Боловсролын сайд П.Наранбаяр багшлах эрхийн гэрчилгээ олгох, гэрээт багшийн талаар мэдээлэл хийв. Энэ үеэр Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Боловсролын сайдын биед халджээ.

Мэдээллийн үеэр А.Отгонбаатар дээрх шийдвэрийг эсэргүүцэн, чангаар хашгирч, дайрч давшилж байгаад П.Наранбаярын нүүр рүү барьж байсан зүйлээ шидэж, бусад хүмүүстэй зодолдсон байна.

А.Отгонбаатар “Та гурван намын янханчлал дор сайд болчихоод багш нарынхаа цалинг нэмье гэж Оюун-Эрдэнэд хэлж чадахгүй байна. Улс орныг сүйрүүл гэвэл боловсролын салбарыг нь сүйрүүл гэж хэлдэг юм. 45 хоногийн курсээр багш бэлдэх гэж байгаа чинь боловсролын чанарыг нэмэгдүүлж байгаа асуудал юм уу” гээд барьж байсан зүйлээ П.Наранбаяр сайдын нүүр рүү шиджээ. Ингээд зогсохгүй сайдын хамт мэдээлэл хийж байсан хүмүүстэй зодолдсон түүнийг төрийн тусгай хамгаалалтын ажилтнууд хүчээр гаргасан байна.  

Боловсролын яамны дээрх шийдвэрийн талаар А.Отгонбаатар хувийн хаягтаа "Боловсролын сайд Наранбаяр новшоо боловсролын яамтай чинь хамт шатаан шүү" хэмээн бичжээ.