Төр, түмний түвшинд мөн ч олон жил ярьсан баялгийн сантай болох асуудал одоо нэг биелж мэдэхээр боллоо. Бараг л 20-иод жил ярьсан сан л даа.

Харин одоо Үндэсний баялгийн сангийн хуулийг УИХ хэлэлцэж эхлээд байна. Гэхдээ “...Энэ хуулийг УИХ шийдчихнэ биз” гээд хаячихмааргүй аж. Яагаад гэхээр Үндэсний баялгийн сангийн хуульд “...УИХ баталж чадах болов уу, яах бол” гэмээр хэд хэдэн агуулга багтжээ. Тухайлбал, стратегийн ач холбогдол бүхий ордуудын 34 хувийг “Эрдэнэс Монгол”-оор дамжуулаад Үндэсний баялгийн санд хуримтлуулахаар болсон байна. Хуулийн танилцуулгад “...2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2-т оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр байгалийн баялаг, түүний дотор газрын хэвлийн баялгийг ашиглах суурь зарчим, нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас бий болсон үр өгөөжийг өнөө ба хойч үеийн иргэн бүрд тэнцвэртэй хуваарилах үзэл санааны суурийг илүү тодорхой болгон баталгаажуулснаар “Үндэсний баялгийн сан” хэмээх Үндсэн хуулийн шинэ ойлголт бий болж, түүнийг хэрхэн бүрдүүлэх, хуваарилах, удирдах болон эдгээртэй холбоотой бусад нарийвчилсан харилцааг зохицуулах зайлшгүй шаардлага бий болсон” гэжээ.

 

Энд яагаад “...Стратегийн ордуудын 34 хувийг Үндэсний баялгийн санд хуримтлуулна” гээд байна вэ. Яагаад гэхээр Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийн 12.7- д “…Стратегийн ач холбогдол бүхий ордын төрийн эзэмшлийн хувийг орлого төвлөрүүлэгч хуулийн этгээд эзэмшинэ” гэж оруулсан байгаа юм.

 

Үүнийг хэрэгжүүлэхийн тулд ямар ч байсан стратегийн ордоор 2007 онд УИХ-аас тогтоосон 15 орд, 2015 оны нэг орд нэмэгдээд, 16 ордын асуудал яригдана. Гэтэл дийлэнх нь “Эрдэнэс Монгол” буюу төр, нийтийн эзэмшлээс гадуур байна. Зарим нь “...Монголын төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзлээ” гэсэн УИХ-ын тогтоолтойгоор хувьд очсон. Тэгэхээр тэдгээр ордын 34-өөс доошгүй хувийг “Эрдэнэс Монгол”-д авах шаардлага үүсээд байгаа хэрэг л дээ.

 

Дээрээс нь одоо “Эрдэнэс Монгол”-ын эзэмшилд, ашиг орлогоо өгч буй ордуудаа ч бүрэн эзэмших хэрэгтэй болж буй юм. Өөрөөр хэлбэл, Эрдэнэтийн зэс, молибденийн ордыг “Эрдэнэт үйлдвэр” олборлож, “Эрдэнэс Монгол” удирдлагаар хангаж ажилладаг. Энэ орд төрд байгаагийнхаа ашиг шимийг ковидын үеэр сайн л өгсөн. Гэхдээ Эрдэнэтийн ордоос хувьд очоод байгаа овоолгууд энэ хуулийн хүрээнд хүчээр яригдахаар болж байна.

 

 Уг нь тэдгээрийг ирээдүйд хэрэглэхээр ухан гаргаж тусгайлан овоолж бэлтгэсэн хүдрийн овоолго аж. Гэхдээ “...Технологид тохирохгүй” гэдэг тодорхойлолттой болчихсон. Тэгсэн атлаа хэд хэдэн хувийн компани ашигладаг. Катодын зэс үйлдвэрлэж, экспортод гаргаад сая сая ам.долларын ашиг олдог. Ганц л компанийнх нь “тоо”-г харахад 2021 онд Хятад руу 8,008.39 тн катодын зэс, 2022 онд Хятад руу 7,928.624 тн катодын зэс, 2023 онд Хятад, Тайвань руу 7,690.274 тн катодын зэс экспортолсон байдаг. Ингэж овоолго ашиглаж байгаа гурван компани бий. Мөн Тавантолгойн орд таван хэсэг болчихсон. Ганц нь төрд буюу “Эрдэнэс Монгол”-д үлдсэн. Түүнийг улс төр, бизнесийнхэн олон жил хэрэглэж, тэр нь “нүүрсний хулгай” нэрээр саяхнаас ил болсон. “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас бусдаас нь бас 34 хувийг авч таарна. Тэдний л 34 хувийг “Эрдэнэс Монгол” эзэмшинэ. Тэгээд Баялгийн сан руу орлого болж төвлөрүүлнэ. Хуулийн төсөл ийм зарчимтай. Харин хууль тогтоогчид хэрхэх бол?!

 

Ер нь бол энэхүү нийтээр хэрэглэх статустай ордуудыг цөөн хэдэн нөлөө бүхий хүний бүлээрээ, компаниараа эзэмшиж ирсэн. Тийм ордуудыг хэн хэн эзэмшиж, ашигладгийг бүгдээрээ л мэднэ. Гээд яаж ч чадалгүй өнөөдрийг хүрсэн байдаг. Харин энэ хуулийн төсөл тэдний эрх ашгийг хөндөхөөр байна. Тэд нэгэнт гартаа оруулаад авсан орд, баялгийг “...Алдахгүй” гэж таарна.

 

Нэлээн саад болно. Тэгэхийг оролдоод ч эхэлжээ. Хуулийн төсөл өргөн баригдаж, ярьж эхлэнгүүт л эсэргүүцэл УИХ дотроосоо эсэргүүцэл гарч ирж байх юм. Энэ цаашаа өргөжиж ч мэдэхээр байна. УИХ тэр бүхнийг давах шаардлагатай болно. Давж гараад, Үндэсний баялгийн сангийн хуулийг баталж чадвал маш сайн. Чадахгүй, ухарвал, худалдагдвал маш муу. Ерөнхийдөө, “...Энэ УИХ бүрэн эрхийнхээ дөрвөн жилийн хугацаанд ямархуу ажилласан бэ” гэдэг нь энэхүү Үндэсний баялгийн сангийн хуулиас ихээхэн шалтгаалахаар болчихож байгаа юм.

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин