Монгол хэлний шалгалтыг 33361 сурагч өгснөөс 28061 нь тэнцэж 5300 нь тэнцээгүй
2024/04/23
Их сургуульд элсэн суралцагчдын түвшин тогтоох Монгол хэл, бичгийн шалгалтыг энэ сарын 6-нд орон даяар зохион байгуулагдаж, саяхан дүн гарсан.
Улсын хэмжээнд 33361 шалгуулагч уг шалгалтыг өгснөөс 28061 нь тэнцэж 5300 нь тэнцээгүй байна. Тодруулбал тэдгээр шалгуулагчид их сургуульд элсэн суралцах эрх бүхий босго 400-аас бага оноо авч, шалгалтад тэнцээгүй гэсэн үг.
Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбатаас тодруулахад “Монгол хэл бичгийн шалгалтад унасан шалгуулагчдын тоо өмнөх оныхтой харьцуулахад ойролцоо байна. Ер нь монгол хэл бичгийн шалгалтын дүн сүүлийн 10 жилийн хугацаанд нэг их өөрчлөгдөөгүй. Элсэлтийн ерөнхий шалгалтад тэнцээгүй шалгуулагчид энэ оны наймдугаар сарын 17-нд дахин шалгалт өгөх боломжтой” гэсэн юм.
Мөн Боловсролын үнэлгээний төв нь 2024 оны дөрөвдүгээр сарын 20-24-ны 11-17 цаг хүртэл Монгол хэл бичгийн шалгалттай холбогдолтой өргөдөл гомдол хүлээн авах юм байна. Сонирхуулахад, энэ удаагийн монгол хэл бичгийн шалгалтад 57 хүүхэд 800 оноо авчээ.
Өнгөрсөн 2023 оны Монгол хэл бичгийн шалгалтад 30879 шалгуулагч оролцож, 26017 нь тэнцсэн бол 4862 шалгуулагч тэнцээгүй юм.