"Ногоон автобус"-ны гэх хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр 10:00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон.

Гэвч өмгөөлөгч нарын хүсэлтээр дахин хойшлов.

Шүүхийн тогтоолыг шүүгч танилцуулахдаа "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирэх боломжгүй байгаа талаар нотлох баримтын хамт хүсэлтээ ирүүлсэн. Прокурорын хэлж буйгаар шүүх хуралдааныг хойшлуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзсэн. Иймээс шүүх хуралдааныг хойшлуулж байна.

Дараагийн шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч нарт авсан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээн шийдвэрлэж байна. 

Шүүх хуралдааныг 2024 оны аравдугаар сарын 21-ний өдрийн 10:00 цагт товлож байна. Шүүгч нар ээлжийн амралтаа авч байгаа. Энэ хугацаа, мөн өмгөөлөгч нарын хүсэлтийг тааруулсан. 

Нэг үндэслэлээр хоёроос дээш удаа хойшлуулах боломжгүй. Энэ шүүх хуралдаан хоёр дахь удаагаа хойшилж байгаа учраас дахин хойшлуулах хүсэлт ирвэл шүүх таслах үйл ажиллагаанд саад учруулж байна гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл таслан сэргийлэх арга хэмжээг хууль зүйн үндэслэл болно гэдгийг анхааруулъя" гэв.