"Ногоон автобус"-ны гэх хэргийн өнөөдөр болох байсан шүүх хурал хойшлогдож, наймдугаар сарын 12-ны 10:00 цагт шинээр товлогдлоо. 

Уг хэрэгт 24 хүн холбогдсон юм. Тэдний нэг буюу Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд асан Ж.Сүхбаатар өнөөдөр хэрэгт буруутгагдан шалгагдаж буй үндэслэлийнхээ талаар болон байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр "Төрийн байгууллагуудын зүгээс тавьсан шаардлагуудад зарим үзүүлэлт нь хүрэхгүй байсныг тухайн үед хүлээж авч байсан хүмүүс мэдээд, надад танилцуулахад нь би "Хүлээгээд авчих" гэсэн мэт зүйлд буруутгагдаж байгаа. Анх наймдугаар сарын 14-нд 20 автобус хүлээж авахад би оролцож нөлөөлсөн юм шиг агуулгатай буруутгагдсан.

Гэхдээ хэрэв үнэхээр тийм байсан бол юу гэж есдүгээр сарын сүүлд олон нийтэд автобуснуудыг танилцуулах вэ дээ. Нотлох баримт байхгүй үндэслэлээр буруутгагдаад, олон сар явж байгаа. Миний хувьд айж ичих зүйлгүй. Монгол Улсын сайдаар ажиллаж байсан хүн учраас ёс зүйн хувьд хариуцлагаа үүрээд явсан. Манайхан "туг тахина" гэдэг дээ, буруутан хайдаг. Хамгийн том дарга нь хэн бэ гэхэд би болж таарсан. 

Автобус хүлээж авах, сонгон шалгаруулах ажиллагаанд сайд нар оролцдоггүй шүү дээ. Буруутгаж байгаа хүмүүс нь үүнийгээ нотолно. Миний хувьд гэм буруугүй учраас хэлэх үг тодорхой. Хэлэх үг, харуулах баримт нь байна.

Сая шүүх хурал хойшлогдлоо. Миний хувьд эрт энэ хэргийг шийдүүлээд, гэм буруутай, буруугүй гэдгээ тогтоолгоод явах саналтай байв. Гэвч 20 гаруй хүн холбогдсон учраас маш олон өмгөөлөгч нар оролцож байна. Надад шүүх хурал хойшлуулах сонирхол байхгүй.

Би автобус хүлээж авах процессод оролцоод, үүрэг даалгавар өгсөн мэтээр буруутгагдаад байгаа. Энэ нь нэг хүний мэдүүлгээр л явж байгаа бөгөөд хөдөлшгүй баримт нэгээхэн ч байхгүй. Шүүх хурал нээлттэй явах учраас хэргийн процессын талаар өөрийн байр сууриа хэлнэ, хавтаст хэргийн материалуудыг үзүүлнэ. Ингэхээр бодит үнэн гарч ирнэ.

Өнгөрсөн хугацаанд намайг "Цовдлуулсан Прометей" гэдэг шиг л "цовдлоод" байна. "Цовдлоод" байгаа хүмүүсээс эргээд асуумаар байна. Ж.Сүхбаатар яг ямар гэм буруутай гэж та буруутгаад байгаа юм бэ гэдгээ бодоод үзээрэй. Хэрэв танд баримт байгаа бол түүнийгээ гаргаж тавих хэрэгтэй" гэв.