Зургаан иргэний амийг аварчээ
2024/01/22
Дорнод аймаг Матад сум Буян-Өндөр багийн “Үхэр худгийн хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 170 км-т, сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ Матад сумын харьяат малчин Г, Ц нар 01.20-ны өдрийн 15:00 цагийн орчим Хэрлэн сумаас Матад сумын Буян-Өндөр багийн “Үхэр худгийн хоолой” гэдэг газар байдаг гэрлүүгээ суудлын автомашинтай явахаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 01.21-ний өдрийн 14:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэн малчин Ц /50 настай, эрэгтэй/, Г /42 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг 01.21-ний өдрийн 18:00 цагаас зохион байгуулж, 01.22-ны өдрийн 01:30 цагт гэрээс нь баруун хойд зүгт 20 км-т Матад сумын “Зээргэнэ” гэдэг газар автомашинтайгаа цасанд суусан байсныг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Дорноговь аймаг Айраг сум Сайн-Ус багийн "Өргөний-Энгэр" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд хойд зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т, Бор-Өндөр сумын төвөөс зүүн урд зүгт 27 км-т/ Малчин Г нь 01.21-ний өдрийн 14:00 цагийн орчим адуундаа явна гэж гэрээсээ морьтой гараад сураггүй болсон тухай дуудлагыг 01.21-ний өдрийн 21:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид, тус сумын Тамгын газрын ажилтнууд малчин Г /48 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 01.21-ний өдрийн 22:57 цагаас зохион байгуулж, 01.22-ны өдрийн 01:55 цагт гэрээс нь баруун хойд зүгт 8.5 км-т Айраг сумын Сайн-Ус багийн “Зүүн сондуул” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Өвөрхангай аймаг, Хужирт сум Өвөр модот багийн “Хад бригад” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 60 км-т, сумын төвөөс урд зүгт 25 км-т/ Арвайхээр сумаас Булган аймгийн Могод сумын чиглэлд зорчиж явсан 3 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.21-ний өдрийн 21:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын “Тоёота приус 20” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллаж, татан гаргасан.
Говь-Алтай аймаг Есөнбулаг сум Рашаант багийн "Баарангийн даваа" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 18 км-т/ Хөхморьт сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 2 зорчигтой ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.21-ний өдрийн 22:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын "Хино рэнжер U-GD3HJAA" загварын ачааны автомашин автозамын хажуу тал руу орж цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.