Цэргийн төв эмнэлэгт хуваарилагдсан мөнгийг сонгуульд ашиглажээ гэх худал мэдээлэл цацсан асуудлаар гомдол гаргана
2024/06/14
Өчигдөр буюу энэ сарын 13-ны өдөр нэр бүхий сайтад "Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр салбараасаа 50 тэрбум төгрөг "хулгайлж" сонгуульдаа зарцуулжээ" гэсэн гарчигтай сурвалжилга гарсан юм.
Тус сурвалжилгад "Батлан хамгаалах яамны сайд нар алба хаагч нартаа цалинтай амралт өгөөд нэр дэвшиж буй тойрогтоо ашиглахаар аймаг, орон нутаг руу нь явуулсан, Зэвсэгт Хүчний Жанжин Штаб (ЗХЖШ)-ын Материал, техникийн газрын дарга хурандаа нь өнгөрсөн жил сайдтайгаа хамт Баян-Өлгийд ажиллаж байхдаа алба хаагчаа хүчирхийлсэн гэмт хэрэгт холбогдсон ч одоог хүртэл ажил, албаа гүйцэтгэж байна.
Салбарын сайдынхаа сонгуулийн ажилд алба хаагчдаа ашиглаж байгаа талаар мэдээлэл өгсөн хүмүүсийг үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлсөн, энэ тус сурвалжилгын баг тодруулах гэхэд удирдлагууд нь зугтсан" гэсэн утга бүхий мэдээлэл цацагджээ.
Уг асуудалтай холбогдуулан Цэргийн төв эмнэлгийн удирдлагууд өнөөдөр Поликлиникийн хурлын танхимд мэдээлэл хийлээ.
Энэ талаар тус эмнэлгийн дарга, хурандаа Б.Энх-Од "Тус сайтаар цацагдсан 30 орчим минутын бичлэгт манай Цэргийн төв эмнэлэгт хуваарилагдсан мөнгийг сонгуульд ашиглажээ гэсэн утга бүхий худал мэдээллийг зориудаар цацсанд харамсаж байна.
Манай эмнэлэг 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс улсын төсвөөс гадна гүйцэтгэлийн санхүүжилт авдаг болсон. Тодруулбал Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар (ЭМДЕГ)-аас санхүүжилт авч байна. Үүний дагуу жилийн 20 тэрбум төгрөгийн санхүүжилтийн гэрээ байгуулсан. Үүнийг сонгуулийн ажилд зарцуулсан мэтээр илэрхий худал мэдээлэл цацагдлаа.
Тийм учраас дээрх мэдээлэл худал гэдгийг албан ёсоор мэдэгдье. Цаашид энэ асуудлаар хууль хяналтын байгууллагаар "neguun.mn" сайт болон сэтгүүлч н.Оргилыг шалгуулна" гэж ярилаа.
Уг хэвлэлийн хуралд "neguun.mn" сайтын эрхлэгч болон тус сайтын сэтгүүлч Г.Оргил нар оролцсон юм. Тэд Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас шалгалт хийсэн талаар тодруулахад Б.Энх-Од "АТГ-аас төлөвлөгөөт ажлын дагуу шалгалт явуулж, тодорхой зөвлөмж бидэнд өгсөн. Гэхдээ хэн нэгэн хүний гомдлын дагуу шалгалт хийгээгүй. Энэ талаар тухайн байгууллагаас нь тодруулах шаардлагатай" гэв.
Хурлын төгсгөлд тус эмнэлгийн санхүү хариуцсан дарга Ч.Ганчулуун "2024 оны байдлаар ЭМДЕГ-аас 30 тэрбум төгрөг авахаар төсөвлөсөн. Үүний 28 тэрбумыг ажилчдын цалинд тусгагддаг. Ямар нэг байдлаар эмч, ажилчид хохирсон зүйл байхгүй" гэж тайлбар өгөв.
Ташрамд дурдахад Батлан Хамгаалахын сайд Г.Сайханбаяр нэгдүгээр тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгорт нэр дэвшиж байгаа бол дэд сайд Б.Баярмагнай дөрөвдүгээр тойрог болох Булган, Хөвсгөл, Орхонд өрсөлдөж буй юм.
Зочин · 2024/06/15
TSAGN80955877
Зочин · 2024/06/15
AXN XALYYTSSN80955877
Зочин · 2024/06/14
41DSH SRXS80955877AXN
Зочин · 2024/06/14
SAWI80955877