Лхаарамба Д.Жавзандорж ламыг Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, ХХХ хамба номун ханы сэнтийд залах ёслол өвлийн тэргүүн сарын шинийн таван буюу энэ сарын 18-нд Батцагаан дуганд боллоо. Энэ ёслолын үеэр Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж хуран цугласан олонд хандаж дараах айлдварыг айлдсан юм.


“Авралт багш гурван эрдэнэ дор гурван үүднээс бишрэнгүйгээр мөргөе. Болгоон соёрх. Өнөөдрийн ёслолд морилон саатсан Монгол Улсын Их хурлын дарга, эрхэм Гомбожавын Занданшатар, эрхэм УИХ-ын гишүүд болон Засгийн газрын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, Бурханы шашны Хутагт, Хувилгаад, Гэвш, Лхаарамба, Гавж, хийдүүдийн Хамба, Ловон, лам хуврагууд, гадаад орны Элчин сайдууд, хүндэт зочид төлөөлөгч, сүсэгтэн олон та бүхэндээ XVII жарны Үзэсгэлэн болгогч хэмээх Усан туулай жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан хэмээх эрхэм хүндтэй, нэн хариуцлагатай шашин номын албан тушаалд сонгогдон томилогдлоо. Эрхэм хүндтэй та бүхэнтэй хамтран уламжлалт Бурханы шашин, соёлоо түгээн дэлгэрүүлэх их үйлсийн төлөө хичээн зүтгэхээ илэрхийлж байна. Энэхүү албанд итгэл хүлээлгэж, нэр дэвшүүлсэн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, XXIX Хамба номун хан, Хансүр, Гавж Дэмбэрэлийн Чойжамц танд эрүүл энх, урт удаан нас, буян номын үйлс тань арвидан дэлгэрэхийн ерөөлийг айлтгая.

Их Монгол орноо Бурханы шашин, соёл хэдэнтээ дэлгэрч, Монголын ард түмний ахуй амьдрал, өв соёл, үнэт зүйлсийн салшгүй чухал хэсэг болон уламжлагдан ирсэн билээ. Бурханы шашин, соёлоо Бурхан багш бээр “Миний шашин умардаас умардад дэлгэрнэ” хэмээн бошголон зарлигласны дагуу Бурханы шашин Энэтхэгээс Төвөд, Төвөдөөс Монголд дэлгэрэхэд алжаал зүдрэлийг умартан хичээн зохиосон Монголын Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар тэргүүтэй ихэс дээдэс, эрдэмтэн мэргэд бүхэнд чин сэтгэлээсээ талархан залбирму.

Өнөө цагийн Монголын Бурханы шашны тэргүүн, Дээрхийн гэгээн, Оройн дээд Очирдарь, Х Богд Жавзандамба хутагт Данзанжамбалчойживанчиг дээдэс, Хутагт, Хувилгаад, Хамба, Ловон, Гэвш, Гавж тэргүүтэй лам хуврагуудын Бурханы шашны төлөө зохиож буй үйлс бүхэнд даган баясъя.

Бурхан багш бээр дөрвөн үнэний сургаалыг айлдахдаа бидний хүсдэггүй зовлон бидний өөрсдийн муу сэтгэлээс гардаг. Ийм учраас зовлон хүсдэггүй хэн бээр зовлонг бий болгодог муу сэтгэлийг юуны түрүүнд таньж бариад түүнийг арилгахын тухайд арга нь болсон хоосон чанар, шүтэн барилдлага эдгээрийг танин мэдсэн билиг ухаан, бусдыг энэрэн нигүүлссэн сэтгэл, бусдын төлөө өөрөө эхлээд сайн болох ёстой шүү, өөрөө сайжрах хэрэгтэй гэсэн бодь сэтгэлийг хэрэгжүүлэхээр суралцах хэрэгтэй хэмээн айлдсан. Тиймээс Бурхан багшийн сургаалын охь шим болсон хүмүүний ёс суртахуун, энэрэн нигүүлсэх сэтгэл, шүтэн барилдлагын ухааныг хувь хүний амьдрал, нийгмийн харилцаанд хэрэгжүүлэх нь хүн төрөлхтний өмнө тулгарч буй олон асуудал бэрхшээлийг даван туулах хамгийн үр дүнтэй арга зам мөн гэдэгт итгэлтэй байдаг. Өнөөг хүртэл уламжлагдан ирсэн сүм хийдийн боловсролыг орчин үеийн боловсролтой уялдуулах, сүм хийд шинжлэх ухааны байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх хүмүүнлэгийн олон талт ажиллагааг шинэ шатанд гаргах, Бурханы сургаал номлолыг эх хэлээр унших, судлах боломжийг үе шаттайгаар нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг та бүхний оролцоо, дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа айлтгая. Та бүгдэд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөгөөд Бурханы шашин дэлгэрэхийн ерөөлийг айлтгая. Болгоогч багшийн өлмий батжин, билгүүнт хуврагууд номоор цэнгэж, бүхнийг гэгээрүүлж, зовлонгоос хагацуулагч Бурханы шашин дэлгэрэх болтугай. Баярлалаа, та бүхэнд” гэж айлдлаа.

Үүний дараа тэрбээр XXIX Хамба номун хан Д.Чойжамц гавжид хүндэтгэл үзүүлж “Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн XXIX Хамба номун хан, Хансүр, Гавж Дэмбэрэлийн Чойжамц танд өдийг хүртэл, энэ олон жилийн хугацаанд үе үеийн Захиргаа, лам хуврагуудаа манлайлж, Бурханы шашныг дэлгэрүүлэх их үйлс, сайн сайхан бүгдийн төлөө хичээсэн энэ бүгдэд хувийн зүгээс болон лам хуврагуудаа төлөөлөн чин сэтгэлээсээ даган баясаж, талархал дэвшүүлье. Ирэх жил, Цагаан сар гарсны дараа таны таалсан өдөр Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс танд өлмий бат, мэлмий тунгалаг байж, сүсэгтэн олон, залуу лам хуврагууддаа сургаал номлолоо урт хугацаанд айлдан Бурханы шашныг дэлгэрүүлэхэд урьдын зохиосон адилаар зохиол үйлсээ зохиож хайрлана уу хэмээн бат оршил, даншүг өргөе гэж би айлтгаж байгаа юм. Үүнийг та хүлээн авна уу. Ингээд танд эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээн ерөөл айлтгав.

Д.ГАНСАРУУЛ