Баабар: Бурхан шоо хаяж тоглодог
2024/11/11
Үлэг гүрвэлүүд манай дэлхий дээр 150 сая жил амьдарч хувьслын хувьд ч төрөл зүйлийн хувьд ч маш их хөгжсөн байлаа. Тэр үед агаар дахь хүчилтөрөгчийн хэмжээ 25% байсан нь амьтан ургамлын биеийн хэмжээ томроход гол нөлөө үзүүлж байв. Хуурай газар дээр 100 тонн жинтэй амьтан яаж биеэ даан хөлхөж байсан нь гайхалтай. Газрын татах хүчин өнөөгийнхөөс сул байсан юм болов уу? Дэлхийг аварга том оймон модод бараг тэр чигээр нь бүрхэж байлаа. Өнөөгийн мөсөн тив Антрактид битүү оймон ширэнгэ байсан гэдэг.
Жарантаван сая жилийн өмнө 13 км урттай аварга солир манай гаригийн мөргөжээ. Мексикийн буланд ердөө 10 метр гүнтэй нуурыг ирмэгээрээ мөргөсөн байна. Хэрэв хэдхэн секундын өмнө байсан бол Атлантын далайд, яльгүй хэдэн секунтын дараа байсан бол Номхон далайд унах байжээ гэдгийг өнөөдөр тогтоосон.
Их далайд уг солир унасан бол тэгтлээ аймшигт хохирол учруулахгүй байв. Дэлхийн хуурай газрын нийт амьтан ургамалын 90 хувь нь устаж үгүй болсон. Агаар дахь хүчилтөрөгчөөр баян манай гариг тэр чигээрээ шатаж, асар их хүхэртэй бороо амьтан ургамлыг түлж сүйрүүлж байлаа. Дэлхийг тоос бүрхэн нарны илчийг мянган жил хаан харанхуй ертөнц болоход амьдрал тэр чигээрээ үгүй болох шахсан гэдэг. Дэлхий дээр байгаа хүн тус бүрийн тоогоор Хирошимад хаясан шиг цөмийн бөмбөг дэлбэлсэн ч цаана нь ахиад нэг төрбум бөмбөг дутах байлаа гэсэн тооцоо хийсэн байдаг. Дээр нь маш их хүхэртэй нуурыг хамгийн эвгүй өнцгөөр мөргөсөн нь Бурханы зориудын хорлол уу? Гэвч зүйлийн хувьд дөнгөж бий болж байсан өвөг хөхтөн амьтад нүхэнд амьдардаг байсан учир тэд амьд үлдсэн. Жижиг биетэй, үслэг арьстай, халуун цустай, хоол хүнсний уян хатан хэрэглээтэй анхны хөхтөн ердөө хулганы хэртэй бяцхан байжээ. Шинэ нөхцөлд орсон манай гаригийн орчинд тэд амьд үлдсэн төдийгүй байгалийн цаашдын хувьслын урт замд улам дасан зохицсоор 65 сая жил өнгөрөхөд тэдний удмын төлөөлөгч саран дээр алхаж явлаа. Хөгжлийн их дээд эрэмбэд хүрч цэцэглэж байсан үлэг гүрвэл хэрэв дээрх солирын мөргөлтөөс болж устаж үгүй болоогүй бол нүхний жижигхэн оготны цаашдын хувьсал үргэлжилж чадах байсан уу? Нисдэг гүрвэлүүд амьд үлдсэн төдийгүй хувьслийн явцад өнөөгийн шувуу болон хувирснаар барахгүй, 40 сая жилийн өмнө дэлхийг эзэгнэж байсан.
Харин эрдэмтэдийн тооцоолсноор динозаврын эрин цааш үргэлжилсэн бол хөхтөнд боломж тун бага байх байжээ. Нэг үгээр бид өнөөдөр огт байхгүй байх байж. Бурхан хувьслын замыг өөр чиг рүү хандуулах гэж зориуд нааш нь хорлонтой солир илгээв үү? Эсвэл хөхтөн, түүний дотор хүн төрлөхтөн, тэрний төлөөлөл болсон чи ердөө л азаар оршин байгаа юм биш үү?! Үнэхээр аз юм бол өөр жишээ авъя.
Байгаль амьд организмаас олон юм нэхдэггүй, ганц шаарддаг юм нь үржил. Үржлийн үед нь их дэмжинэ, цаг нь болоод үржих чадваргүй болуут нь амьдарлаас хөөдөг. Бүх организмын үржил цаг улиралаас хамаарсан өөрийн “ороогоор” зохицуулагддаг. Харин хөхтөн дунд шампанзэ, далайн гахай, хүн гурвыг ороогоор биш дуртай цагтаа үржих эрх өгсөн байдаг. Аз уу, эсвэл Бурханы бэлэг үү? Эр, эм учрахуй дор эм талаас ердөө ганцхан ширхэг асар том өндгөн эс хүлээж байдаг. Гэхдээ өндгөн эс ганц сарын настай, бий болох, өсөж бие гүйцэх, үр тогтоогүй бол хуучирч муудан үрэгдэх шат дамжлага туулах ба, үр тогтох үе нь ердаа хэдхэн хоног. Гэтэл эрийн талаас нэг удаагийн үйлдлийн дүнд 6-8 сая бие гүйцсэн эс илгээх чадвартай. Энэ олон сая эс бүгд тус болгондоо генийн хувьд ялгаатай “ирээдүйн бие даасан хүн”. Ойролцоогоор хагас нь эрэгтэй, үлдсэн нь эмэгтэй. Бүх эс хүн болж чаддаг юм гэхэд хүйс төдийгүй, бие бялдар, ухаан санаа, зан аашны хувьд ч ялгаатай. Гэвч хүлээж буй өндгөн эс дээр очин үр тогтоох аз завшаан ердөө ганцад нь л бий. Ингэхээр олон сая эсийн хооронд маш хүчтэй өрсөлдөөн үүсэх нь мэдээж.
Эр эс болгоны дотроо агуулж буй эрчим хүч ч янз бүр. Илүү эрчим хүч агуулсан бол илүү хурдан шаламгай. Харин эдгээр хэт шаламгайнууд азгүй, учир нь өндгөн эс гадуураа хальстай, шаламгайнуудад тэр хальсыг цоолж хаалга нээх үүрэг л бий. Бүх эрчмээ тэнд зарцуулаад үхнэ.
Эрчим хүч муутай сүрэг эр эс ч азгүй, учир нь тэд бүх хэрэг нэгэнт болоод өнгөрсний дараа зорилтод цэгт хүрнэ. Ингэхээр дундуур яваа хэдэн сая эсийн хооронд жинхэнэ өрсөлдөөн болно. Хэн нь онгорхой хаалгаар түрүүлж нэвтрээд байгаа зөв онохыг тооцоолох бололцоогүй. Атга шар будаа цацахад ердөө ганцхан нь зүүний үзүүр дээр тогтоно гэж энийг л зүйрлүүлсэн юм болов уу! Аугаа сартваахи Эйнштейн квант онолыг зөвшөөрдөггүй байж. "Бурхан шоо хаяж тоглодоггүй" гэсэн түүний алдартай үг квантынханд хандсан тохуурхал. Гэвч Бурхан хааяа шоо хаяж тоглодог юм биш үү! Дэлхийд амьдрал бүрэн сүйрч алга болохын даваан дээр хөөрхий нүхэнд хоргодож үлдсэн бяцхан оготныг пуужингаар нисгэж саран дээр аваачин “Энэ бол хүний хувьд өчүүхэн ганц алхам, харин хүн төрлөхтний хувьд аугаа үсрэлт” гэж хэлүүлсэн байна шүү дээ.
Атга шар будаанаас зүүний үзүүр дээр тогтсон цор ганц нь чи! Чиний орноос царайлаг гоо охин, суут ухаантан нэгэн, эсвэл хромосомын юмуу гений өөрчлөлттэй өрөвдөм хөөрхий нэгэн төрж болох л байсан. Бурханы хаясан шоо л чам дээр туссан болохоос тэдэнд ч аз нь таарсан бол өөр нэг хүн мэндлэх байлаа.
Чи бол бараг бололцоогүй мянган хувилбараас аз нь шовойж хүн болсон нэгэн. За ингээд чи хүн болоод төрчихлөө! Манай гариг дээр амьдрал бий болсноос хойшхи 3.8 тэрбум жилийн хугацаанд бактериас чамайг хүртлэх цагт чиний дээд өвгийн хаана нь ч удам тасраагүй нь бас чиний аз. Ийм урт хугацаанд хаа нэгэнтээ дээд өвгийн чинь удам нэг газар тасарсан бол чи өнөөдөр энд байхгүй байх байлаа. Үүнд Бурханы оролцоо байсан эсэхийг бүү мэд, дан азан дундуур гүйсэн ч юм бил үү? Одоо нэгэнт хүн болсон чи цаашид Бурханы шоонд найдаад хэрэггүй. Нэгэнт оюунт хүн болсон чиний хувьд Амьдрал үүссэн 3.8 тэрбум, Хөхтөн бий болсон 70 сая, Хомо сапиэнс бий болсон 100 мянган жилтэй харьцуулахад Ердөө 70-80 жилийн тун богино хугацаа чамд өгсөн. Энэ хугацаанд Бурхан чамд зориулж шоо хаяхгүй. Тэр завгүй. Энэ амьдарлыг яаж өнгөрөөх нь чиний өөрийн чинь сонголт. Өмнө чинь чамд өөрөө сонголт хийх үй түмэн гарц байна. Сонголт алхам тутамд чинь бий. Амьдарлаа там болгосон ч чиний л сонголт. Амьралаа баяр баясгалан болгосон ч чиний л мэргэн ухаанаас хамаарна.
Баабар
Зочин · 2024/11/12
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/11/11
SEXSEER TOGLN80955877VANAGLMR
Зочин · 2024/11/11
SEXSDN XUCHINDUULI80955877