2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга “Монгол ялна” гэдэг уриа дэвшүүлэв. Уг нь энэ уриаг М.Энхсайхан нэр дэвшигч М.Энхболдод өмнө нь хэлээд өгчихсөн, түүгээр нь сурталчилгаагаа хийгээд явж байсан нь санамсаргүй хирнээ сонин давхцал. Нэр дэвших эрхээ авмагцаа М.Энхболдыг дэмжигчид “Хоржийлоо” гэж хашгирч байсан нь Түвдээр “Монгол ялна” гэсэн үг л дээ! Үүн дээр л алдсан юм. Цогт хунтайжийн цагаан байшинг галдахаар ирсэн Түвдүүд “Хоржийлоо” гэж хашгираад дайрдаг байхгүй юу...

 

За энэ ч яахав. Хоёр нэр дэвшигч ижил уриатай болчих нь тэр. Гэсэн ч энэ нь М.Энхболдод биш Х.Баттулгад илүү зохиж байсан учраас түүний уриа болоод явчихсан хэрэг. Сүүлдээ энэ уриа зөвхөн сонгуулийн уриа биш Х.Баттулгыг дэмжигч нийгмийн бүлгийн нэршил болж хувирлаа. 

 

Дураараа, засгийн алдааг хайр найргүй шүүмжлэгчид, дарга нарыг авилгадаад дураараа дургидаг гадаадын хөрөнгө оруулалтыг эсэргүүцэгчид, төрийн эрх мэдлийг чангатгахыг уриалагчдыг тэгж нэрлэх болсон агаад эрх баригчдыг дагадаг, өөрийгөө боловсролтой, хөгжлийн төлөө тархиа гашилгадаг гэж боддог бэртэгчдийн зүгээс “боловсролгүй”, “бүдүүлэг” хүмүүсийн нийтлэгийг нэрлэдэг хоч болгон хувиргав. Х.Баттулга Ерөнхийлөгчөөс буусны дараа “МОНГОЛ ЯЛНА”-чууд буюу МОЯА-чуудыг “хар масс” гэгч хочийг орлох бүлэг болгов. “Мояа”-чууд жинхэнээсээ байдаг, бодтойгоор оршин тогтнодог бөгөөд тэднийг зөвхөн Х.Баттулгыг тойрсон хэсэг бүлэг хүмүүс мэтээр төсөөлж байвал том эндүүрэл. Энэ бол Монголын нийгмийн бүх давхаргыг хамарсан, нийгмийн салаа мөчир бүхэнд шигсэн том бүлэг. Зохион байгуулалтад ордоггүй, орох ч үгүй биз. Зохион байгуулалтад ороогүй нийгмийн энэ бүлэг “Монгол ялна!” уриандаа зохицох нэг дүрийг хайж байдаг, түүнийгээ олсон гэж бодвол гайхалтай хурдан нэгдэж чаддаг сонирхолтой хүмүүс. Мояачууд Монголын өнцөг булан бүхэнд, нам бүхэнд, ерөөс газар сайгүй бий. Х.Баттулга 2017 онд үүнийг л олж хараад тэдний оюун санааны нэгдлийг зохион байгуулж, тэр суурин дээр ялалт байгуулсан билээ.

 

2017 оны сонгуулийн дараа нэгэн ажиглагч “Баттулгын багт ажиллаж байсан тэдгээр хүмүүс маргааш амьдрал үргэлжлэхгүй юм шиг бүхнээ дэнчин тавьчихсан яг галзуурсан юм шиг ажиллаж байгааг нь харахад нэг талаар бахтай мэт боловч нөгөө талаар аймшигтай байв...” гэж дүгнэж байлаа. Бас М.Энхболдын талд зөвлөж байсан нэг эрхэм “... Энд өөр хүч үйлчилсэн, түүнээс энэ сонгууль бүх талаараа биднийх байсан.

 

Бүх эрх мэдэл, мөнгө, зохион байгуулалт, хэвлэл мэдээлэл, орон нутгийн болон халамжийн засаглал... бүгд наашаа байсан шүү дээ. Тэгэхээр энд газрын хүч биш тэнгэрийн хүч үйлчилсэн...” гэж хэлсэн билээ. Өрсөлдөгч нь мөнгөө ч амжиж тараахааргүй тийм их санхүүгийн нөөцтэй байсан. Үнэхээр тэнгэрийн хүч үйлчилсэн, харин тэр “тэнгэрийн хүч” нь Мояачууд байсан. Бид мундаг гээд байгаа ч юм биш, ерөөсөө бидний тэрхүү итгэл үнэмшлийн эрчмийг нэгтгэн хуйларсан нэг тийм хүч бий болж томорч байгаа нь мэдрэгдэж байсан. Түүний үүсэл гарлыг олон судлаач тайлбарлаж мэдэхгүй, чадахгүй... Харин бид мэднэ. Энэ хүмүүс нэг л өдөр бий болоогүй бөгөөд 10 гаруй жилийн хугацаанд иргэний хөдөлгөөнүүдийн сунжирсан тэмцлийн жилүүдэд, хожим С.Баяр нар иргэний хөдөлгөөнүүдийн жагсаалыг цус урсган дарахад өсөрхлөө даран ядан үлдсэн тэр жагсагчдаас эхлэлтэй юм. 2008 оны 7 сарын 1-ний хөдөлгөөнийг цус урсган дарсан С.Баяр улстөрийн тавцанд ганцаардахгүйн тулд АН-тай эвсэхээс өөр гарцгүйг гярхай харсан бөгөөд үүний дараа МАН-ыг ч, АН-ыг ч эсэргүүцдэг, нэгдмэл удирдлагагүй, хорсож занасан нийгмийн бүлэг үүссэн билээ. Бүр 2016 оноос л МАН-ын электорат суурь 20 хувиас давж байгаагүй, АН-ынх түүнээс 5 орчим хувь доогуур байдаг. Харин энэ “Мояа” бүлэг бол сонгогчдын 30 шахам хувь! Хэрэв нэгтгэвэл шүү дээ! Тэд яагаад сарнидаг вэ гэвэл олон жижиг нам, хөдөлгөөнүүдэд хуваагдаж санал нь тардаг. Яагаад гэвэл тэд эрх баригчдын эсрэг саналаа өгөхөө мэдэхээс нэгдэх тухай ойлголт байхгүй, бие даасан урт дурынхан. Харин нэгтгэгч хүн, хүчин гарч ирвэл нягтраад дэмжихэд “тэнгэрийн хүч” болчихож байгаа юм. Залуу ч гэсэн зальтай Амарбаясгалан үүнийг мэддэг учраас сонгуульд үргэлж МАН-ыг дангаар нь оруулаад АН-ын араас 30 гаруй эвсэл, нам, бие даагчдыг мөнгөөр угжаад чиргүүл болгоод зүүчихдэг байсан. Тэгээд нийт саналын 30 гаруй хувийг авсан хэр нь суудлын үнэмлэхүй 60-аас дээшхийг намдаа авчихдаг. Харин АН ийм чиргүүл чирээд МАН-тай уралдана гэж байхгүй. Чиргүүлээсээ салахын тулд тэднийг ялагдалдаа буруутгаад зүгээр л дайсагналцдаг болчихсон. 

 

Үүнийг амархан шалгачихаж болно. АН эхлээд дангаараа жагсаал хийгээд үз, хэр хүч цуглах нь вэ? Дараа нь Баттулгыг гаргаад жагсаал зарлаад үз, хэр цуглах бол... Тэд аль нам засаглаж байгаагаас үл хамаарч сөрөг хүчний масс хүч болж явсан. Бүхий л жагсаалын гол оролцогчид тэд байсан, бүхий л эсэргүүцлийн дуу хоолойг уухайлан дэмжиж байсан.

 

Чухамдаа Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатар нар “Шударга-5” гэгдэж МАН-ын эрхийн төлөө, улмаар засгийн эрхийн төлөө тэмцэлдэж байхад гудамжин дахь гол хүч нь болж байсан. Мояачууд бүхнийг дэмжиж, бүхнийг эсэргүүцэж байсан. Чухамдаа энэ бүлэг бол онолын боловсролгүй үндэсний үзэлтнүүд! Тэд зүгээр л эх орондоо хайртай хүмүүс, зарж үрэхийг, ухаж зөөхийг, хуурч мэхлэхийг үзэн яддаг нийтлэг ментал бүхий нийгмийн томоохон “масс”. Тэд эрх баригчдын хувьд хар хүч байж магадгүй, харин тэднээс айдаггүй, цэрвэдэггүй улстөрчдийн хувьд “цагаан хүч”! Ийм болохоор товчхондоо бид МОЯА нэрийг зүүснээрээ хэзээ ч ичиж нэрэлхэж байсангүй, харин ч бахархалтайгаар “Тиймээ, би МОЯА” гэж хэлдэг. Уул уурхайн ашиггүй гэрээг эсэргүүцдэг, хууль бусаар хөлжигсдийн эсрэг хайр найргүй үзэлцдэг, хүн дэмжихдээ гар хумхиу хэл татуу, зусарч зуйрган биш, яаж ч мэдэх “тогтворгүй” араншинтай, богино хугацааны эрх ашгаар өөрийн хүнээ болгоход “найдваргүй” хүмүүс. Хэрэв тэднийг ашиглаж эрх мэдэлд хүрээд тэдэнд эс таалагдвал эргэлзээгүй хормын дотор эсрэг хүчин болж хувирдаг бүлэг. Тэдний дунд өндөр боловсролтой сэхээтнүүд, нийгмийн зүтгэлтнүүд, зүгээр л сайхан сэтгэлтэй, романтик эх орончид, улайрсан үндсэрхэх үзэлтнүүд, уламжлалыг хэт шүтэгчид, Монгол төвч үзэлтэн, боловсролгүй гудамжны балабанууд ч бий. Тэднийг эх орны төлөөх үзэл санаа, монгол үндэстний эрх ашиг нэгтгэдэг, тэд бие биесээ  зөнгөөрөө мэдэрдэг. Өнгөрсөн хугацаанд сөрөг хүчний үүргийг тэд л гүйцэтгэж байсан. Засаг захиргааны нэгжийн бүх түвшинд шүү!

 

Мояа бол зүгээр нэг хоч, алиа марзан хэллэг төдий биш, зөв зүг зөв өнцгийг нь олбол хэзээ ч чамбайран нэгдэж хүч болж чадах үндэсний үзэлтнүүдийг нэгтгэсэн нийгмийн маш том бүлэглэл юм. Хэрэв Ленин Монголд байсан бол яг энэ нийгмийн бүлгийг өөрийн болгож авах байсан. 

 

АН дахь Х.Баттулгын хүч таран байршсан тэдгээр мояачуудад байгаа юм. АН-ын хуучуул, хуучин эрх баригчид АН дахь гишүүний хуваагдлаар Х.Баттулгыг цөөн дэмжигчтэй гэж хардаг. Гэхдээ МоАХ фракцтай сөргөлдөхийн тулд тэд нэгдэхгүй бол тус тусдаа хүч хүрэлцдэггүй. Зарим нь Х.Баттулга “боловсон хүчний нөөцгүй” гэж зарладаг, тийм л дээ, гэхдээ наад хүн чинь “боловсон бус хүчний” хангалттай нөөцтэй хүн юм шүү! Тиймээс АН-ын намчдад энүүхэндээ шивнэн зөвлөхөд, энэ мояачуудын саналыг намдаа татаж чадвал ялна, түүндээ Баттулгыг ашиглах хэрэгтэй учраас хэлэлцэх шаардлагатай л болоод байгаа юм даа! Мояачуудыг сонгуульд дэмжигч хүчин болгох маш том боломж байна. АН-д ялах боломж бүрэн байгаа... нөөц нь энэ Мояачууд! Түүнээс намаа ялна гэж итгэхгүй байгаа, энэ удаа нэр дэвшээд танигдая гэж бодсон бөөн дурын уран сайханч, эсвэл өөрөө ялахын тулд тохироогоо МАН-тай хийнэ гээд хулхины хуйвалдаан бодож суугаа нэр дэвшихийг горилогч бол сонгуулийн ялалт, бүр цаашлаад улстөрийн ирээдүй ч байхгүй дээ. Жижиг тойрогт танигддаг болохоос том тойрогт танигддаггүй юм. Харин нигмийн бэлээхэн бүлгийг татаж чадсан нь танигдана, тэр байтугай ялна! 

 

Цаана чинь МАН-ынхан шоолоод байна лээ шүү, АН-ынхан МАН-тай эсвэл еөктэй тохиролцож байгаад л гишүүн болно гэж яагаад бодоод байна аа гэж... Ялалтандаа итгэхгүй, хамтарсан засаг байгуулна, тэр тэр яамыг авна гээд бүүр ялагдлаа хүлээн зөвшөөрчихсөн хүмүүс АН-ын байшингаар дүүрэн байна. Ийм сэтгэлзүйтэй тулаанд орохоор яаж ялах юм?! Харин Мояачууд бэртэгчин хуйвалдагчидтай бус ялагчидтай хамтрах эрмэлзэлтэй байна.

 

Тэгж яривал АН-ын цор ганц маш том алдаа бол Мояачуудаа тоодоггүй, зугатдаг, Ардчилсан хувьсгалын анхны зорилго нь өөрөө “Монгол ялах” буюу МОЯА байсныг мартсанд л байгаа юм даа! Одоо мөнгөөр МАН-тай өрсөлдөхгүй, “боловсон хүчний” нэр дэвшигчээр бүр ч өрсөлдөхгүй, боловсон бус хүчний дайчилгаагаар л ялна! Ялъя гэвэл шүү дээ! 126 гишүүнтэй болно гээд хүссэн хүн бүхэн тийшээ орох боломж байхгүй, яагаад гэвэл тоглоомын дүрэм тэгтлээ өөрчлөгдөөгүй. МАН өөрөө ялах хувилбараар шатраа өрчихсөн! Ийм нөхцөлд “дүрмээр тоглодоггүй” арми л хэрэгтэй! Н.Номтойбаярын эвслээс айж шээсээ гоожуулах шаардлагагүй, 20 гаруй ашигт малтмалын лиценз эзэмшдэг, түүнээсээ өдөрт 10 тэрбумыг олдог энэ гэр бүл түүгээрээ дэнчин тавьж намынхаа эсрэг улстөр хийнэ гэж бодож байна уу? Үгүй ээ, мянган хувь ҮГҮЙ! Энэ баялгаа тавьж туугаад хоосон улстөр хийдэг тэнэг бол Нямтайширын гэр бүл лав биш! Номтойбаярт романтизм байхгүй, эрх ашиг бол бий. Энэ бол цэвэр улстөрийн тохиролцоо. Түүний үзэгдэж байгаа дүр бол гэнэн тэнэг бид нарт зориулсан хөөрхөн жүжиг. Тэр жагсаалт толгойлно, Номтой л гарна, тэгээд л болоо! 126 болсон юм чинь одоо л гарна гэсэн үй олон нам, эвслүүд тус тусдаа орцгооно, үр дүн гарахгүй. Бүгд саналаа сайхан хуваана, үр дүнд нь дахиад л МАН арай олон, АН арай цөөн, тэгээд бусад нь хэн ч биш эрээвэр хураавар. Олон нам өндөр босгыг давахгүй тул хоёр том нам пропорцоор дэмжигчдийнх нь саналыг өөрсөддөө хувааж аваад суудлынхаа тоог нэмэх заль л байгаа. Товчхондоо юу ч өөрчлөгдөхгүй гэсэн үг. Харин мояачуудын гол хүч, ид бах нь нөхцөл байдал ямар байх нь хамаагүй, ямар ч нөхцлөөс эхэлсэн алалцаад дуусна, эцсээ хүртэл явна гэсэн хатуу чиг шугамандаа л байгаа юм. Тэд АН-ын төлөө явах магадлал бага ч гэсэн МАН-ын эсрэг явах хүсэл, хүч нь хангалттай. Ухаантай удирдагч бол зөвхөн тэднийг л дагуулах ёстой. 

 

Хэрэв АН улстөрийн тулхтай, увайгүй шийдмэг хүчин байсан бол боломжтой бүх нөхцлийг ялалтынхаа төлөө шимэлдэг болтол нь ашиглах байсан. Гэтэл чухам “Женкотой ялснаас ялагдсан нь дээр” гэдэг бол зүгээр л ялагдлаа хүлээн зөвшөөрлөө гэсэн үг! Нам доторх өсөрхлөө давж гарах зориг, тэчээргүй юм бол нийтийн дайсантайгаа яаж тулалдах вэ?! 

 

Одоо тэгээд Женко нь бичүүллээ, Женкогийн мояа шулам гээд хараагаад унав. Зүгээр л сэтгүүлчийн араншин дотроос хатгаад тэвчээр алдраад үнэтэй зөвлөгөөгөө үнэгүй өгчихлөө...

 

Гантөмөрийн Уянга