За өнөө нохойн дуу ойртож байна гэдэг шиг сонгуулийн үйл ажиллагаа эхэллээ. 1072 хувьцааны тухай сонсоогүй хүн бараг үгүй билээ. Өмнөх сонгуулиудаар яриад л чихэр долоолгоод байдаг өнөөх хувьцаагаа амь оруулахаар боллоо. 

Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт “2010 оноос хойш УИХ, Засгийн газрын 16 тогтоолоор Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааг зэрэмдэг болгосон” гэдгийг хэлэв. Өөрөөр хэлбэл, Эрдэнэс Тавантолгой ХК-ийг засаглалыг хувьд самрах ажлыг үе үеийн УИХ, Засгийн газар хийсэн гэсэн үг. Харамсалтай нь өнөөдөр ч үргэлжилж байна.

Сонгууль бүрийн өмнө Эрдэнэс Тавантолгой ХК-иар туг тахиж, 1072 гэх иргэдэд ямар ашиг өгөөжөө өгдөггүй эрхийн бичгээрээ мөнгө тараах шоугаа л эхлүүлж байна даа.

Он гаргаад ногдол ашиг тараах нэрээр сонгуулийн авлигаа цацах нь тодорхой боллоо. 1072-ын ногдол ашиг гэж сая хүрэхгүй төгрөг иргэдийн данс руу хийгээд л шилний цаанаас чихэр долоолгодог өлөн зангаа МАН энэ удаад ч тавихгүй нь ээ.

Гишүүд нь ч сонгуулийн өмнө тараах авлига хэмээн нэрлэчихлээ. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "1072 хувьцааг эзэмшүүлсэн 2012 оноос хойших 11 жилийн хугацаанд иргэдэд 60 000 төгрөгийн ногдол ашиг өгсөн” гэдгийг хэлэв. Мөн өмчлөх эрхгүй, хөрөнгийн биржид арилжаалагддаггүй, өвлөгддөггүй 1072 бол хувьцаа нэртэй эрхийн бичиг төдий гэдгийг ч хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: "Эрдэнэс Тавантолгой"-н асуудал чухал. Экспортын орлогын 60-70 хувийг эзэлж байна. Манай валютын нөөц, төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж байна. Хэрэв бид 2015, 16 онд "Эрдэнэс Тавантолгой"-н 49 хувийг Шэнхуад хувьчилсан бол тал нь байхгүй болно гэсэн үг. Эргэж энэ түүхээ харах хэрэгтэй. Эхнийх дээр З.Энхболд аварч үлдсэн. Дараагийнх нь манай намын бүлэг хоёр хүний саналын илүүтэйгээр харьд очоогүй. Бид нар тухайн үед хувьчилсан бол төсвөө хоёр дахин нэмж, цалин тэтгэвэр нэмэх боломжгүй л байлаа. Үүнийг хувьчилж болохгүй. Харин иргэддээ хувьцаа эзэмшүүлэх хэрэгтэй. Хаалттай, арилждаггүй, зөвхөн ногдол ашиг өгдөг байх л хэрэгтэй. Орлого багатай иргэд явцдаа хувьцаагаа зараад байвал энэ стратегийн орд хэнд ч очиж болно.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Ногдол ашгийг сонгуулийн өмнө тараах уу, дараа юу? Сонгуулийн өмнө тараавал санал худалдан авалт болно. Сонгуулийн дараа тараана гэвэл дэмжиж болох шийдэл.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:  Бид хэзээг хүртэл алтан дээр суусан гуйлгачин гэсэн нэртэй явах вэ. Эрх баригчид 2019 онд батлагдсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхгүй таван жил болж байна. Хувьцааны өмнө Баялгийн сангийн хууль орж ирэх байсан. Яагаад орж ирэхгүй байна вэ. Зүй ёсоор бол Баялгийн сангийн хуулинд Тавантолгой чухал байр суурь эзлэх ёстой.

Энэ асуудлыг урьдчилж оруулж ирж байгаа нь хардлага төрүүлж байна. Бид 27 их наядын төсөв баталсан. Сонгуулийн авлига байж болохуйц төсвийг баталсан. Одоо Эрдэнэс Тавантолгойн 34 хувийг ард түмэнд өгнө гээд сайн Засаг болох гэж байна. Мэргэн хүн шиг хэлье, сонгуулийн өмнө ногдол ашиг тараана. Ногдол ашиг нэрээр сонгуулийн авлига тараах нь гэж хардаж байна.