Ханбогд сумын Засаг дарга та 1 га газрыг ₮1 тэрбумаар үнэлж зарсан гэсэн нотлох баримт байна"
2023/12/05
Нүүрсний нээлттэй сонсгол өнөөдөр Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ үеэр дуудлага худалдаа явагдахгүйгээр Үндсэн хууль болон Газрын хуулийг зөрчиж гадаадын иргэн, аж ахуйн нэгжид газар олгосон асуудлын талаар нотлох баримтыг танилцуулж, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авлаа.
Шинжээч ийм зөрчилтэй 40 аж ахуйн нэгжийг танилцуулсан юм.
Сонсголын даргалагч Б.Энхбаяр Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийтээс дараах асуултуудыг асуув.
Б.Энхбаяр: Шинжээчийн дүгнэлтэд гарч байгаа захирамжууд таны гарын үсэгтэй захирамжууд мөн байна уу?
- Бүгд мөн.
- Гадаадын иргэнд газрыг эзэмшүүлдэг юм уу, ашиглуулдаг юм уу? Үүнийг мэдэх үү?
- Би гурван жил Засаг дарга хийж байгаа. Би нэг ч гадаад компанид газар олгоогүй. Үе үеийн Засаг дарга нар ч олгоогүй гэж ойлгож байгаа. Дандаа хятадууд газар аваад байгаа учраас монгол, орон нутгийн хүнд газар олгох бодлого чиглэлийн хүрээнд дуудлага худалдаанаас зайлсхийж олгож ирсэн гэж ойлгодог. Би энэ зарчмынх нь дагуу л олгосон.
Сүүлд шилжсэн тохиолдлууд бас байна. Бид гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид ганц ч газар олгохгүй байгаа. Ашиглалтаар ч олгоогүй. Цаанаа ямар хувь хувьцаа эзэмшигчтэй байдаг нь газрын мэдээлэл дээр харагддаггүй учраас мэдээллийн зөрүүтэй юм байна.
- Гадаадын иргэдэд газрыг ямар хугацаагаар ашиглуулдаг, эзэмшүүлдэг юм бэ?
- Ашиглалт таван жилийн хугацаагаар. Газар эзэмшүүлэх бол хориотой.
- Таны захирамжууд чинь бүгд Өмнөговь аймшгийн газрыг гадаадын иргэдэд эзэмшүүлэхээр гарсан байна шүү дээ.
- Энэ бол хянан шинжээчдийн зөрүүтэй мэдээлэл байна гэж харж байна.
- Шинжээчийн танилцуулсан тендерийн үнэлгээнээс харахад таны захирамжаар олгосон газрууд 1 га газрыг 1 тэрбум төгрөгөөр үнэлж зардаг гэсэн ханштайг харуулсан нотлох баримт байна. Та энэ олон газруудыг зарж байхдаа мөнгө авч байсан уу?
- Надад мөнгө авсан асуудал байхгүй.
- Та улс төрийн томилгоотой хүн мөн үү?
- Тийм.
- Аль намаас томилогдсон бэ?
- Монгол Ардын Намаас.
- Хэн томилсон?
- Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж.
- Монгол Ардын Намаас хэн гэдэг хүнтэй холбогдож энэ албан тушаалд очсон бэ?
- Сумын Засаг даргыг сумын иргэдийн төлөөлөгчид олонхоороо шийдвэрээ гаргаж аймгийн Засаг дарга баталгаажуулдаг.
- Та газар зарсан мөнгөө Монгол Ардын Намын хэн гэдэг албан тушаалтанд өгдөг байсан бэ?
- Надад газар зарсан тохиолдол байхгүй. Би 2020 оны арванхоёрдугаар сард энэ албан тушаалыг авсан. Тэр үед нүүрс тээврийн 300 гаруй компани цүнхэнд явж байсан. Бүгдийг нь кемпэлж зохион байгуулалтад оруулж байсан учраас газрын хэрэгцээ шаардлага миний үед ихээр үүссэн. Санал хүсэлт маш ихээр орж ирсэн. Хурлаар баталж өгсөн төлөвлөгөөний дагуу л шийдсэн. Өгсөн болгоныг шийдэх боломж байгаагүй.
Монгол иргэн газар авсан хойноо гадаадын иргэнд эрхээ шилжүүлчихдэг тохиолдол байна гэдгийг Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт онцолж байв.
Зочин · 2023/12/05
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/12/05
S XUSNEER80955877AXAD