“МОНГОЛ ЦЭРЭГ -ДЭЛХИЙН ЦЭРЭГ” ХЭМЭЭХ БРЭНД НЭР БОЛ БИД БҮХНИЙ 20 ЖИЛИЙН ДАЙЧИН АЛДАРТ ХҮРТЭЭСЭН ЦОЛ ЮМ
2024/05/29
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 5 дугаар сарын 29-ний өдрийг Олон улсын энхийг сахиулагчдын өдөр болгон зарласан түүхтэй. Монгол Улсын хувьд Засгийн газрын 2012 оны 140 дүгээр тогтоолын дагуу энэхүү түүхэн өдрийг энхийг сахиулагчдынхаа амжилт, ололт, алдар гавьяаг алдаршуулан сурталчлах, энхийг дэмжих ажиллагааны үүрэг, оролцоо, ач холбогдлыг түгээн дэлгэрүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ёслон тэмдэглэж байна.
Өнөөдөр тохиож буй Энхийг сахиулагчдын өдөрт зориулсан ёслол, хүндэтгэлийн ажиллагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Монгол цэрэг энхийн төлөө” дурсгалын цогцолборт боллоо. Ёслол хүндэтгэлийн ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын АБГББХ-ны дарга Б.Энх-Амгалан, УИХ-ын ТББХ-ны дарга Н.Энхболд, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Г.Сайханбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах, цэргийн бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, НҮБ-ын суурин зохицуулагч ноён Тапан Мишра, Европын холбооны төлөөлөгч Никита Люмино, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч ноён Эваристе Коуасси-Комлан, Хүн амын сангийн тэргүүн ноён Халид Шарифи, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, энхийг сахиулагчдын төлөөлөл оролцлоо.
УИХ-ын дарга Г.Занданшатар монгол цэргийн тэсвэр хатуужил, эр зориг, дасан зохицох чадвараараа дэлхийд өндрөөр үнэлэгдэж, даян дэлхийд энхийг сахиулах ариун, хүндтэй үүргээ нэр төртэй гүйцэтгэн эх орон, төр ард түмнийхээ бахархал болсон нийт цэнхэр дуулгатнууддаа баяр хүргэж, аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөв.
Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр энэхүү баярт мөчид Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн орны хувьд энхийг дэмжих ажиллагаанд оролцож, улс, эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөх их үйл хэргийн эхлэлийг тавьсан үе үеийн төр, цэргийн зүтгэлтнүүд, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлага болон энхийг сахиулагч дайчдадаа чин сэтгэлийн талархал дэвшүүлэв. Монгол Улсын Зэвсэгт хүчин 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад анхны хоёр цэргийн ажиглагчаа илгээснээр Монгол Улсын даян дэлхийд энх тайван, аюулгүй байдлыг сахих их үйлсэд оруулах бодит ажил биеллээ олж, өнгөрсөн хугацаанд нийт давхардсан тоогоор 22 мянга гаруй цэргийн алба хаагч дэлхийн халуун цэгүүдэд үүргээ амжилттай гүйцэтгээд байна. Үүний үр дүнд даян дэлхийд Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж, НҮБ-ын тавцанд бүтээсэн “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” хэмээх брэнд нэр нь та бидний 20 гаруй жилийн дайчин алдарт хүртээсэн цол гэдгийг Батлан хамгаалахын сайд энэ үеэр онцоллоо. Түүнчлэн “Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай /шинэчилсэн найруулга/ хууль болон Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж баталсаны зэрэгцээ батлан хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх, батлан хамгаалах салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, нийт бие бүрэлдэхүүний тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх, нийгмийн хамгааллын болон бусад тулгамдсан асуудлыг оновчтой шийдвэрлэх талаар онцгой анхаарч ирсэн УИХ-ын дарга, гишүүдэд салбарын удирдлага, бие бүрэлдэхүүний өмнөөс гүнээ талархаж, цаашдын ажил үйлсэд нь улам их амжилтыг хүсье” гэлээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Зэвсэгт хүчний 900 орчим цэнхэр дуулгатан-энхийг сахиулагч Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Бүгд Найрамдах Иемен Улс, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Ливан Улс, Бүгд Найрамдах Кипр Улс болон Баруун Сахар, Хилийн маргаантай Абей бүсэд явагдаж буй 8 энхийг сахиулах ажиллагаанд үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж байна.
Тэдний дотор Бүгд Найрамдах Кипр Улсад явагдаж буй энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс анх удаа Цэргийн хүчний командлагчаар хошууч генерал Б.Эрдэнэбат үүрэг гүйцэтгэж буй нь манай улсын энхийг дэмжих ажиллагаанд оруулж буй хувь нэмэр, олон жилийн дадлага, туршлага, мэргэжлийн ур чадварыг үнэлсэн бодит үнэлгээ юм.