“Хүний дархлал хомсдолын вирусийн халдвар, дархлалын олдмол хомсдол (ХДХВ/ДОХ)-ын асуудалд анхаарал хандуулах өдөр” өнөөдөр тохиож байна.

Энэ жил тус өдрийг дэлхий нийтээрээ “Олон нийтийн манлайллыг дэмжье” уриан дор зохион байгуулж буй. 

Монгол Улсад ХДХВ-ийн халдварын анхны тохиолдол 31 жилийн өмнө 1992 онд бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар нийт 367 хүн ХДХВ-ийн халдвартай нь оношлогдож, үүнээс 63 хүн нас барсны 35 нь ДОХ-ын шалтгаантай байна.

График: ХДХВ-ийн халдварын тохиолдлын тоо, шинэ тохиолдлын тоо өссөн дүнгээр

зураг

 

Жил бүр НҮБ-ын ДОХ-ын Нэгдсэн Хөтөлбөрөөс гаргадаг аргачлалын дагуу ХДХВ-ийн халдварын тархалтын тооцооллыг хийхэд 645 хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч байх магадлалтай гэж гарчээ.

ХДХВ-ийн халдвартай гэж бүртгэгдсэн тохиолдлын тоогоор манай улс нийт хүн амын дунд бага тархалттай, харин эрсдэлт бүлгийн хүн амын дунд буюу ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай залуусын дунд төвлөрсөн тархалттай орны тоонд багтдаг.

Түүнчлэн энэхүү өдрийг Монгол Улс 1988 оноос хойш тэмдэглэж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд орон нутагт төвтэйгөөр улсын хэмжээнд зохион байгуулж буй. Өнгөрсөн жил уг өвчинтэй тэмцэх сэргийлэх үйл ажиллагааг Дархан-Уул аймагт хийсэн бол энэ жил Дорнод аймагт зохион байгуулж байгааг ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт судалгааны албанаас мэдээллээ.

НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс 2030 он гэхэд дэлхий нийтээр 95-95-95 хүргэхээр дэвшүүлсэн зорилтын биелэлт Монгол Улсад 47-90-96 хувьтай байна.

Тодруулбал 2023 онд Монгол Улсад 645 хүн ХДХВ-ийн халдвартай байх боломжтой ба үүний 47 (2023 оны арваннэгдүгээр сарын 23-ны байдлаар ХДХВ-ийн халдвартай 304 хүн амьдарч байна) хувийг л илрүүлээд байна. ХДХВ/ДОХ-ын тусламж үйлчилгээ авч байгаа хүмүүсийн 90% нь ретровирусийн эсрэг эмчилгээ (РВЭЭ)-нд хамрагдаж, тэдний 96%-д ХДХВ-ийн ачаалал дарангуйлагдсан эмчилгээний эерэг үр дүнтэй байна.

(ХДХВ-ийн халдварын тооцооллын дэлгэрэнгүйг доорх графикаас харах боломжтой)

зураг

 

ХДХВ-ийн халдвартай байх магадлалтай хүмүүсийн ердөө 47 хувийг л илрүүлээд байгаа тул орон нутгийн засаг захиргаа, салбар хоорондын хамтын ажиллагаа, хувь хүний хариуцлагыг сайжруулах, үйлчилгээ үзүүлэгчийн санаачилгаар эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг эрчимжүүлэх замаар ХДХВ-ийн халдвартай амьдарч буй хүний илрүүлэлтийг нэмэгдүүлэн дэлхийн зорилт 95 хувьд хүргэх шаардлагатай байгааг ХӨСҮТ-өөс хэллээ.

Түүнчлэн манай улсын хувьд ХДХВ/ДОХ-ын эмчилгээ, оношилгоо, тусламж үйлчилгээг олон улсын жишиг, стандартад нийцүүлэн үзүүлж байна. 2013 оноос ДЭМБ-аас зөвлөмж болгосон ретровирусийн эсрэг өндөр идэвхт эмийн хослол бүхий эмчилгээг ХДХВ-ийн халдварын эмчилгээ, өртөлтийн өмнөх болон дараах сэргийлэлт, мөн эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээнд хэрэглэж байгаа аж. Эдгээр зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэн жил бүр 500-800 сая төгрөгийг зарцуулдаг билээ. 

2023 оны эхний арван сарын байдлаар улсын хэмжээнд зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдварын 8,638 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 24.7 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 237 тохиолдлоор буурсан үзүүлэлт.

Нийт өвчлөлийн

  • 40.6%-ийг тэмбүү,
  • 35.4%-ийг заг хүйтэн,
  • 23.8%-ийг трихомониаз,
  • 0.2%-ийг ХДХВ/ДОХ-ын халдвар тус тус эзэлжээ. 

Дэлхийд: 

НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс 2022 оны жилийн эцсийн байдлаар дэлхий дахинаа 1.3 сая хүн шинээр ХДХВ-ийн халдвар авч, 630 мянган хүн ДОХ-ын улмаас нас барсан. 2022 онд хийгдсэн тооцооллоор дэлхий дахинаа нийт 39 сая хүн халдвартай амьдарч байх магадлалтайгаас 86% нь өөрийнхөө оношийг мэддэг бөгөөд тэдний 76% нь эмчилгээ, тусламж үйлчилгээнд хамрагдаад байгааг хэлэв.

БЗДХ ба шинж тэмдэг:

ХӨСҮТ-ийн БЗДХ, ХДХВ/ДОХ тандалт, судалгааны албаны их эмч Г.Отгонжаргалын өгсөн бэлгийн замаар дамжих халдварын шинж тэмдгийн талаарх мэдээллийг хүргэж байна.

  • Бэлгийн замын халдварт өвчин нь дархлаа тогтдоггүй өвчин учир хэдэн ч удаа халдвар авах эрсдэлтэй.
  • Халдвартай хүнтэй хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсноос 5-15 хоногийн дараа шинж тэмдэг илэрдэг.
  • Эрэгтэйд ихэнхдээ шинж тэмдэггүй явагддаг. Зарим тохиолдолд бэлэг эрхтэн хорсох, ялгадас гарах болон бэлгийн харьцааны дараа эмзэглэх зэрэг шинж тэмдэг илэрч болно.
  • Эмэгтэйчүүдэд шаргал ногоон өнгийн эвгүй үнэртэй ялгадас гарах, их ялгадас гарснаас болж цавь болон бэлэг эрхтний уруул шархлах зовуурьтай тохиолдол илэрдэг.
  • Эмчлэгдэх хугацаа нь 7-10 хоног бөгөөд эмчилгээ хийж дууссанаас хойш 14 хоногийн дараа шинжилгээ өгч бүрэн эмчлэгдсэн эсэхийг мэднэ.
  • Бүрэн эмчлэгддэг өвчин

Нэмж мэдээлэхэд БЗДХ, ХДХВ/ДОХ-той холбоотой бүхий л асуултад хариулт өгөхөөр 72779090 Call pro үйлчилгээний утас ажиллаж байна.