У.Саруул: Харшлаа сэдрэхээс өмнө эмнэлэгт хандах чухал
2024/07/03
“Зууны мэдээ” сонин “Дугаарын зочин”-оор АӨСҮТ-ийн Поликлиникийн тасгийн арьс, харшлын эмч У.Саруулыг урилаа.
-Харшил дархлааны тогтолцоогоор үүсдэг. Энэ талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?
-Бие махбодод гаднаас вирус орсноор харшил үүсдэг. Дархлааны тогтолцоогоор хариу урвал илрэхдээ шинж тэмдгүүд нь гардаг гэж ойлгож болно. Одоогоор хүмүүс ургамлын харшлаар өвчлөх нь зонхилж байна. Лууль, шарилж, өлөн тоос шороо болон бусад ямар нэгэн ургамлаас үүсэж, хамрын салст бүрхэвч нь гадны хүчин зүйлийн сэдэлтийг маш соргогоор хүлээн авч хариу урвал үзүүлдэг. Тоосны харшилтай хүмүүс манайхаар их үйлчлүүлдэг. Бид харшлын сорил тавиад тухайн хүнийг ямар төрлийн харшилтайг нь тогтоож угтуулах эмчилгээнд хамруулна. Шарилжийн харшилтай хүнд угтуулах цацлага эмчилгээ, үйлчилгээг хүргэж байгааг дуулгая. Манайх ургамлын харшлаас урьдчилан сэргийлэх зорилгоор автофалазим болон цус шүүх эмчилгээг иргэдэд хийж байгаа юм. Гэхдээ эдгээр эмчилгээг харшил сэдрэхээс өмнө хийдгээрээ онцлогтой. Тиймээс иргэд харшлаа сэдрэхээс өмнө эмнэлэгт хандах шаардлагатай.
-Харшил сэдрэхээс өмнө эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэлээ. Тэгвэл эмчилгээ хийлгэж амжилгүй харшил сэдэрвэл ямар арга хэмжээ авах вэ?
-Зовиур нэгэнт илэрсэн бол хувийн хамгаалах хэрэгсэл болох малгай, бээлий, маск, нүдний шилийг зүүж хэвших хэрэгтэй. Өглөөний 04:00-10:00, оройны 17:00-20:00 цагуудад агаарт ургамлын тоос их дэгддэг гэсэн судалгаа байдаг. Тиймээс ургамлын гаралтай харшилтай бол энэ цагуудад аль болох гадуур явахгүй байх чухал. Мөн бороо орсны дараа нар гарсан үед ургамлын тоос их дэгддэг. Тэр үеэр ч гэсэн гадуур явахгүй байх, цонх хаалгаа битүүлж хаах хэрэгтэй. Ургамлын тоос нь хүний бие, хувцсан дээр наалддаг тул гаднаас орж ирээд боломжтой бол усанд орох, ам хоолойгоо зайлах, хувцсаа тайлж далд шүүгээнд хийх хэрэгтэй. Агаар цэвэршүүлэгчийг жилийн дөрвөн улирлын турш хэрэглэж элдэв тоосыг шүүж болно.
-АӨСҮТ-ийн хувьд урин дулааны улиралд иргэддээ хэрхэн үйлчилж байна. Тэр дундаа харшлын тасаг хэр ажилладаг вэ?
-Манай эмнэлгийн давуу тал нь харшлын лабораторитой. Тиймээс лабораторидоо үйлчлүүлэгчээ үзээд эмчилгээ явуулж байна даа. Өнгөрсөн жил ЭМЯ-наас эрүүл мэндийн салбарын хүрээнд харшлын эсрэг аян зарласан. Үүний хүрээнд манай хамт олон үйлчлүүлэгчдээ зохих хэмжээний мэдээлэл өгч ажиллаж байна. 10 төрлийн ургамлын сорил хийдэг.
-Ургамлын харшилтай хүнд ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?
-Энэ төрлийн харшилтай хүнд нүднээс нь нулимс гарах, загатнах, хамар битүүрч шингэн нус гарах зовуурь илэрнэ. Мөн хоолой сэрвэгэнэж, найтаана, салст бүрхэвч улайж, хавагнах, амьсгал авч чадахгүй болох, арьсан дээр ямар нэгэн харшлын сэжиг илэрдэг. Хүн бүрийн биеийн онцлогоос шалтгаалаад дээрх шинж тэмдгүүд өөр өөр илрэх нь бий. Ахуй тоосноос харшилтай хүн байлаа гэхэд улирал хамаарахгүй. Харин ургамлын харшил хавар, зун, намар явагддаг. Мөн ахуй гэртээ харшил өгдөг ургамал тарьж болохгүй. Ургамлаасаа хамаараад харшлын дуусах хугацаа нь өөр байдаг шүү. Шарилжийн харшил нь есдүгээр сарын сүүл болон аравдугаар сарын ихээр дуусна. Бусад модлог ургамлын харшил нь эхлэх, дуусах хугацаа өөр.
-Хүмүүс ямар төрлийн зовууриар харшлын эмнэлгэгт хандаж байна вэ?
-Хоолны харшил улирал хамаарахгүй учраас хүмүүс энэ төрлийн зовууриар байнга ирнэ. Хоолны харшил нь ургамлын харшлаас ямар ялгаатай вэ гэхээр арьсан дээр тууралт гардаг. Мөн амьсгалахад зовуурьтай. Харшилтай хүнд угтуулах эмчилгээг 3-5 жилийн хугацаанд хийснээр үр дүн гардаг. Өөрөөр хэлбэл бүрэн эдгэнэ. Мөн тухайн хүний дархлааны системээс хамаараад эмчилгээ хийлгэх явцад шинж тэмдэг нь багасах нь бий.
-Хүмүүсийн гаргадаг алдаа гэвэл та юуг онцлох вэ?
-Хамгийн гол нь эхлүүлсэн эмчилгээгээ дуусгах ёстой. Хүмүүс дундаас нь орхидог талтай. Энэ нь их буруу. Мөн дур мэдэн эм ууж, тариа хийлгэх нь хор уршигтай. Хүмүүс эмийн санчаас асуугаад эм, цацлага худалдан авах тохиолдол элбэг байдаг. Хамар нүдний дусаалга олон төрөлтэй учраас өөрт тохирсноо эмчийн заавраар хэрэглэхийг зөвлөе. Өөрийнхөө төлөө эмнэлэгт хандаж тохирсон эмчилгээг сонгох хэрэгтэй шүү дээ. Харшил эхэлсэн бол эмчид үзүүлээд шинж тэмдэгт нь тохирсон эмчилгээнд хамрагдаарай гэж хэлмээр байна.
Баатарын НЯМСҮРЭН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2024/07/03
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh