Х.Цогтбилгүүндарь: В.Зеленский ерөнхийлөгч “Монгол Улс өөрсдийн гэсэн мэдээллийн орон зайтай болох хэрэгтэй” гэсэн нь санаанд үлджээ
2023/12/13
Unnu.news медиа компанийн продюсер Х.Цогтбилгүүндарьтай ярилцлаа. Тэрээр Япон, БНСУ, Сингапур зэрэг олон орны сэтгүүлчидтэй Украины ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзалт ярилцлага хийгээд эх орондоо ирээд байгаа юм.
-Дэлхий нийт энх тайвныг эрхэмлэж байгаа 21 дүгээр зуунд хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг өдөөсөн явдал Украин-Оросын дайн байлаа. Манай сонин энэ дайныг анхнаас нь эсэргүүцэж, нийтлэлийн бодлогоо барьж ирсэн. Харин өөрөө тэрхалуун цэг дээр очсон анхны монгол сэтгүүлч байлаа. Тэр утгаараа хэвлэлийнхэн бидний хувьд сонин содон зочин юм. Дайны талбарыг зорих болсон шалтгаан, түүнийг бий болгосон боломжийн талаар сонирхуулаач?
-Манай Unnu.news бол 18-35 насны шинэ үеийн залууст зориулсан дижитал суурьтай тайлбарт хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм. Өнгөрсөн жилийн долдугаар сараас нэг найзтайгаа хамтарч үүсгэн байгуулсан. Би өөрөө АНУ-д олон улсын харилцаа, хөгжлийн аргазүй гэсэн төрийн бодлогын чиглэлээр бакалавр, магистраа хамгаалсан. Тиймээс 2022 оны хоёрдугаар сард ОХУ Украин руу довтолсон үйл явдал, шалтгааныг тайлбарласан бичлэг хийж сошиал сүлжээнд тавьсан. Мөн 2022 оны есдүгээр сард ОХУ-д нэлээн том цэрэг татлага явагдаж, маш олон оросууд, Оросын бага ястнууд болох буриад, халимагууд Монголд орж ирсэн. Үүнээс улбаалж, яагаад ийм нөхцөл байдал үүсэв, ОХУ-ын бага ястан үндэсний цөөнх нь яагаад энэ дайнд илүү олноор үрэгдэж байна вэ гэдгийг харуулсан видео контент бэлтгэсэн юм. Украиныг зорьсон нэг том шалтгаан маань ч энэ юм.
Украин бол ЗХУ-ын нэг хэсэг байсан. 1991 онд Украин тусгаар тогтнож, манай улс 1992 онд ардчилсан улс болж тогтолцоогоо өөрчилсөн. Нэг ёсондоо түүх нь адилхан. Хоёулаа монгол хүн гэж хэн бэ, Монголын түүх юу вэ, украин хүн гэж хэн бэ, Украины түүх юу вэ гэж аль, аль нь өөрсдийгөө дахиж таньж мэдэх аялалд 30 гаруй жил гарчихсан. Ийм хоёр сэдвээр илүү сонирхож байлаа.
-Ажил хэрэг болгоно гэдэг тийм ч амар байгаагүй болов уу?
-Украины Нийтийн эрх ашгийн сэтгүүлзүйн лаборатори гэдэг байгууллага байдаг.
Украин хоёр сэтгүүлч Украины сэтгүүлзүйг дараагийн шатанд гаргахад юу хийх талаар ажилладаг байсан. Ингээд дайн эхлэхэд дайны гэмт хэргийг эрэн сурвалжлах чиглэлээр мэргэших чиглэлээр төсөл хэрэгжүүлж эхэлсэн юм билээ. Энэ хүрээнд тивүүдийг холбох буюу дайны нөхцөл байдлыг дэлхийн улс орнуудад харуулах, ойлгуулах төслийг эхлүүлсэн байсан. Үүнийг нь ерөнхийлөгч В.Зеленский нь дэмжсэн. Ингээд биднээс өмнө Африк, Латин Америкийн сэтгүүлчид очсон байсан. Хамгийн сүүлд Азийн долоон орны сэтгүүлчид очиж байгаа нь тэр. Япон, БНСУ, Сингапур улс бол хөгжлөөрөө Азийн том улсуудын нэг шүү дээ. Эдгээр улсууд дайн эхэлснээс хойш ОХУ-д янз бүрийн эдийн засгийн хориг арга хэмжээ тавьж ирсэн учраас Украины талаас зүй ёсоор уригдсан байдаг. Харин Зүүн өмнөд Азийн Индонез, Тайланд, Камбож улсын сэтгүүлчид өөр шалтгаанаар уригдсан байлаа. Индонез гэхэд дэлхийн хамгийн олон муслим шашинтай иргэдтэй улс. Гэтэл дайн эхэлснээс хойш сүүлийн нэг жил гэхэд ОХУ-ын тал муслим хүмүүст “Бид мулсимчуудыг хамгаалагч” гэж сурталчилж ирсэн. Бодит нөхцөл байдал дээр өөр байгаа учраас хамгийн олон муслим иргэдтэй улсад түүнийг нь ойлгуулъя гэж Индонезын сэтгүүлчдийг урьсан. Тайландад олон тооны ОХУ-ын жуулчид очдог. Меню нь англи, орос, тайланд хэл дээр байдаг. Тиймээс оросуудын хамгийн их очдог оронд ОХУ-ыг ойлгуулах зорилгоор урьсан байсан. Камбож бол маш том геноцидын түүхтэй гэгддэг. ОХУ-ын Украинд хийж байгаа дайныг украинчуудын талаас геноцид буюу үндэстэнг устгах оролдлого гэж үзэж байгаа учраас түүхээрээ холбогдсон хэмээн урьсан.
-Тэгвэл Монголыг?
-Энэ маш сонирхолтой асуулт байсан гэсэн. Монголчуудыг урьсан хамгийн том шалтгаан нь Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж дайн эхэлж байх үед Украиныг дэмжиж сошиал сүлжээнд мэдэгдэл хийснийг та бид мэднэ. Түүнийг анх Украины ард түмэн сонсоод шоконд орсон гэсэн. Учир нь Азиудыг тэр дундаа монголчуудыг татарууд, зэрлэгүүд, харанхуй бүдүүлэг гэж боддог байсан. Барууны Өрнөдийн орнуудад байдаг түгээмэл ойлголт энэ л дээ. Ийм нэршилтэй, Хятад Орос хоёрын хооронд байдаг жижиг улс орны Ерөнхийлөгч нь Украиныг дэмжиж мэдэгдэл хийсэн нь онцгой явдал болсон. Хэдийгээр Монгол Улсын албан ёсны байр суурь бол төвийг сахисан, энх тайвныг эрхэмлэж байгаа ч гэсэн өмнөх Ерөнхийлөгч, иргэний нийгэм нь энх тайвны төлөө зоригтой дуугарч байгаа гэдэг утгаар Монгол Улсыг урьсан гэсэн. Өөрөөр хэлбэл, манай байгууллага уригдсанаас илүү Монгол Улс яагаад тэнд уригдсан бэ гэдэг нь тийм учир шалтгаантай юм билээ.
-За ингээд Украиныг зорьсон. Та бүхний хөтөлбөр ямар байв?
-Тивүүдийг холбох хөтөлбөр Украинд есөн хоног үргэлжилсэн. Долоо хоногийн хугацаанд 50 гаруй ярилцлага хийсэн. Амьдралдаа хамгийн богино хугацаанд асар их ярилцлага хийсэн байх аа /инээв/. Сүүлдээ их ядарсан. Украинчууд дайны нөхцөл байдалд байгаа учраас амралтын өдөр гэж байхгүй. Цаг наргүй, хоол ундгүй ажиллаж байсан. Түүнийгээ өөрсдөө ч анзаарахаа больчихсон. Тиймээс бид ч түүнд нь чирэгдээд явсан. Гомдоллох ч боломжгүй. Асар их мэдээллээр бөмбөгдүүлсэн. Яахав, хүмүүсийн дунд барууны санхүүжилттэй явсан гэх мэтээр хардалт үүссэн байж магадгүй. Бид Украины ерөнхийлөгч, тэргүүн хатагтайтай уулзахаас гадна Эдийн засгийн яам, Дэд бүтцийн яам, Цахим шилжилтийн яам, ерөнхий прокурор, парламентынх нь гишүүд, сөрөг хүчин зэрэг өөр өөр ажлын албадуудтай уулзсан. Түүнээс гадна иргэний нийгмийн төлөөллүүд, хөндлөнгөөс ажиглагчид, активист буюу тэмцэгчид, мөн цэргүүдтэй ч уулзсан. Эд эрхтнээ алдсан, дайнд хохирсон хүмүүстэй ч тэр. Маш олон бүлгийн хүмүүстэй уулзсан учраас маш сайн, олон талт мэдээллээр хангагдаж чадсан гэж бодож байгаа.
-Долоон орны сэтгүүлчид тал бүрээс уулзсан байх нь. Тэд бүгд өөр өөрийн өнцөг, сэдвийг өвөртөлж очсон байх. Тэд голчлон ямар асуудлыг хөндөж байв даа?
-Надаас гадна зургаан орны сэтгүүлчид байсан болохоор бүгд өөр өөрсдийн гэсэн зорилготой, амбицтай байсан. Жишээ нь, БНСУ-ын сэтгүүлчийн асуусан гол асуулт бол Хойд Солонгосоос ОХУ зэр зэвсэг авсан нь Украинд нөхцөл байдлыг хэр хүндрүүлж байна вэ. Умард Солонгосын цэргүүд ОХУ-д байлдаж байгаа гэсэн мэдээлэл байгаа, үнэн үү гэх жишээтэй. Японы талаас Украинд маш их мөнгөн тусламж үзүүлж байгаа учраас дайн хэзээ дуусах вэ, Украин энэ дайнд ялах уу, танай ард түмэн удаан тэмцэж чадах уу гэх мэтийг сонирхож, буцаад ард түмэндээ мэдээлэл өгөхийг хүсч байсан.
Сингапураас гэхэд Азийн бүс нутагт Хятадын нөлөөг судалдаг сэтгүүлч ирсэн байна лээ. Тиймээс Хятадтай холбоотой асуулт тавьсан. Миний хувьд Монгол Улсын хувьд хэрхэн өөрсдийнхөө тусгаар тогтнолыг хамгаалах вэ. Мэдээж ОХУ-тай ямар нэгэн сөргөлдөөн байхгүй ч гэсэн ирээдүйд бид тусгаар тогтнолоо яаж баталгаажуулах вэ гэдэг талаас голчлон асуусан. Мөн мэдээллийн дайн, пропоганда буюу суртал ухуулга, тархи угаалт хэрхэн илэрдэг вэ, үүнтэй хэрхэн тэмцдэг вэ гэх зэргийг онцолсон.
Монгол Улсын иргэн хүний хувьд би сэтгэл эмэглэдэг нэг зүйл бол нийгмийн талцал. Үе хоорондын талцал, үзэл санааны хувьд талцдаг байдал манайд маш их бий. Энэ талцал нь цаагуураа бид байгалиасаа талцаад байна уу, эсвэл гадны нөлөөгөөр хоорондоо талцаад байна уу гэдгийг ухаж ойлгохыг хүсдэг.
-Украины тэргүүний хариултаас онцлох агуулга юу байв?
-Сэтгүүлчид бид долуулаа байсан. В.Зеленский ерөнхийлөгч их дэлгэрэнгүй хариулт өгдөг юм билээ. Нэг асуулт аваад дунджаар 5-10 минут зогсолтгүй хариулж байсан. Долоон сэтгүүлч нэг, нэг асуулт асуугаад олгогдсон нэг цагийн хугацаандаа бараг таарсан. Сонирхолтой байж магадгүй, тэр үеийн нөхцөл байдлыг хэлье л дээ. Тэнд Азийн хамгийн том редакциуд ирсэн байсан. CNN, Японы “Никкэй” сонин гэх зэрэг. Сүүлд нэмэгдээд Ерөнхийлөгчийн Тамгын газартай удаан харилцаж байгаа Японы “Киодо” гэдэг редакц орж ирээд Японы хэвлэлүүд хоорондоо өрсөлдөж байсныг харах сонин л байлаа. В.Зеленский ерөнхийлөгчтэй уулзахын өмнөх өдөр Тэргүүн хатагтайтай уулзах тов байсан. Нөгөө том хэвлэлүүд маань хоорондоо өрсөлдөөд болдоггүй. Тэгэхээр нь би “Манайхаан би асуултуудын жагсаалт гаргая” гээд хөндөх гэж байгаа бүх сэдвийг нь яриулаад хамгийн өргөн асуултаас эхлээд хамгийн нарийн асуултууд хүртэл жагсаая гэсэн. Тэд ч зөвшөөрсөн. Нэг ёсондоо ярилцлагын продюссер хийсэн шүү. /инээв/ Тэр ажлаа би сайн хийсэн учраас сэтгүүлчид маань маргааш нь Ерөнхийлөгчийн ярилцлагыг ч зохицуулж өгөөрэй гэх зэргээр сайхан харилцаа үүсгэж чадсан. Залуу сэтгүүлч, Монголыг төлөөлж яваа хүний хувьд амттай гоё аялал байлаа.
-Тэргүүн хатагтай юу ярих юм бэ?
-Надад хамгийн сонирхолтой байсан нь тэргүүн хатагтайн уулзалт. “Би Монголоос ирсэн сэтгүүлч байна аа” гэхэд миний асуултанд хариулахдаа “Манай нөхөр Монголын тухай маш их ярьдаг. Дөрвөн жил Монголд амьдарч байсан. Аав нь Монголд 20 орчим жил багшилсан. Одоо хүртэл Политехникийн коллежид онлайнаар багшилдаг” гэсэн нь сонирхолтой байсан.
Ерөнхийлөгч тэргүүн хатагтай хоёр хамт амьдардаггүй юм билээ. Дайнаас болж долоо хоногт нэг, заримдаа сард нэг удаа уулздаг. Тэргүүн хатагтай “Би та нарт гоё мэдээ хэлэхэд өнөөдөр нөхөртэйгөө уулзсан. Нөхөртэйгөө уулзаад миний хувьд гоё өдөр болж байна. Би хэнээс ч түрүүлээд мэдээ авахыг хүсдэг. Заримдаа яг үнэндээ бид дайнд ялчихсан, Зеленский надад хэлэхгүй нуугаад байгаа юу гэж хүртэл асуудаг. Бид хоёр өнөөдөр уулзаад хүүхдүүддээ зул сарын баяраар ямар бэлэг авах уу гэдгээ ярилцсан” гэсэн тэр хариулт надад хүнлэг санагдсан.
-Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзах агшин ямар байв?
-В.Зеленский ерөнхийлөгчийн хувьд маш их стресстэй байгаа нь шууд ажиглагдсан. Харин сэтгүүлчдийн асуултад маш дэлгэрэнгүй хариулсан. Тэр дундаа миний асуултын хариултыг тухайн үед орчуулж байсан хүмүүс “Ерөнхиийлөгчийн хариулт маш дэлгэрэнгүй, мэдээлэл сайтай байлаа” гэж хэлж байна лээ. Тэр ярилцлагаас хэлэх гол агуулга бол “Монгол өөрсдийн гэсэн мэдээллийн орон зай хэрэгтэй” гэсэн нь маш чухал санагдсан. Нэг ёсондоо өөрсдийн гэсэн бие даасан, улстөрчдийн хараат бус, нөлөөнд автаагүй хэвлэлтэй байх. Заавал монгол, англи хэлээр байх нь чухал биш, Улаанбаатарт ийм зүйл болж байна, Монгол ийм байр суурьтай байна, монголчууд ингэж үзэж байна гэж Монголын нэрээ олон улсын түвшинд байнга гаргаж байгаарай гэсэн мессэжийг нь онцолмоор байна.
-Дайнд өртсөн улс орон, хот суурин ямар байсан нь ойлгомжтой. Бид бол энх тайван улсад амьдарч байгаа иргэд. Таны харсан шиг төсөөлөл харамсалтай нь байхгүй. Тиймээс нөхцөл байдал ямар байсныг эргэн санавал?
-Украинд бид төмөр замаар очсон. Агаарын зам хаалттай. Гудамжаар нь явж байхад Улаанбаатарт ч яваад байгаа юм шиг. Гэхдээ Киев үзэсгэлэнтэй хот юм билээ. Улаанбаатар хот маань суурин соёлд шилжиж эхэлсэн цаг үе нь ЗХУ-ын үе учраас социалист улс байхдаа хотожсон. Тэрнээс өмнө баригдсан байшин барилга асар цөөн. Харин Киевийн хувьд бүр X зууны үеийн, “Монголчууд ирээд сүйрүүлсэн байшин барилга хүртэл энэ байна” гэж онигоо болгоод хэлж байсан. Чернихив хотод явж байхад “Энэ манай Украинд байдаг хамгийн дээр үеийн христийн сүм” гэхээр нь би “Ашгүй дээ, монгочууд устгаагүй дурсгал байгаа юм байна” гэтэл “Үгүй шүү, та нар устгасан. Бид нар дахиж сэргээсэн” гэж байсан.
Дэд бүтцийнх нь дэд сайдтай уулзаад ярилцаж байхад “Хамгийн эхний сум Украин руу орж ирэхээс эхлээд бид сэргээн босголтыг тэр дор нь эхэлсэн” гэж байсан. Тэр утгаараа Киев хотод очиход ер нь дайн болоод байгаа нь мэдэгдэхгүй. Гэхдээ хүмүүстэй нь уулзах хүртлээ шүү. Харин хүмүүстэй нь уулзахад травматсан, гэр бүл найз нөхдөө алдаагүй
байгаагүй. Биднийг яг очдог өдөр ОХУ-ын Украинд хийсэн хамгийн том дроны дайралт болсон. Киев хот руу 75 дрон ирж, 74-ийг нь устгаж амжсан байсан.
Өдөрт 2-3 удаа агаарын довтолгоо байнга болж байсан. Тэр тоогоор шөнийн хэдэн цагт ч хамаагүй бид зочид буудлынхаа хонгил руу орж нуугдаж байлаа. Украин жилийн өмнөхтэйгөө харьцуулахад агаарын хамгаалалт маш сайжирсан юм билээ. Янз бүрийн дроны дайралт, бөмбөгдөлтөөс маш сайн хамгаалж чадаж байгаа. Харин Украинчууд бүгд сэтгэлийн бэлтгэлтэй байгаа нэг зүйл нь хүйтрээд ОХУ-ын арми дулаан цахилгааныг нь таслах оролдлого хийх довтолгоог идэвхжүүлж байгааг онцолж байлаа.
-Киевээс өөр хотод очиж амжсан уу?
-Өөр хотууд руу явсан. Ялангуяа Бүча хотод ОХУ-ын армийг хөөж гаргасны дараа украинчууд хотоо буцааж авахад олон зуун хүнийг гудамжинд хөнөөж, масс оршуулга хүртэл хийж хаясан нь олдсон. Үүнийг яагаад ч юм Монголд байгаа бид гаднаас ажиглаж байгаа хүний довтолгоон хил дээр нь болж байгаа юм байна, хол юм байна гэж бодож байгаа. Би ч тэгж бодож байсан. Киевт очоод байхад “Өнөөдөр хэдүүлээ Бүча явна” гэхэд нэлээд удаан явах байх гэтэл 15 минутын дараа ирчихлээ гэсэн. Улаанбаатар хотоор төсөөлж ярихад ерөөсөө Налайх, Багануурт л Оросын цэргүүд ороод ирчихсэнтэй адил юм билээ.
-Дайнд өртсөн хүмүүсийн сэтгэлзүй, төрх байдал төсөөлөхөд ч хэцүү байв уу?
-Оросын тэр хүчтэй арми орж ирэхэд юу тэднийг зогсоож барьж байсан бэ гэхээр ард түмэн нь. Украины ард түмэн өөрсдөө тэмцэгч ард түмэн гэдгийг маш сайн мэдэрсэн. Засгийн газар маань сайн ажиллаж байна гэхээс илүү манай ардчилал хүчтэй болсон гэж үздэг юм билээ. Ерөнхийлөгч В.Зеленский дайн эхлэхэд зугтаад явчихаагүй, тэмцээд үлдсэнд нь баярладаг. Тэр утгаараа ерөнхийлөгчөө хүндэлдэг гэсэн. Ард түмэн нь тавих ёстой шаардлагаа дээд түвшинд тавьж байгаа. Украинчууд сөрөн тэсвэрлэх чадвар маш сайтай гэж үнэлж байсан.
Гэхдээ тэд байнга ийм байгаагүй. Ялангуяа Украин улс дайнаас өмнө авлигаараа асар өндөр түвшинд байсан. Украины бодлогын хүрээлэнгийн ажиглагчид, судлаачдын хэлж байгаагаар авлига аливаа улсыг хөнөөдөг, авлига алаг гэдгийг ойлгосон. Өөрөөр хэлбэл энэ улс орон авлигын асуудлаа эрт шийдсэн, авлигад автсан улстөрчдөө эртхэн зайлуулсан, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нөлөөнд автаагүй байсан бол өнөөдөр Украин ийм нөхцөл байдалд орохгүй байсан гэж дүгнэдэг юм билээ. Тэр утгаараа авлигыг одоо бол хүлцэж тэвчихгүй гэдгийг онцолж байсан.
-Сонирхолтой ярилцлага өрнүүлсэнд баярлалаа. Тодруулж хэлэх зүйл үлдсэн үү?
-Сансрын сонсогдож магадгүй. Өнөөдөр манай улсад түлш тасарлаа, хомсдлоо гэж эмзэглэх, Оросууд юмаа хаалаа гэж айх хандлага багагүй байна. Гэхдээ монголчууд бидэнд Оросууд гэрлээ унтраачих вий, харанхуй хүйтэн болчих вий гэж айхаасаа илүү бидний доторх гэрэл унтрах вий гэхээс л эмээх ёстой болов уу. Монгол хүн ирээдүйдээ итгэхээ больчих вий. Таарсан хүн бүр бараг гадагшаа явахыг мөрөөдөж байна. Монгол хүний мөрөөдөл гадагшаа л явах болчихоод байгаа нь жинэхэн эмзэглэх ёстой, унтрахаас айх ёстой гэрэл болов уу.
Б.ЭНХЗАЯА
Зочин · 2023/12/13
Хүзүүгүй хулгайчийг гэгээлэг болгоорой нус минь
Зочин · 2023/12/13
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
яя · 2023/12/13
энэ нусгай монгол улсыг төлөөлөхгүй өлбийсэн новш
Зочин · 2023/12/13
Энэ нусан чацага монголын ард түмэн Украйныг дэмжиж байгаа гэж хуцсан байсан энэ ард түмнийг төлөөлдөг хэн бэ. Дайтагч хоёр орны хэнийг ч дэмжихгүй төвийг сахиж байхад энэ хэдэн гөлөгнүүд яаж байна аа