Үндэсний "Номын баяр" нэг хоногоор хойшиллоо
2024/05/14
Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Номын баяр тэмдэглэх тухай" 158 дугаар зарлиг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, Засгийн газрын 295 дугаар тогтоолын дагуу 2024 оны “Номын баяр” тавдугаар сарын 17-19 өдрүүдэд улс орон даяар зохион байгуулагдахаар болсон.
Гэвч 35 дахь удаагийн “Номын баяр” нэг өдрөөр хойшилж тавдугаар сарын 18-20 өдрүүдэд зохион байгуулагдахаар болжээ.
Энэ талаар мэдээллийг “Номын баяр”-ын үйл ажиллагааг санаачлагч “Номын соёлт ертөнц” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Сувдаас тодрууллаа. Тэрбээр, “Жил бүрийн тав болон есдүгээр сард “Номын баяр”-ыг уламжлал болгон зохион байгуулдаг. Гэвч энэ удаагийн “Номын баяр” Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотойгоор нэг өдрөөр гэнэт хойшлохоор боллоо. Аливаа төлөвлөсөн үйл ажиллагаа нэг өдрөөр хойшлоход бусад ажлууд дагаад хойшилдог учир үүнээс шалтгаалсан төвөгтэй байдал үүсээд байна. Одоогийн байдлаар үүсээд буй асуудлыг шийдэхээр ажиллаж байна” гэв.
Энэ удаагийн номын баярт Английн “Andrew Nurnberg Assocaites” утга зохиолын агентлаг, Туркийн “Introtema” орчуулгын болон зохиогчийн эрхийн агентлагийн төлөөлөгчид ирж монголын хэвлэн нийтлэгчдэд сонирхолтой номуудыг санал болгох, гаднын зах зээлд номоо гаргах хүсэлтэй зохиолчийн бүтээлтэй танилцах ажлуудыг төлөвлөжээ. Мөн Унгар, Казакстан, Орос, Солонгос зэрэг улсаас хэвлэн нийтлэгчид хүрэлцэн ирэхээр болсон байна.