Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Үндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж буй барилгын каркасыг эзэмшигчтэй нь зөвшилцөн буулгаж эхэллээ. 

Тус талбайг ногоон байгууламж болгон тохижуулахаар төлөвлөжээ. 

Энэ талаар нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Уг барилгыг нураахад тус компанийн зүгээс бидний ажлыг дэмжиж зөвшөөрсөнд талархал илэрхийлье. Нийслэл хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хууль батлагдаад таван сар гаруй болж байна. Энэ хугацаанд барилгын нягтаршил ихтэй байршлуудад барилгын зөвшөөрөл олгохгүй, архитектур төлөвлөлтийн даалгавар шинээр олгохгүй байх бодлого баримталж байгаа. 

Улаанбаатар хотын төв Их Тойруугийн 880 га газарт 1,500 барилгын зөвшөөрөл олгосон нь нийслэлийн нягтаршил, түгжрэлийг шийдэхэд төвөг учруулна. Иймд барилгын зөвшөөрөлтэй иргэн, аж ахуйн нэгжүүд нийслэлтэй уулзаж, байрлалаа өөр тийш шилжүүлж, нүүлгэхэд хамтарч ажилламаар байна" гэлээ.