иргэд анхаармаар байна.

Та тоглогч байлаа гэхэд таны тоглоомд тэр этгээдүүдэд дүн шинжилгээ хийж байна. Хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа учраас хэзээ ч та өөрийн мөнгөө буцааж авч чадахгүй. Нөгөө талаас таныг хэдэн цагт, ямар мөнгөн дүнгээр тоглож байгаад тогтмол дүн шинжилгээ хийж байна.

Цаашлаад байр, машинаа барьцаанд тавиулах хүртэл таны шуналыг төрүүлж байгаа. Ингээд таныг томоохон хэмжээний хохиролд оруулаад тухайн цахим мөрийтэй тоглоом алга болох жишээтэй.

Энэ бол Монгол Улсын иргэдийн санхүүгийн аюулгүй байдалд нөлөөлж байгаа ноцтой гэмт хэрэг" хэмээн анхаарууллаа.