Жүдо бөхийн дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Ц.Цогтбаатар “Парис-2024” олимпын наадмыг маш хүнд гэмтал авсны улмаас өнжихөөр боллоо.

Түүний хоёр өвдөгний чагтан холбоос тасарсан бөгөөд өчигдөр БНСУ-д мэс засалд орсон нь амжилттай болжээ. Ц.Цогбаатар гавьяатын хувьд он гарснаас хойш ердөө хоёр тэмцээнд оролцсон.

Тодруулбал, насанд хүрэгчдийн ААШТ болон Казахстаны Астана хотод болсон “Их дуулга”-д барилдсан юм. Гэвч гэмтэл нь бүрэн эдгээгүй байсан тул үндсэн барилдаанаа гаргаж, санасан амжилтаа үзүүлж чадаагүй. Улмаар бэртлийн улмаас насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өнжсөн. Мөн олимпын наадмыг өнжиж, түүний оронд олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбаяр Парисыг зорино.

"Тамирчин хүний хамгийн том дайсан бол өрсөлдөгч биш, өөрөө ч бас биш гэмтэл бэртэл л байх юм аа. Хоёр өвдөг нь хоёулаа чагтан холбоосгүй болоод алхаж чадалгүй Астанагаас тэргэнцэртэй ирсэн. Хойтон жил Унгарын дэвжээнд гарахыг чинь хурдхан хармаар байна, хошой аварга болохыг чинь ч үзмээр байна. Хурдан эдгээрэй аваргаа" хэмээгээд фэнүүд нь хурдан эдгэхийг ерөөж байна.