Монгол Улсын нутагт идлэг шонхор барих, тээвэрлэх, арчлах, гадаад улсад гаргах үйл ажиллагаанд мөрдөх журамд өөрчлөлт оруулах зорилго бүхий санал солилцох уулзалт Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам (ХЗДХЯ)-нд өнөөдөр зохион байгуулагдав. 

Уулзалтад ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл болон Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам (БОУАӨЯ)-ны мэргэжилтнүүд оролцож, байр сууриа илэрхийллээ. 

Энэ үеэр шонхор шувууг агнахад мөрдөх зохицуулалт, хууль журмын талаарх мэдээллийг албаныхан уншиж танилцуулав. 



 

Шонхор шувуу барьж буй этгээдүүдийн эрх, үүрэг:

  • Зөвшөөрөгдсөн тоо хэмжээгээр зөвшөөрсөн газар нутгаас барих 
  • Байгаль орчныг бохирдуулахгүй байх 
  • Гэмтээх, ичээ ухах зэрэг хориглосон аргаар барихгүй
  • Шонхор барихаас өмнө хууль дүрэм журам, гэрээтэй танилцсан байх
  • Холбогдох зөвшөөрлийг биедээ заавал авч явах ёстой. 

Мөн "Дээр дурдсан үүргээс гадна бусад нарийвчилсан зохицуулалт бий. 

Отог болон шонхор барих зөвшөөрөл бүхий этгээдийн машин дээр БОУАӨЯ болон Засаг даргаас олгосон тусгай наалттай байх. Энэ наалтыг машин дээрээ заавал нааж явах ёстой.

Барьж буй шонхорт давхар зүүлт зүүлгэнэ. Энэхүү зүүлтийг БОУАӨЯ-наас олгох бөгөөд агнах зөвшөөрлийн тоо хэмжээ зүүлтийн тоо хэмжээтэйгээ таарах ёстой.

Отог байгуулах зөвшөөрөл гэрээгээ байгуулна. Хамгийн гол нь иргэдийн гар дээрээс шонхор шувууг худалдаж авахгүй байх үүрэгтэй" гэлээ. 

"Шонхор шувууг барих үйл ажиллагаатай холбоотой иргэдийн тавьсан шаардлага үндэслэлтэй байж"

 

 

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "Манай улсад шонхор шувуу барихтай холбоотой зохицуулалт байхгүй биш байна. Хамгийн гол асуудал нь гадаадын иргэд буюу Арабууд, тэдэнтэй хамт явж буй хэлмэрч, орчуулагчид хууль, дүрэм журамтайгаа танилцсан уу? 

Тэр наалт тэмдэг нь хаана байна, хэлмэрч орчуулагч, отгийн байршлыг хэн мэдэж байна.

Шонхор шувууг барих үйл ажиллагаатай холбоотойгоор иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын тавьсан шаардлага үндэслэлтэй байжээ.

Үүнийг Монгол Улсын хууль тогтоомжоор зохицуулсан боловч энэ харилцаанд тавьж байгаа хяналт сул. Энэ үйл ажиллагаа хуулийн дагуу явагдахгүй байж. Гадаадын иргэдийн хууль зөрчсөн байж болзошгүй үйл ажиллагаа байна гэдгийг танилцуулгаас харсан байх.

Асуудал гарахаар тойрч шуураад дараа нь мартдаг байдлыг эцэслэе. Дараа дараагийн жилүүдэд үндэсний бахархал болсон шонхор шувууныхаа талаар талцаж хуваагдсан байдлыг давтахгүйн тулд анхаарах хэрэгтэй" гэв. 

"Шонхор шувуу барих зөвшөөрлийг нь олгосон бол улс оронд мөнгө орж ирэх ёстой"

Энэ асуудлаар иргэдийн төлөөлөл байр сууриа илэрхийлэхдээ "Тэдгээр шувуу чинь Араб улсад очоод бараг та нараас илүү амьдарч байна гэх яриа ч бий. 

Хамгийн гол нь шонхор шувуу барих зөвшөөрлийг нь олгосон бол улс оронд мөнгө орж ирэх ёстой. Тэгвэл энэ мөнгө хаана байгаа юм бэ. Энэ мэдээллийг ил тод шилэн байлгах, юунд зарцуулагдаж байгааг харуулдаг байх ёстой" гэв.