Санаанд орсон мөнгөө нэхэж хүмүүсийн сүсэг бишрэлээр бизнес хийдэг бөө нэртнүүдийг олж цөөлөх болсон талаар Монгол бөөгийн нэгдсэн эвлэлийн гишүүд өчигдөр мэдээллээ.
Тэд мөнх тэнгэрээс заяатай бөө нэрийг цэвэр ариун байлгах, жинхэнэ онгодтой бөөг тодруулахын тулд олон ажил хийхээр төлөвлөжээ. Эдгээр ажлын эхлэл болгож Монгол бөөгийн ёс зүйн дүрмийг эмхэтгэн гаргасан байна. Ёс зүйн дүрэмд улаач, багш, шавийн ёс зүйгээс гадна бөөгийн өмсгөл, эдлэл хэрэглэл жинхэнэ мөн чанарын тухай сийрүүлсэн аж. Мөн бөөгийн өргөл барьцын ёс зүй ямар байх ёстойг ч тодорхой заасан байна. Энэхүү ёс зүйг шинээр төрж буй улаач нарт заах сургалт зохион байгуулахаар болжээ. Тэд үе дамжсан багш болох эрхтэй бөө нарыг цол, чимэгтэй болгох гэж байгаа бөгөөд удган, зайран, тэргүүн, их, дархан хэмээн цоллохоор шийдсэн байна. Мөн хүнийг улаач болох эсэхийг хэлж өгч, хүн хуурсан бөө нарыг олж хуулийн байгууллагатай хамтран ажиллах болсноо мэдээлсэн юм. Монгол бөөгийн нэгдсэн эвлэлийнхний хэлснээр сүүлийн үед хөдөө, орон нутагт бөө гэж хэн нэгнээ дарамтлах үзэгдэл гарах болжээ. Тэдэнд ийм сүрдүүлэг хийсэн, зохицуулаад өгөөч гэсэн агуулгатай захидал олноор ирдэг байна. Тухайлбал, Баянхонгор аймагт гурван бөө нийлж бөөгийн ёс зүйг зөрчсөн хэрэг гарчээ. Тиймээс тус эвлэлийнхэн албинтаж, тийрэнтсэн бөө нартай тэмцэхээр болсноо дуулгалаа.
 
 
 
Б.Батсайхан: Улаач болох хүн эхийн хэвлийд байхдаа тамгалагддаг
-Бөө гэж чухам ямар хүнийг хэлэх вэ?
-Бөө бол мөнх тэнгэрийн зан үйлийг эшлэн үйлдэгч эгэл бус хүн юм. Харин нэрийн гарал үүслийн хувьд бөөн гэсэн үгтэй холбоотой. Хүмүүс бөөгийн талаар бүрхэг ойлголттой байна. Бөөг улаачтай нь холбон ойлгож болохгүй. Ер нь их өргөн утга агуулгатай.
-Танай нэгдсэн эвлэл эхний ээлжинд ямар ажил хийхээр төлөвлөж байна?
-Бид бөөгийн ёс зүй, шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн бөө нарыг цэгцэлнэ. Мөн бөөгийн талаар мэдлэг олж авахыг хүссэн улаач нарт зориулж сургалт зохион байгуулахаар болсон. Энэ сургалтад хамрагдсанаар залуу улаач нар бөөгийн жинхэнэ мөн чанарыг олж, алдаа дутагдлаа засна гэдэгт эргэлзэхгүй байгаа.
-Бөөгөөс болоод хүн гэмтсэн, түлэгдсэн, шатаж амь насаа алдсан хэрэг гарсан. Энэ асуудлыг хэрхэн цэгцлэх бодолтой байна вэ. Ер нь танай эвлэлд иргэдээс санал гомдол ирдэг үү?
-Бөөгөөс гадна энгийн хүмүүс ч ирж байна. Бөөгийн нэр төр барин бусдыг залилдаг гэмт хэргийн бүлэглэл бий болсныг үгүйсгэхгүй. Энэ мэт хэсэг хүнээс болж бөөгийн нэр хүнд унаад байгаа юм. Тиймээс манайд ирсэн санал гомдлын дагуу хуулийн байгууллагатай хамтарч ажиллахаар боллоо.
-Улаач хүний онгод нь орж байгааг хараад мэдэх боломжтой гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Бодит мэдрэмжээр харагдана. Бидэнд бол гэрлэн биеүд харагддаг. Энгийн хүн ч гэсэн үүнийг мэдрэх боломжтой. Наад зах нь асуулт асуугаад л мэдчихэж болно шүү дээ. Эсрэгээрээ ямар ч онгод байхгүй бол жүжиглэж байгаа нь бас мэдрэгдэнэ. Монгол бөөгийн нэгдсэн эвлэлээс эмхэтгэн гаргасан ёс зүйн дүрмээ бид хуурамч бөө нарт өгөхгүй. Бөөгийн нууцын ёс зүй гэж бий. Тэд түүнийг мэдэхгүй шүү дээ.
-Бөөгийн долоон язгуур гэж байдаг гэсэн. Юунаас хамаарч ингэж ангилдаг юм бол?
-Үүнийг хүмүүс бас л буруугаар ойлгоод байна. Язгуур биш, яс угсаагаар нь ангилдаг юм. Харин язгуур гэдэг бол дээрээс үйлдсэн, дээдсээс оноосон байдлыг хэлдэг. Тухайлбал, тэнгэрээр хөллөсөн тэнгэртэй харилцдаг бөө бол тэнгэрийн улаач юм. Энэ бол язгуур. Мөн уул устай харилцдаг бол уул усных байх жишээтэй. Өвөг дээдсийн онгодтой харилцдаг бөө бол сүнсээр хөллөсөн бөө. Дээр нь муу ёрын хүчтэй холбогдсон бөө байдаг. Ийм бөө их аюултай. Тэд олноор төрвөл нийгмийг айдас хүйдэст автуулна. Үүнийг бид бөөгийн онгод тэнгэрийн хүчээр таслан зогсоох бодлого барьж байгаа.
-Одоо тийм угтай бөө бий юу?
-Муу угтай бөө мэр сэр гарч ирж байна. Гэхдээ үүнийг газар авахуулж болохгүй.
-Бөөг бас хар, цагаан, шарын гэж ангилаад байдаг нь хэр үнэний ортой вэ?
-Зөөлөн онгод, сахиустай, хүн эмчилж бариа засал, хүний сайн сайхны төлөө, юмыг аргадаж засал хийдэг бөөг цагааны гэдэг. Харын бөө нь хатуу ширүүн онгодтой, худал хуурмагийг тэвчдэггүй ёсыг баримталдаг хатуу үйл хийдэг юм. Харын бөөг цэрэг дайны үед стратегийн зорилгоор хэрэглэдэг байсан. 400 гаруй жилийн өмнөөс Манж, Хятадын түлхээсээр шарын шашин орж ирсэн. Ингэж шарын шашин орж ирснээр монголчуудын бөө шүтлэгийг нухчин дарах оролдлого хийж эхэлсэн. Тиймээс онгод тэнгэр, бөөгийн угаа авч үлдэхийн тулд ихэнх бөө лам болсноор шарын бөө гарсан түүхтэй. Манайд шарын бөө бий. Ер нь халх онгодуудын шарын бөө сүүлийн үед их бууж байна.
-Хүн заавал бөө болохгүйгээр онгодыг буцаах эсвэл цагийг нь хойшлуулах зэрэг үйлийг хийлгэдэг болж. Энэ хэр үндэслэлтэй зүйл бол?
-Халх, буриад, дархад бөө гэж бий. Үүнээс дархад бөөгийн ёсонд гурван жил хуураар явган бөөлнө гэж байдаг. Ингэснээр өмсгөл хувцас өмсөхгүйгээр дээл, малгай, 13 манжлага гэж хонины ноосоор тоносон эдлэл, хуур бариад бөөлдөг. Ер нь хуур бол бөөд байх ёстой зүйл. Хуураар бөөлөх нь ач холбогдолтой. Хамгийн түрүүнд ард иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулахгүй байх сайн талтай. Мөн газар лусын үйлийг хуураар хийх тохиромжтой байдаг. Харин хүн гэнэт улаач болчихдоггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Улаач болох хүн эхийн хэвлийд байхдаа тамгалагддаг. Өөрөөр хэлбэл, хүүхэд бүрэлдэхдээ онгод тэнгэрийн хүчтэй болж, тарни, энерги хүлээж авах чадалтай болдог. Зарим судлаач улаач хүний тархины бүтэц хүртэл бусдаас өөр байдаг гэж дүгнэсэн байдаг. Ер нь улаач болох эмэгтэй 13, эрэгтэй 15 насандаа угаа авч болдог. Гэхдээ улаач хүн шиг хүн болж төлөвшсөн хойноо угаа авах хэрэгтэй. Тэгэхгүй бол өнөөдөр бий болоод байгаа сөрөг зүйл давтагдах болно.
-Бөө болох гэж хүмүүс олон сая төгрөг зарцуулдаг. Үүнийг танай холбоо бас зохицуулах юм байна гэж ойлгож болох уу?
-Чингис хаан “Хэрхэхийг тэнгэр мэднэ” гэж хэлсэн байдаг. Үүний адил хэн ямар өглөг барьц өгөх ёстойг улаач, бөө ч мэддэггүй онгод тэнгэр л мэддэг. Хэрвээ онгод тэнгэр улаач болох хүнээс өглөг барьц битгий ав гэж хэлбэл авдаггүй. Сүүлийн үед үүнийг буруугаар ашиглаж байгаа хүн олширсон учраас иргэдэд буруу ойлголт төрөөд байгаа юм.