БНСУ-ын виз олголтын хугацааг 25 хоног болгон бууруулж, гэрээгээр ажил эрхлэх квотыг 4000 болгон нэмэгдүүлснээ мэдэгдэв
2024/10/03
Улсын Их Хурлын Монгол-Бүгд найрамдах Солонгос улсын парламентын бүлэг 25 гишүүнтэйгээр байгуулагдаад байна.
Бүлгийн гишүүд Солонгосын анхны хаант улс болох эртний Жусон улс байгуулагдсан дурсгалт өдрийг тохиолдуулан БНСУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Чой Жин Воныг төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтанд бүлгийн дарга УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Г.Хосбаяр, Элчин сайд Чой Жин Вон, Элчин сайдын зөвлөх Кан Хёнчоль нар оролцов.
Элчин сайд Чой Жин Вон яриандаа “БНСУ-ын виз олголтын хугацаа 60 хүртэл хоног байсныг 25 хоног болгон бууруулж, гэрээгээр ажил эрхлэх квотыг 2000 байсныг 4000 болгон нэмэгдүүлсэн талаар дурьдаад, 2 улсын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай” талаар онцлов.
Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд БНСУ-аас Монгол улсад ирэх жуулчдын тоо нэмэгдсээр байгаа нь манай улсын соёл урлаг, спорт, аялал жуучлал, боловсрол, банк санхүүгийн салбарт томоохон дэмжлэг болж байна.
Нөгөөтэйгүүр Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны 10 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан БНСУ-аас чанартай эм, эмнэлгийн хэрэгслийг Монгол улсад нийлүүлэх талаар санал солилцов.