Таньдаг чөтгөрөө биш, таньдаггүй бурханаа сонгоорой доо, монголчууд минь
2024/06/17
Ардчилсан тогтолцоонд шилжээд 34 жил боллоо. Энэ хугацаанд төрөө төвхнүүлэх найман удаагийн ээлжит сонгуулийг явууллаа. Одоо ес дэх удаагийн УИХ-ын сонгууль явагдах гэж байна. Сонгууль болгоноор л монголчуудын хэлдэг улиг болсон нэгэн хэлц үг бий. Таньдаггүй бурханаас таньдаг чөтгөр нь дээр ээ гэж. 30 гаруй жил ингэж яриад таньдаг чөтгөрөө сонгосоор өдийг хүрсэн.
Анх ямар чөтгөр нь энэ үгийг бидний толгойд суулгачихсан юм бүү мэд.
Таньдаг ч бай, таньдаггүй ч бай чөтгөр бол чөтгөр гэдгийг нь ойлгохгүй 34 жил ярьж байгаа монголчууд бид өөрсдөө тэр чөтгөртөө бүрэн эзэмдүүлчихсэн мэт л өдий болтол сонгож ирлээ. Одоо тэгээд сайхан амьдарч байгаа нь хаана байна. Иргэн таны амьдрал өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд яаж өөдлөв, өөрчлөгдөв. Одоо байгаа амьдралаа нэг харцгаа л даа. Ер нь чөтгөр сонгодог ард түмэн монголчуудаас өөр байдаг ч юм уу даа, энэ дэлхий дээр. Биднээс бусад нь таньдаг, таньдаггүй нь хамаагүй ямартаа ч бурханыг л сонгодог байх. Тийм болохоор л хүн нь баян, нийгэм нь бухимдалгүй, улсынх нь эдийн засаг, ашиг орлого секунд, минутаар хэмжигдэн өсдөг бололтой. Харин манай улсад ганцхан төрлийн экспорт зогсоход л эдийн засаг нь агшаад хатчихдаг. Нэмээд урд хөрш нь хилээ хаачихаар Монгол Улсын эдийн засаг яаж сөнөж байгааг ковид бидэнд тодорхой харуулсан. Монголын хөгжил яагаад ийм сул байна вэ. Гуч гаруй жил нөгөө л таньдаг чөтгөрүүдээ сонгоод байгаа болохоор л тэр шүү дээ.
Эх орноо хөгжүүлэхгүй байх, эдийн засгаа өсгөхгүй байх ажлыг л монголчуудын сонгосон таньдаг чөтгөрүүд өнгөрсөн 30 гаруй жил хөлсөө цувтал хийж ирлээ. Ингэж хөлсөө урсгасныхаа шанд тэд улсын төсвөөс хэдэн тэрбум, хэдэн их наядаар нь идэж, ард түмний боломжийг хулгайлж өдийг хүрсэн. Таньдаг чөтгөрүүдийн хулгайг та бүхэнд дахин нэг сануулах уу. Хэдэн зуун сая төгрөгийн ЖДҮ-ийн хулгай явагдсан. Хэдэн тэрбум төгрөгийн Хөгжлийн банкны хулгай хийгдсэн. Хэдэн их наяд төгрөгийн нүүрсний хулгай ил болсон. Үүнээс нэг зүйлийг харахад бидний сонгосон чөтгөрүүд үнэхээр адтай юм аа, золигнууд чинь. Хулгай хийх болгондоо үнийн дүнгээ огцом нэмэгдүүлж чадсан байгаа биз.
Таньдаг гээд сонгоцгоосон чөтгөрүүд чинь өнгөрсөн найман жилд ганц ч станц барьсангүй. Харин эсрэгээрээ чөтгөрүүдэд хулгайчаараа дуудуулдаг Голомтын Д.Баясгалан л Бөөрөлжүүтэд цахилгаан станц барьсан сурагтай байна. Өөр улсын хэмжээнд чөтгөрүүдийн хийсэн бодитой ажлууд юу байгаа юм бэ. Хүний амьдралын нэгэн үеийг дуустал ярьж байгаа Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц одоо ч баригдаагүй байна. Угаасаа ч бурхдын хийдэг ажлыг чөтгөрүүд яаж ч хийх билээ дээ. Чөтгөр чөтгөрийнхөө ажлыг л хийнэ гэдгийг бид хэзээ ухаарах вэ. Тэдний хийх дуртай хамгийн сайхан ажил нь хүний эрх, эрх чөлөөг боох, хувийн өмчид халдах, хувийн хэвшил, үндэсний үйлдвэрлэлээ сөнөөх, бусдын боломжийг хулгайлах, оршин байгаа орондоо дарангуйлал тогтоох. Үүнийг л нөгөө таньдаг чөтгөрүүд маань хийх дуртай. Хийх дуртай ажлыг нь цаашид хийлгээд л байх уу, хэдүүлээ. Нэг өдөр биднийгээ өрөвдөөд, улс орноо ямар болгосноо хараад таньдаг чөтгөрүүд маань нирваан дүрийг олчихдоггүй л юм бол Монголын хөгжил дараагийн гучин жилд ч өнөөдрийнхөөс доошилно уу гэхээс дээрдэхгүй.
Нэг ч баялаг бүтээгээгүй, бүтээх ч үгүй улстөрчид буюу нөгөө чөтгөрүүд ЖДҮ-ээс хэдэн зуун сая төгрөгийн зээл авчихаад сайндаа албан тушаалаа өгсөн болоод хариуцлагаас мултарчихдаг. Харин ЖДҮ-ээс нь жинхэнэ утгаараа, дүрэм, хуулийн хүрээнд зээл аваад Монгол Улсын хөгжилд бодитой нэмэр болж яваа үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдээ барьж хорьдог, ял өгдөг ажлыг бидний сонгосон таньдаг чөөгийнүүд чадамгай сайн хийж ирлээ. Бидний амьдрах, хөгжих боломжийг өнгөрсөн 30 гаруй жил сөнөөчихөөд байхад л таньдаг чөтгөрөө сонгоно оо гээд гүйж яваа юм биш биз дээ, монголчууд минь. Монголчууд тооны бэлгэдэлтэй ард түмэн гэлцдэг.
Энэ удаагийн сонгууль ес дэх нь. Есөн хөлт цагаан тугаараа төрийн сүр хүч, тусгаар тогтнол, эв нэгдлээ бэлгэдэн дээдэлдэг. Есөн өрлөг, есөн эрдэнэ, есөн зүйл, есөн гайхамшиг, есөн ес, есөн заан, бөхийн есөн даваа, есөн түрлэг, есөн хүсэл, есөн үе гээд тоолоод барагдахгүй. Үнэхээр бэлгэдэлтэй ард түмэн юм бол энэ ес дэх удаагийн төрөө төвхнүүлэх сонгуулиараа чөтгөр биш, бурхан сонгооч. Таньдаг чөтгөр нь дээр гэдэг хойноос орж ирсэн хогийн пропогандаагаас салаач. Бурхан байна уу, чөтгөр байна уу гэхээс илүү таньдаг таньдаггүй нь тийм чухал гэж үү.
Таньдаг, таньдаггүй нь хамаагүй бурхан бол бурхан л байж таарна. Бурхан буруу юм хийнэ гэж лав л байхгүй. Гуч гаруй жил үргэлжилж байгаа чөтгөрийн тойрог, торноосоо бид үзэл бодлоо салгаж авмаар байна. Хандлагаа өөрчилмөөр байна. Өөрчлөлтийг өрөөлөөс биш, өөрсдөөсөө эхэлмээр байна. Чөтгөр сонгодоггүй болсон цагт л Монгол Улсын хөгжил сая гараанаасаа жинхэнэ утгаараа тийрэлтэт хөдөлгүүртэй онгоц шиг л сүнгэнэнэ шүү.
Э.МӨНХТҮВШИН
Зочин · 2024/06/17
DYRA XANI80955877
Зочин · 2024/06/17
таньдаггүй бурхан гэж монголд байхгүй дээ зүгээр таньдагаа сонгоё
Зочин · 2024/06/17
Tanidgui burhan gesen chin chotgor bwal yahuu yaj tanih we
Зочин · 2024/06/17
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/06/17
XUSNR XIILGI80955877
Зочин · 2024/06/17
SHAAX80955877AXD
Зочин · 2024/06/17
47DSH ERD80955877XNTLA
Зочин · 2024/06/17
SAWI80955877