Судлаач Д.Чулуунжав: Ядуурлын шалтгаануудтай хэн тэмцэх ёстой вэ?

Амьд хөдөлмөрийн үнэ (цалин) Монголд хэтэрхий бага байна. Худалдаа, үйлчилгээ, барилгын компаниудын ашиг хэтэрхий өндөр, бүр зэрлэг өндөр байна. Иймээс ажилчид (хөлсөөр ажилладаг хүн бүр) хот, хөдөөгүй ажилласаар байгаа мөртлөө л ядуурч, ядуу хэвээрээ хөгширч, зээлээр авсан сууцныхаа үнийг ч төлж дуусгалгүй, өр үлдээгээд нас барах боллоо. Чухам ийм нөхцөл эх оронд нь байгаа болохоор хүч эрчтэй залуус тэр бүхнийгээ харьд зориулж, зарцуулж байна. Энэнээс болоод Монголд маань хөгшид ба хүүхдүүд л амьдрах болохнээ.

 

Хөгшид нь хүүхдүүдтэй хөөцөлдсөөр ядарч, эцэг эх нь алсад одсон хүүхдүүдийн хүмүүжил, сурлага ч доройтсоор, эрүүл мэндээр ч хохирсоор, гэр бүлүүд ч салж сарнисаар, хүний газар хүнд хөдөлмөрт нухлагдсан залуус ч харшиж хатингартсаар, алсын аян жинд яваад ирсэн мал, хүн шиг л ядруухан байх нь элбэгшлээ. Зарим нь ирээд эмчилгээ, сувилалд орж байж л засарлаа гэх болов.

 

Гэтэл Монголдоо байгаа залуусын бага бус хэсэг нь барилдах, уралдах, морь уях, нум сум харвах, гар утсаа маажих, цахим тоглоомд донтох мэтэд л ихээхэн цаг зарцуулсаар. Ингэхлээр хэн бүтээх, үйлдвэрлэх, аж ахуй хэрхэн олон салбартай болох юм бэ? Нэг бодит жишээ татъя. Манай танилын нэг хүү дээд сургуулийн I курсаа төгсөөд л сургуулиа орхиод гадагшаа ажиллахаар явсан юм. Тэр хүү 4 жил ажиллаад л 2 өрөө байр, машины мөнгөтэй болжээ. Гэтэл хамт суралцаж байсан хөвүүд нь сургуулиа төгсөөд Монголдоо 2 жил ажилласан боловч дөнгөж л хувцас, хоол, гар утасныхаа төлбөр хийж чаддаг байсан гэнэ. Миний өөр нэг танилын хүү бүх хичээлдээ сайн, англи хэлэнд ч сайн гэгдсээр гадаадын тэтгэлгээр дээд сургуульд явсан юм. Сургуулиа төгсөөд тэндээ үлдсэн. Харь оронд л бүтээж, хийж, хүчин зүтгэсээр 8 жил боллоо. Тэндээ эхнэр, хүүхэд, байртай болоод бүрмөсөн үлдчихлээ. Аав, ээждээ хааяа нэг мөнгө гуйвуулдаг, хийсэн, бүтээсэн бүхэн нь харьд үлддэг. Буцаж ирэх ч сонирхолгүй болсон гэсэн. Ухаалаг, сэргэлэн, оюуны чадавхи өндөртэй залуусыг “тэтгэлгээр сургах” хэмээсэн уран аргаар өөртөө үлдээж, өөрийн иргэн болгоод авчихдаг “дархан мэх”-нд барууныхан бүр гаршчихаад байгаа гэнэ.

 

Энэнийг “тархины урсгал”, “сорчлон өвөрчлөх” технологи хэмээн далдуур шүтэх болжээ. Иймэрхүү олон сувгаар бид сор болсон хүү, охидоо алдсаар л байх гэж үү? 12 жил суралцсан хөвүүд, охидынхоо хамгийн тэргүүний хэсгээ 10-20 жил алдахад л Монгол маань өөрөө, нийгмээрээ их зүйлээр ядуурнаа даа? Охид, хөвүүд маань залуу насны эрч хүчээ, ид зохион бүтээх, үйлдвэрлэн бүтээх ур чадвараа эх орон, ард түмэндээ зориулж чадахгүй байх нь мөн ч их харамсахаар үзэгдэл шүү дээ.

 

Энд төр засгийн оролцоо, зохицуулалт л байдлыг өөрчилж чадна. Монголд маань уул нь аль ямар ч үйлдвэрлэлийн материаллаг биет нөхцөл нь байгаа юм шүү. Мал, тахиа, туулай, зөгий, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, барилгын материал, гар урлал, аялал жуулчлал, олон нэрийн ашигт малтмал, мал аж ахуйн гаралтай түүхий эд, хямд ажиллах хүч, ер нь юм юм л байна. Аймаг бүрд хэд хэдэн томоохон үйлдвэр, сум нэг бүрд мөн хэд хэдэн багаахан үйлдвэрийг төр, засгийн бодлого, дэмжлэгээр байгуулаад ажиллуулчихаж болноо доо? Яагаад, яагаад ингэхгүй байгаа юм бэ? Өнөөдөр Монгол эдийн засгийн тусгаар тогтнолоо алдчихсан, импорт зогсоо л бол хоол, хувцас, эмгүй, экспорт зогсоо л бол валютгүй болох эрсдэлтэй, тун ч ядруухан аж төрж байна. 

 

Орон сууцны метр квадратын үнэ ч хөөсрөлтэй, өргөн хэрэглээний барааны үнэ ч хөөсрөлтэй, хувийн сургуулиуд ч мөлжлөгийн үүр уурхай, хувийн эмнэлгүүд ч мөлжлөгийн үүр уурхай, банкны зээлийн хүү ч зэрлэг өндөр, бага тушаалын албан хаагчид ч авлига горилхийлэгчид болчихжээ. Ер нь юм юм нэг л ёозгүй талдаа байх болов. Би хэргээр, муу амлаж, санаатай, зорилготойгоор харлуулж, мууг ёрлож байгаа юм биш шүү. Амьдралын үнэн л энэ болчихоод байна. Үнэндээ бол ядуурал л биднийг ингэж тал бүрээр доройтуулаад байна. Ажлын байр, ахиухан цалин хөлс л ядуурлыг арилгана. Жижиг үйлдвэрлэл эрхлэгчид байрны түрээс, банкны зээлийн хүү хоёрт сөхрөөд дампуурдаг боллоо. Номын дэлгүүрүүд борлуулж өгсөн номны үнийн 30 хувийг авчихаж байна. Орон сууцны түрээсний үнэ ч их өндөр, оюутны байрны үнэ ч их өндөр байх болов. Гэтэл энэ бүхэнд төр, засгийн зохицуулалт гэж ер үгүй. Уг нь “эдийн засгийн амьдрал төрийн зохицуулалттай байна” хэмээсэн заалт Монгол улсын Үндсэн хуульд байгаа билээ. Зах зээлийн эдийн засгийн харилцаа бол зөвхөн л эрэлт ба нийлүүлэлтээс бүрэн хамаардаг жолоодлого, тохируулгагүй зэрлэг харилцаа биш шүү дээ. Монгол дахь ядуурлын нэг том шалтгаан бол дур зоргын өндөр үнэ, том жижиг гэлтгүй хаа сайгүй байдаг монотоль үнэ өртөг, хүү, түрээс юм. Энд зохистой харьцааг тогтоох, төлөвшүүлэхэд туслах хууль, дүрэм ч алга байна. Банкны зээлийн хүү, ипотекийн хүү, түрээс, шимтгэл, банк бус санхүүгийн газрын хүү, ломбардын хүү, сургалтын төлбөр, эмчилгээний үнэ, эм тарианы үнэ, эмнэлгийн шинжилгээний үнэ гэх мэт нь бүгд л дур зоргын, монополь шинжтэй болчихжээ. 

 

Жолоочийн хариуцлагын даатгал нэртэй албан татвар ч буй боллоо. Албан татварын шинжтэй энэ орлогыг зөвхөн төрийн байгууллага авч, ашгийн нь тодорхой хувийг улсын төсөвт шилжүүлж байх ёстой. Гэтэл Монголд албан татвар авдаг хувийн компани буй болж монополь өндөр ашиг олж байна. Энэ асуудлыг УИХ хэлэлцээд лоббид автаж буруу шийдсэн гэж хүмүүс үзэх болов. 

 

Хүн амын бараг л 40 хувь нь ядуурчихаад байгаагийн нэг том шалтгаан бол олон янзын, олон талын мөлжлөг юм. Дотоодын капиталын буюу үндэсний хөрөнгөтнүүдийн мөлжлөг, гадаадын капиталын мөлжлөг (Солонгос, Хятад, Вьетнам, Орос, Тайвань г.м), олон улс дамнасан том компаниудын мөлжлөг, албан татварын тоо хэмжээнд суурилсан төр, засгийн (данхайсан том төр, засгийн) мөлжлөг, мөн авлигачид, ченжүүдийн мөлжлөг – энэ бүхэн нэгдсэн дүнгээрээ Монголыг нийтэд нь мөлжиж, дарангуйлж байна. Сэхэх, сэргэх бололцоог хэнд ч өгөхгүй байна. Солонгосын капитал яагаад, юуны учир Монголруу орж ирээд нийтийн хоолны салбарт тухалчихаа вэ? Шалтгаан нь Монголоос олох ашиг өндөр болоод л тэр. Монгол хүнийг багаахан цалингаар ажиллуулж болно, хоолоо өндөр үнээр борлуулж болно, түүхий эд, материалыг хямд төсрөөр олж болно, төр засгийн түшмэдүүдийг хахуульдаж болно, орлого ашгаа нууж дарж болно. Солонгос бизнесмэн нутагтаа хоолны газар ажиллуулвал угаагч, зөөгч нартаа сард 3 саяас (төг) наашгүй цалин өгнө. Монголд бол энэнээс 4-5 дахин л бага цалин өгнө. Учир нь Монголын төр, засаг цалингийн доод хэмжээг маш доогуур тогтоогоод хуульчилчихсан юм чинь... Монгол хүнийг мөлжих бололцоог төр, засаг нь өөрөө олгочихсон байгаа биз дээ? Олон зуу, олон мянган хүн ажиллуулдаг гадаадын капиталд бол энэ нь ёстой л арааны нь шүлсийг асгаруулна шүү дээ! Иймийн учир л бид ажиллаад ч, зүтгээд ч ядуураад байгаа юм. 

 

Олон улс дамнасан том компаниуд Монголын сайд, дарга нарт авлига өгөөд өөртөө монополь ашигтай гэрээ, хэлэлцээр байгуулж чадна, ус, газар шороо мэтийн зүйлсийг үнэгүй буюу нэн бага үнээр ашиглаж болно, багаахан цалин өгөөд л монгол ажилчдыг мөлжиж болно, төр засгийг нь хахуульдаад татвар, хураамжийг хөнгөлүүлж чадна, удирдах зөвлөлдөө ерөнхийлөгч, сайд, УИХ-ын гишүүн байсан хүмүүсийг оруулчихаад тэднийг ашиглан зоргоороо загнаж болно, юуг л бол юуг лоббидож чадна...

Зүй бусаар хөрөнгөжиж амжсан дотоодын капиталистууд бол танил тал, найз нөхөд, төр засагт шургалуулж амжсан хүмүүсээ ашиглан ямар л бол ямар луйвар булхай чөлөөтэй хийнэ. Ажилчдынхаа цалин хөлсийг ч элдвээр хасна, цагт нь өгөхгүй, нийгмийн даатгал мэтийг нь ч төлөхгүй, “туршиж байна” гээд цалингүй ажиллуулна. Дүрслээд, товчлоод хэлэх юм бол монгол хүн Монголдоо бараг л боолын хувь заяатай болчихоод байна...

 

Монголоос гадаадын, дотоодын бүх капиталистууд хөлжиж, баяжаад байгаа нь Монголд мөлжлөг өндөр түвшинд байгааг л харуулж байгаа юм. Монгол улсын үндсэн хуулийн I бүлгийн 5-р зүйлийн 4-д “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.” 6-р зүйлийн 2-д “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрхзүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн заалтууд буй.

 

Гэтэл төр, засаг энэ заалтыг хэрхэн хангаж байна вэ? 33 жилийн туршид зохицуулаад ямар үр дүнд хүрчихээд байгаа билээ? Ядаж л идэх хоолоо дотооддоо үйлдвэрлэдэг, өмсөх хувцсаа өөрсдөө оёдог, барилгын үндсэн материалаа дотооддоо бэлддэг, орон сууцны метр квадратын үнэ өөрийн өртөгнөөсөө хэд дахин өндөр биш, өргөн хэрэглээний барааны үнэ зүй бусаар хөөсрөөд л, өсөөд л байдаггүй байлгаж болноо доо?

 

УИХ, Засгийн газар нь “шуналын цар тахлаар” өвчилчихсөн хүмүүсээр дүүрчихлээр Үндсэн хуулийн дурдсан заалтуудыг тэд зөвхөн өөрсөддөө л ашигтайгаар хэрэгжүүлдэг юм байна. Энэ нь одоо ч ил харагдаад байгаа шүү дээ. Хулгайлагдаагүй баялаг, элдэв сан хөмрөг, авто замын өргөн ба зузаан, чанар, Улаанбаатарын газар, уулын амууд, ус голын эрэг, бургасан шугуй гэж байгаа билүү? Бүгд л хулгайлагдаж, тоногдож, сүйтгэгджээ. Уулын ам болгон усны зам, үерийн зам шүү дээ. Энэнийг ч тооцсонгүй, зарим нь ер тоосон ч үгүй. Барилга бариад л, зараад л байгаа. Маш их бороо орж жалгаа хальтал, амаа дүүртэл үер буувал яанаа? 40, 50 минутанд л усны их хүч хэргээ хийнэ. Энэ богино хугацаанд хэн ч, юу ч хийж чадахгүй шүү дээ!

 

“Хааны удам сулардаг, хулгайчийн удам чангардаг” гэсэн үг буй. Үнэндээ ч тийм ажээ. Аливаа нийгэмд байдаг сөрөг зүйлүүд дотроос ихэд өргөжсөн, ихэд хувьсаж олон нүүртэй болсон, олон янзын багны цаана нуугдаж чаддаг болсон үзэгдэл бол хулгай юм. Анхандаа хулгай нь ядуу, өлсгөлөн хүний хийдэг хэрэг, эзэнд нь хэлэлгүйгээр (гуйхгүйгээр) идэх зүйл, гутал, хувцас мэтхэнийг авчихдаг үйлдэл байжээ. Ийм хулгайн түүх хэдэн мянган жил үргэлжилжээ. Гэтэл улстөрчдийн хийдэг том хулгай гарч ирснээр энэ үзэгдэл хөгжлийнхөө дээд шатанд шилжжээ. Ингэснээр иргэдийн доод давхрааныхны хийдэг жижиг хулгай ба дээд, элит давхрааныхны хийдэг том хулгай хоёр зэрэгцэн, уралдан хөгжих болсон байна. Доод давхрааны хулгайчид мөнгөний хэтэвч, бугуйн цаг, гар утас, алтан мөнгөн бөгж, ээмэг, мөнгөн аяга мэтсийг авдаг бол дээд давхрааны хулгайчид нь улсын төсөв, эх орны ашигт малтмал, гадаадын зээл, тусламж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын фонд, элдэв сан, хуримтлалруу хүйтэн гараа шургуулж хэдэн зуун саяар нь, тэрбумаар нь хулгайлдаг болжээ. Дээд давхрааныхан энэ үйлдлээ хулгай гэж шууд нэрлэдэггүй, харин авлига, тендер, шахаа, чавчаа, ченж, бялуу хуваалт гэхчилэн төрөлжүүлж жижиг хулгайч нараас өөрсдийгөө ялгаж, өргөмжилж нэрлэдэг байна. Хулгай хүртэл “тооноос чанарт шилжиж” нэр, хаяг нь хүртэл “дээдлэгдэж” бараг л мэргэжил, цол шахуу болж өргөмжлөгддөг ажээ. Өнөөдрийн манай олигархиудын чухам хэдэн хувь нь том хулгайчид, төсөв, сан, банк, бонд, шахаа, чавчаанаас төрсөн тэрбумтнууд юм бэ? гэдгийг манай цагдаа, прокурор, шүүх уул нь мэдэж л байгаа юм байна. Гэхдээ энэ нь нам, төрийн нууц бололтой... Хулгайч нарын удам цаашид чангараад Монголыгоо зарчихгүй байгаа гэж л айх юм даа!

 

Төр, засгийн бодлого, шийдвэрийн алдаанаас шалтгаалсан ядуурал бүр 1990 оноос эхлээд л өргөжиж, хаяагаа тэлж эхэлсэн билээ. Ясли, цэцэрлэгүүдийг хэвийн ажиллуулж эмэгтэйчүүдийг бүтээлч хөдөлмөрт өргөнөөр оролцуулахын оронд дөрвөөс дээш хүүхэдтэй эхчүүдийг тэтгэвэрт гаргажээ. Цэрэг, цагдаагийн байгууллагад 25 жил ажилласан хүмүүс ч энд хамрагджээ. Хил, гаалийн татварыг тэглэсний учир гаднаас хямдхан бараа урсан орж ирж хөнгөн, хүнсний үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоожээ. Ингэж оёдолчид, эсгүүрчид, нийтийн хоолныхон, ясли, цэцэрлэгийн ажилтнууд, олон хүүхэдтэй эхчүүд, 25 жил ажилласан цэргийнхэн гэх мэтээр олон хүн ажилгүй, цалингүй болжээ. Жижиг, дунд үйлдвэрүүд хувьчлагдаж, ясли, цэцэрлэгийн барилгуудыг УИХ-ын гишүүд хувьчлан авчээ. Үйлдвэрийн тоног төхөөрөмж хаягдал төмөр болон гадагш ачигдаж, ажилчид нь гудамжинд гарсан билээ. Ингээд л Монгол орон уруудаж, доройтож, зөвхөн л хэрэглэгч болж хувирчээ. Төр нь зөвхөн л ашигт малтмалын олборлолт болон наймаанд “шунаж”, ард иргэд нь ганцхүү ганзагын наймаанд донтож, залуус нь эдийн засгийн цагаачид болж, улстөрчид нь авлигачдад хувилж, Улаанбаатар нь барилгын ширэнгэн ой болж, иргэд нь барааны захуудаар л хөлхөж өдөр өнгөрөөдөг гунигтай, гутамшигтай нөхцөл, байдал тэгж л гараагаа эхэлсэн, гэмт хэргүүдийн төрөл, тоо ч дорхноо л өссөн юм. Шинэ худгаа ухаж дуусаад, усны нь хэмжээ ба амтыг мэдсэн, тогтоосны дараа л хуучин худгаа булдаг, дардаг даа. Гэтэл 1990 оны дараах удирдлага шууд л байсныгаа нураагаад, устгаад эхэлсэн нь амьдрал мэдэхгүйнх, туршлага дутсаных, бариа зөрөөн дээр амжиж идэх, завших шуналд хөтлөгдсөнийх байв.

 

Төр, засаг нь газар ухаж гарсан болгоныг нь гадаадруу ачуулдаг, ард иргэд нь гахай чирч ганзагын наймаа хийдэг, залуус нь гадаадад гарч боолын шахуу хөдөлмөр эрхэлдэг, хүн ам нь Хятад, Солонгосын бараа зардаг захуудаар л хольхиж өдөр өнгөрөөдөг, бага насны хүүхдүүд нь анги, танхимгүй, балчир үрс цэцэрлэггүй, хөгшид хоол, эмний мөнгөгүй, хэвтэж эмчлүүлэх оргүй... ийм байдал цаашид үргэлжлээд л байх гэж үү?

 

Их нөөцтэй, стратегийн ач холбогдолтой бүх орд газруудын хувьцааны тодорхой хэсгийг (40-50 хүртэлх хувийг) нийт хүн амдаа хувьцаа болгон тарааж, ноогдох ашгийг нь тогтмол олгож байх учиртай. Тэгж байж л ард түмэн чинь баялгийнхаа эзэн гэгдэнэ шүү дээ. Ирээдүй хойчисдоо зориулж тусгай сан ч байгуулах ёстой. Байгаа бүхнээ зуун жилийн дотор л 3-4 үе нь хуваагаад хэрэглэчихэж болохгүй биз дээ? Энэчлэн бодох, тооцох, шийдэх, хэрэгжүүлэх ажил мөн ч их байна даа. Одоохондоо бол Монголын баялгийн эзэд нь нийт ард түмэн биш хэдхэн арван гэр бүл л эзэн болчихоод, өмчлөөд, тэрбумтнууд гэгдээд аархаад, эрэмшин танхайраад, нам ба төрийн дээр гараад сууцгааж байна шүү дээ.

 

 

Судлаач, профессор Д.Чулуунжав