С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой эд мөрийн баримтуудыг АНУ-ын ДНХ шинжилгээний байгууллагаар шинжлүүлсэн үр дүнгийн талаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас өнөөдөр мэдээллээ. 

Өнгөрсөн хугацаанд С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан шалгаж байсан хүмүүстэй харьцуулах шинжилгээг хийлгэхэд "таараагүй буюу тохироогүй" гэх хариу гарсныг албаныхан хэлсэн юм. 

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Энхтөр хэлэхдээ "Эрүүгийн 830, 142 дугаартай С.Зориг бусдад хутгалуулж нас барсан хэрэгт Тагнуулын Ерөнхий Газар, Цагдаагийн Ерөнхий Газрын дарга нарын хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Цагдаагийн байгууллагаас 1998 оны аравдугаар сарын 3-ны өдөр хэрэгт хураагдсан эд мөрийн баримтуудад АНУ-ын ДНХ шинжилгээний байгууллагын дэвшилтэт технологийг ашиглан энэ онд шинжилгээ хийлгэж, эд мөрийн баримтуудаас ДНХ мэдээлэл тогтоосон.

Хэрэгт 26 жилийн турш тасралтгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч ийнхүү анх удаа ДНХ мэдээлэл шинээр тогтоогдож байгаа юм. 

Энэхүү ДНХ мэдээлэл нь урьд өмнө С.Зориг агсны хэрэгт холбогдуулан шалгагдаж байсан бусад хүний ДНХ мэдээлэлтэй тохироогүй. Өөрөөр хэлбэл ДНХ мэдээлэл нь хэнийх болохыг тогтоох чиглэлээр хамтарсан ажлын хэсгийнхэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна" гэлээ. 

"Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтуудыг АНУ-д шинжлүүлсэн"

АНУ-д хийлгүүлсэн ДНХ шинжилгээний хариуны талаарх сэтгүүлчдийн асуултад албаныхан дараах хариултыг өгөв. 



Сэтгүүлч: Зоригийн хэрэгт яллагдагчаар татагдан шийтгэгдэж байсан Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарын ДНХ-тэй таарахгүй байгаа гэсэн үг үү?

Хурандаа Б.Энхтөр: Тэгж ойлгож болно.

Сэтгүүлч: Шинжилгээний хариу нь хэзээ ирсэн юм бол?

Хурандаа Б.Энхтөр: Энэ оны тавдугаар сард ирсэн.

Сэтгүүлч: Хэний үсийг ямар байгууллагаар шинжлүүлсэн юм бэ?

Хурандаа Б.Энхтөр: Шинжилгээ хийлгүүлсэн байгууллагын хаяг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломж байхгүй. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй.

Сэтгүүлч: Хэргийн газрын ямар эд мөрийн баримтыг шинжлүүлсэн болон шүүх шинжилгээний талаар мэдээлэл өгөхгүй юу?

Хурандаа Б.Энхтөр: Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтуудаас гэж ойлгож болно.

Сэтгүүлч: Өнгөрсөн 26 жилийн хугацаанд эд мөрийн баримтуудыг нь шинжилгээнд өгч байгаагүй юм уу?

Хурандаа Б.Энхтөр: Өмнө нь шинжилгээнд өгч байсан. Гэхдээ одоо шинээр мэдээлэл илэрч байна.

"Хэргийн оролцогч нарын ДНХ-тэй таараагүй гэх хариу гарсан"

Үргэлжлүүлэн ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 



Тэрбээр "Хамгийн сүүлд хийлгэсэн шинжилгээгээр илэрсэн мэдээллийг та бүхэнд танилцуулж байгаа юм. Тухайн хэргийн оролцогчид буюу холбогдон шалгагдсан хүмүүстэй харьцуулах шинжилгээ хийсэн нь тохироогүй.

Харьцуулах шинжилгээ хийсэн нь үндсэндээ таараагүй гэсэн үг" хэмээв. 

Сэтгүүлч: Цаашид процесс хэрхэн үргэлжлэх вэ?

Дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр: Мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдаж байна. Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цагаас хойш 26 жилийн хугацаанд тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн шалгасаар байгаа.

Сэтгүүлч: Хууль, хяналтын байгууллагаар өмнө нь ял шийтгэгдсэн хүмүүсийг хэлмэгдүүлсэн гэсэн үг үү?

Дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр: Бид энэ талаар байр сууриа шууд илэрхийлэх боломжгүй. Өмнө нь шалгагдаж байсан болон тухайн хэргийн оролцогч нарын ДНХ-тэй таараагүй гэх хариу гарсан.

Өмнө нь хэргийн газраас хураагдаж авсан баримтуудаас шинээр ДНХ гаргаж авсан шинжилгээний дээжийн хариу. Түүнийгээ хэрэгт шалгагдсан хүмүүстэй нь харьцуулсан шинжилгээ хийсэн гэсэн үг.

Сэтгүүлч: Тэр эд мөрийн баримт гэдэг чухам юу юм бэ. Үс, хумс байсан гэх мэдээлэл бий. 

Дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр: Юу гэдгийг нь хэлэх боломжгүй. Прокурорын зөвшөөрөл энэ хүрээндээ гарсан.

Сэтгүүлч: Тэгэхээр та бүхэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар энэ хэрэгт холбогдолгүй, сэжигтэн биш гэдгийг хэлэх гэж өнөөдөр хэвлэлийн хурал зарласан юм уу?

Дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр: Нийгэмд эргэлзээтэй олон асуудал бий боллоо. Шинжилгээний үр дүнгээр тогтоогдсон нөхцөл байдлыг нийт иргэдэд мэдээлэх нь зүйн хэрэг байх.

Сэтгүүлч: Сонгуулийн үеэр заавал хэвлэлийн хурал зохион байгуулж, ийм мэдээлэл хийх шаардлага байдаг юм уу?

Дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр: Тогтсон үр дүнг цагдаагийн байгууллагаас иргэдийн мэдэх эрх, нийтийн ил тод байдлын хүрээнд зөвхөн энэ хэрэг гэлтгүй бүх хэргийн мөрдөн шалгах явцыг танилцуулдаг.