УИХ-ын сонгуулийн санал хураалт болох хүртэл 23 хоног үлдээд байна. Энэ өдрүүдэд сонгуульд нэр дэвшигчид хандивын данс нээснээ сошиал хаягаараа мэдээлж эхлээд байна. 

Тэгвэл сонгуулийн шоу гэлтэй нэр дэвшигч нар ар араасаа мөнгөгүй учир ах, дүүсээ л сонгуулийн ажилдаа цалингүй дайчлан ажлуулна хэмээн ярьж эхэллээ. Угтаа бол тэд ард түмнээр өрөвдүүлэх тактик ашиглаж буй бололтой. Гэхдээ өдгөө энэхүү ярианд нь өрөвдөж хайрлан нигүүлсэнгүй хандаж сонсгох явуургүй сонсогч үгүй болсон гэдгийг тэд мэдэхгүй л яваа юм аа даа чааваас. Та нар өөрчлөлтийг авчирч залуусын ирээдүйг атгана гэж гонж болжээ гэхэд буруутахгүй нь ээ. Ингэж ажлуулчихаад төрд гарсан хойноо ажил амладаг байж ч мэдэх. Төрийн албыг төрлийн алба хүртэл болгож амжсан гашуун түүх ч бий. 

Өнөө жилийн УИХ-ын сонгууль бүсчилсэн тойргоор явагдана. Сонгуульд зарцуулах нэр дэвшигчдийн зардлын дээд хэмжээг 1.5 тэрбум байхаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчид энэ хэмжээний мөнгөн дүнг сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулах эрх зүйн зохицуулалттай бөгөөд санхүүгийн тайлангаа аудитаар хянуулах ёстой. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Энэ удаагийн Сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр тойрог томсоно гэж тооцоогүй. Ингэснээр зардал гурав дахин нэмэгдсэн. Өнгөрсөн удаагийн 400 орчим сая төгрөгөөр сонгуулийн сурталчилгаагаа хийж байсан.

Шуудхан хэлэхэд сонгуулийн зардал босгоход маш хүнд байна. Бүх зүйл ил тод, нээлттэй байх ёстой. Би ганц найз нөхдөөсөө, ах дүү нараасаа гуйж байна. Би заримд нь шууд хэлж байгаа. "Ухуулагчийн мөнгө өгч чадахгүй юм шиг байна шүү. Сайн дураараа үнэгүй ажиллах хүн байвал надад ажиллуулж өгөөрэй гэж намынхандаа хэлж байгаа. Сонгогчдоо хандана. Ний нуугүй хэлэхэд нуруугаа авчхаад байна" хэмээн ярилаа.

Харин ганцхан тэр мөнгөгүй хэмээгээд байгаа нэр дэвшигч нь биш юм аа. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Манай тойрогт энэ мөнгийг юман чинээ тоохоо больчихсон мөнгөтэй дэвшиж байгаа. Би бол сонгуулийн энэ тогтолцоог анхнаасаа эсэргүүцэж байсан. Зардал өгссөн учир ахмадуудаасаа дэмжлэг хүснэ. Миний батлуулсан хуулийн хүрээнд ахмадын тэтгэвэр 420 мянган төгрөгөөр нэмэглдсэн” гэв.

Мөнгөгүйчүүдийн цувааг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир ч үргэлжлүүллээ. Тэрбээр “Ардаа бизнесгүй орон нутгийн гишүүдэд сонгуулийн зардал хүнд тусаж байна. Уг нь сонгуулийн зардлыг бууруулах талаар ярьсан ч сонгуулийн хууль батасны дараа тойрог томссон. Тиймээс би ард түмнээсээ хандив хүснэ” хэмээн мэдэгдлээ.

Ер нь намдаа хандив өргөхдөө хэдэн тэрбумаар ч торойх зүйлгүй өгчихдөг байж өөрсдийгөө сурталчилгааг хийлгэх хүмүүстээ цалин мөнгө өгөх болохоор ийнхүү луу унжиж түрүүвч хоосоноо гайхсан нөхдүүд ард түмний төлөөлөл болж чадах уу?! 

Одоо цагт монголчуудаас өөр хүний хөдөлмөрийг үнэлдэггүй газар үгүй. Төрөл садан, найз нөхөд гэж гуйлга гуйж ажлаа амжуулсаар хүнийг үнэлэх үнэлэмж эрс муудсан. Тиймдээ ч бидний ажлын хөлс, ур чадвар монголдоо үнэлэгдэхгүй цалингаас цалингийн хооронд амьдарч яваа. Түүнчлэн тэдний ярианаас мөнгөтэй, бизнестэй улс төрчид л түрүүвч зузаантай байдгийг олонд илчлэгдэж өглөө. Хэрсүү байж сонголтоо зөв хийх цаг хэдийнээ иржээ.