Онлайн такси үйлчилгээний "UBCab" аппликейшныг хөгжүүлэгч "Юбикаб" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар тус компанийн үүсгэн байгуулагчдын нэг О.Золбаярыг томилжээ.

Өнгөрсөн долоо хоногт "Юбикаб" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Отгонбаяр өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл компанийн ТУЗ хуралдаж, "Юбикаб" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар О.Золбаярыг томилжээ.

О.Золбаяр нь мэдээллийн технологийн салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай бөгөөд 2009 онд Б.Эрдэм, Б.Манлай, А.Наранбаяр нарын хамт Монголын технологийн салбарын тэргүүлэгчдийн нэг "Мизорн" ХХК-ийг үүсгэн байгуулж, "UBCab" аппликейшныг хөгжүүлж эхэлсэн нэгэн юм.

Тэрбээр 2021 оноос "Юбикаб" ХХК-ийн толгой компани болох "Юбикаб Холдинг" ХХК-г удирдаж байгаа аж.