Н.Тэгшбаяр: Эх орончийн арьс нөмөрсөн рекетүүд “Халзан Бүрэгтэй” дээр цөөвөр чонос мэт цугларч, иргэдийг турхирч байна
2024/11/12
Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяртай ярилцлаа.
-Монгол Улс газрын ховор элемент хэмээх эрдсийн баялгаараа дэлхийд эхний 15-д бичигдэж байна. Хоёулаа юуны өмнө газрын ховор элемент гэж юу вэ гэдгээс ярилцъя?
-Газрын ховор элемент гэж Мендлеевийн үелэх системийн 51-71 хүртэлх дугаарт байрлах лантоноидын бүлгийн 17 элементийг хамруулан авч үздэг. Зарим судлаачид дээрх элементүүдийг “газрын ховор шорооны элементүүд” гэж нэрлэх тохиолдол бий. Газрын ховор элемент агуулсан эрдсүүдийг 1778 оноос судалж эхэлсэн байдаг. Маш ховор тохиолддог байсан учраас ховор гэж байсан. Сүүлийн үеийн судалгаагаар ховор биш нь тодорхой болж байна. Ховор биш байлаа ч үүнийг бусад эрдсүүдээс ялгаж салгах маш түвэгтэй, маш их зардалтай, өндөр өртөгтэй. Ховор биш гэдгийг тодруулж хэлбэл, дэлхийн чулуулаг бүрхүүл дэх газрын ховор элементийн дундаж агуулга 9.2 гр/тн байдаг. Энэ нь зэс, никель, цайр, хар тугалга зэрэг металлуудтай ойролцоо тархалттай байгааг харуулж буй юм. Алттай харьцуулахад 100 дахин их тархалттай гэсэн үг. Жишээлбэл, Cerum (Ce) хамгийн өргөн тархалттай элементүүдийн нэг. Дэлхийн царцдас дахь түүний дундаж агуулга 43 гр/тонн байдаг. Газрын ховор элемент нь ерөнхиийдөө мөнгөлөг цагаан өнгөтэй, нягт нь 4.4-9.3 гр/м3. Хайлах температур нь Ce-гийн тухайд дунджаар 804 С-ийн градус байдаг бол Thulium 1500 орчим градуст хайлдаг, буцлах температур нь жишээлбэл, Europium 1700 градуст, Lantanum 4500 орчим С-ийн градуст буцалдаг байх жишээтэй.
-Улсын хэмжээнд газрын ховор элементийн ислийн нийт 3.1 сая тоннын нөөцтэй нийт зургаан орд илрүүлснээс дөрөв нь том, хоёр нь жижиг орд бий гэсэн мэдээлэл бий. Эдгээр ордыг бүрэн ашиглаж, цаашид боловсруулалтад шилжүүлэх шаардлагатай хэмээн шинжээчид үзэж байна. Газрын ховор элемент юунд хэрэгтэй талаар товч ойлголт өгөхгүй юү?
-Газрын ховор элемент олборлосны ачаар бидний өдөр тутамдаа хэрэглэдэг ухаалаг гар утас, компьютер, телевиз, чихэвч, цахилгаан машин, сөнөөгч онгоц, дрон, хиймэл дагуул, сэргээгдэх эрчим хүчний технологи гээд орчин үеийн бүхий л технологиудыг бүтээдэг.
Хятад улс газрын ховор элементийн дэлхийн зах зээлийн 85 хувийг дангаараа хангаж байна. Энэ нь Монгол Улсын нэг жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн юм.
-Ховдын Мянгад сумын Засаг дарга М.Амарсанаа тус суманд байрлах газрын ховор элементийн “Халзан бүрэгтэй” төслийг зогсоосон. Тэнд яг юу болоод байна вэ?
-“Халзан Бүрэгтэй”-г эсэргүүцэж байгаа хүмүүс Хятадын лобби бүлгийн гар, хөл болж байгаагаа анзаарууштай. Газрын ховор элемент бол гар утас, өндөр технологийн түүхий эд. Тиймээс “Халзан Бүрэгтэй”-г эсэргүүцэгчид гар утас барих эрхгүй. Хонины арьс нөмөрсөн чонос мэт эх орончийн дүртэй, улсаа хорлогчид Ховдод ялав. Газрын ховор бол гар утасны түүхий эд. “Өөх өгсөн хүнд өдөр, шөнөгүй өстэй” гэдэг шиг Монголыг уул уурхай тэжээж байгааг мэддэг болов уу? Монголыг сонирхох шалтгаан юу вэ? Үнэндээ Монголын түүх, уран, газрын ховроос өөр манайхыг тоох юм юу ч байхгүй. Монголын түүхээс өөр мөлжүүртэй юм бас байхгүй.
–“Босоо хөх Монгол” тэргүүтэй хэсэг хүмүүс “Халзан Бүрэгтэй”-гээс уран олборлох нь, цацрагийн аюултай” хэмээн сэрэмжлүүлжээ. Орон нутгийн иргэд, иргэний хөдөлгөөнийхний ярьсан шиг байгаль экологид эрсдэл учрах уу?
-Ухсан ч, эс ухсан ч хурын усаар угаагдаад, газрын ховор зэрэг эрдсүүд Хар ус нуур, Ховд гол руу урсаад орж байгаа. Ямар нэгэн уул уурхайн төсөл эхлэх болохоор элийрээд, эсэргүүцээд байдаг балай жишиг хэзээ зогсох юм бэ. Тэр байгалийн эрдэс, ашигт малтмал бол байгаль дээрээ саванд хийгээд тавьчихсан байдаггүй. Ил задгай л байдаг. Хорвоо дэлхий үүсэхэд байж байсан тэр ховор шороо ил задгай нь салхинд хийсч, газар доорх нь хур борооны усаар угаагдана л гэсэн үг. Эх орончийн арьс нөмөрсөн рекетүүд “Халзан Бүрэгтэй”-н орд дээр цөөвөр чонос мэт цугларч, иргэдийг турхирч байна. Ийм зүйлд хөтлөгдөж, хөрөнгө оруулагчдын ажлыг зогсоох нь “Монгол хөрөнгө оруулагчдад эрсдэлтэй орон” гэсэн мессэж өгнө. Дорноговийн Франц-Монголын хамтарсан “Зөөвч овоо” ураны төсөл, Эрдэнэбүрэн усан цахилгаан станцыг эсэргүүцэж байсан нөхдүүд одоо “Халзан Бүрэгтэй” газрын ховор элементийн төслийг эсэргүүцэж байна. Төр нүдтэй бол эднийг шалгах цаг болсон.
–“Зөөвч-Овоо” төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ явагдаж байна. Та мэргэжлийн хүний хувьд төслийн ач холбогдлын талаар та юу хэлэх вэ?
-Энэ бол Франц-Монголын хамтарсан төсөл. Цаашлаад Ази-Европын хамтарсан, дэлхийн төсөл. Хамгийн жижгээр ярихад л энэ төсөл говийн бүс рүү дэлхийн хөрөнгө оруулалт чиглэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, хөгжихөд өндөр хувь нэмэр оруулна. Нөгөө талаараа Франц улстай хамтарна гэдэг нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн улстай хамтрах тухай асуудал юм. Ингэснээр Монгол Улс Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, тусгаар тогтнолоо дипломат яриа хэлэлцээний шугамаар хамгаалахад хөшүүрэг болох юм. Францын хөрөнгө оруулалт орж ирснээр Европын, цаашлаад дэлхийн хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэнэ. Үүнээс гадна Монгол Улс өөрийн гэсэн ураны уурхайтай болсноор атомын цахилгаан станцтай болоход нэг алхам ойртож, эрчим хүчний хараат байдлаас гарах зам нээгдэх гээд энэ төслийн ард маш олон талын ач холбогдол оршиж байгаа юм. Хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээр амжилттай болж, төсөл удахгүй хэрэгжиж эхлэх эерэг хүлээлттэй байна.
-Энэхүү ордын үйлдвэр орчмын цацраг идэвхт хийг хэрхэн хэмждэг вэ?
-Бидний хамгийн их анхаарах ёстой зүйл нь байгалийн уран буюу шар нунтаг биш, үйлдвэрийн газрын гүнээс материалтай хамт гарч ирдэг радон буюу цацраг идэвхт хий. Радон хийгээс сэргийлэх нь маш чухал. Тийм учраас бид гадаад шарлагыг хэмждэг дозиметрээс гадна агаарт байгаа радоныг хэмждэг дотоод шарлагын дозиметрыг байнга ашиглан хянадаг. Монгол Улсын Цөмийн энергийн тухай хуулиар цацрагтай орчинд ажиллаж байгаа хүний нэг жилд авах нийт шарлагын хэмжээг 20 мЗв/ж-ээр хязгаарладаг бол Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилт дээр ажиллаж байгаа залуусаас өнгөрсөн жилийн хугацаанд хамгийн өндөр тун авсан нь 2.25 мЗв/ж буюу зөвшөөрөгдөх хэмжээнээс зургаа дахин бага байсан.
-Хүхрийн хүчилтэй ус газрын гүн рүү шахаж, бохирдуулж байна гэсэн мэдээлэл гарсан. Байгаа түүхий эдээ зохистой ашиглаад, үр шимийг нь хүртэх нь бидэнд чухал. Тиймээс танаас “Зөөвч-Овоо” төсөл хүн, мал, байгаль орчинд аюулгүй юу гэж асуумаар байна?
-Хүн төрөлхтөн, дэлхий үүсэхэд л уран байсан. Ухахаар л болохоо байчихдаг зүйл биш. Ухсан ч, ухаагүй ч урантай газар шүүрлээрээ цацраг байж л байгаа. Үүнийг бид хормойлж авчраад тарьчихаагүй. Химийн хувьд ч, цацрагийн хувьд ч хоруу чанартай зүйл. Тэр орчинд ус, сүү, хүхрийн уусмал хийсэн ч ялгаагүй л техникийн орчин болно. Газрын гүнд байгаа тэр ураныг уусгаж гаргаж авах гээд байгаагаас биш нэмээд хордуулж, бохирдуулах гээд байгаа юм биш. Бурхны авралаар өвөг дээдэс бидэнд далай шиг сайхан газар үлдээсэн. Тэр түүхий эдээ ашиглаад арабууд, Казахстан шиг эрчимтэй шинэ хөгжлийн шатанд очих, Хятад шиг өрсөлдөх чадвартай болох гээд байгаа хэрэг. Тиймээс иргэд шинжлэх ухаанч ойлголт авмаар байгаа юм. Манай улстай 30 жилийн өмнө яг ижил гараанаас гарсан Казахстан улс л гэхэд өнөөдөр ураны дэлхийн тэргүүлэгч том экспортлогч болчихлоо. Дөнгөж саяхан явуулсан ард нийтийн санал асуулгаар иргэдийнх нь 71 хувь цөмийн цахилгаан станцтай болохыг дэмжлээ. Яагаад гэвэл атомын цахилгаан станц бол эрчим хүчний ногоон эх үүсвэр бөгөөд энэ станцын тусламжтайгаар утаа, хүлэмжийн хийн ялгарлаас сална гэдгийг иргэд нь ойлгож байгаа хэрэг. Тиймээс мэргэжлийн хүний хувьд хэлэхэд, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжих Зөөвч-Овоо төсөл физикийн талаасаа ямар ч асуудалгүй. Харин эдийн засаг талаасаа харилцан ашигтай байх зарчим л чухал юм.
-Уран бусад нүүрс, зэс зэрэг байгалийн баялгаас юугаараа ялгаатай вэ?
-Уран гэхээр бидний ихэнх нь цацрагт идэвхт, байгаль дээр өргөн тархалттай металл гэхээсээ илүүтэй ховор, хор хөнөөл нь гамшгийн түвшинд хүргэх, онц чухал “стратегийн” түүхий эд гэсэн ойлголттой байдаг. Гэтэл үнэндээ уран бол байгаль дээр өргөн тархалттай металл, далай тэнгис, рашаан булаг, газрын доорх ус, нүүрс болон зарим чулуулагт тодорхой хэмжээгээр агуулагдаж байдаг. Харин уран их хэмжээгээр илэрсэн газруудад ураны уурхай ажиллуулдаг. Мэдээж энд их хэмжээний ураны талаар ярьж байгаа учраас цацраг идэвхт яригддаг. Гэсэн ч дэлхий дахинд уран олборлолт мөн өндөр хөгжчихсөн учраас газрын гүнд нь хөрс усанд нь нөлөөлөхгүйгээр олборлоод шар нунтаг болгоод гаргаад ирдэг. Энэ шар нунтгийг экспортод гаргадаг. Ураны хэрэглээ зөвхөн цахилгаан үйлдвэрлэлээр хязгаарлагддаггүй. Уран болон бусад цөмийн материалыг сансар судлал, хүнсний аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарт хэрэглэдэг. Монгол Улсын хэмжээнд цацрагийг дараахь зургаан салбарт хэрэглэж байна. Үүнд, Эрүүл мэнд: Рентген зураг авахад цацрагийг хамгийн өргөн ашигладаг. Хүнс, хөдөө аж ахуйд: Вирус, нян устгах, хоол хүнсний савлагаа ариутгах, Геологи, уул уурхайд: Геологийн тогтоцуудын насжилтыг тогтоох, Боловсрол, шинжлэх ухаанд: Түүхийн дурсгалт зүйлсийн насжилт тогтоох, Байгаль орчинд: Ус, агаарын бохирдлын судалгаа, Үйлдвэрлэл: Бараа материалын чанарын хяналт, агаарт хуримтлагдсан төрөл бүрийн хийг илрүүлж байна.
-Ураныг газрын доор уусгаж олборлодог. Гүний усанд нөлөөлөхгүй юу?
-Мэдээж гол асуудал нь гүний усыг хамгаалах. Тиймээс гүний усыг дараах зарчмаар хамгаалдаг. Үүнд: Газрын дор уусган олборлох аргаар олборлолт хийхийн өмнө тухайн бүс нутгийн гүний усны тогтцыг нарийвчлан судлах, олборлолтын хугацаанд гүний усны урсгал, чанарыг хянах зорилгоор олборлолтын бүсийн дотор, гадна хяналтын цооногуудыг байрлуулсан. Нөхөн сэргээлт хийсний дараа уурхай хаагдсаны дараах гүний усны чанар нь олборлолт эхлэхийн өмнөх үеийнхтэй адил түвшинд байгаа эсэхийг байнга хянаж судалдаг. Ундны усны нөөцийг эрсдэлд оруулахгүйн тулд энэ судалгааг тасралтгүй байнга явуулдаг.
-Монгол Улс хэзээнээс уранаа экспортод гаргах бол?
-Нийт 93.291 тонн ураны нөөцтэй Зөөвч-Овоо орд сүүлийн 10 жилд дэлхийд олдсон хамгийн том ордод тооцогдож байна. Тус ордын нөөцийг 2013 онд бүртгүүлснээс хойш 10 орчим жил бэлтгэл ажлыг хангасны үр дүнд 2021 оны долдугаар сард үйлдвэрлэлийн туршилтыг эхлүүлсэн. Өнөөдөр үйлдвэрлэлийн туршилтын талбайд Франц, Казахстаны хоёр мэргэжилтэн, 50 гаруй монгол ажилтан ажиллаж байна. Гэрээ кантрактын асуудал нэг мөр болбол жинхэнэ үйлдвэрлэл эхэлнэ. Энэ үед 1000 орчим ажлын байр бий болж, тус бүр нь 18 торлолтой олон олборлолтын блокоос уран олборлоно. Казахстан дахь ураны үйлдвэрийн загвар бүхий үйлдвэр босож, дэлхийн зах зээлд борлуулах түүхий эд хүртэл нь боловсруулж, хамгийн өндөр ураны агууламжтай хар нунтгийг гаргах зорилготой юм.
-Уран олборлох анхны төсөл учраас Цөмийн энергийн тухай хууль энэ төсөл урагшлах уу, гацах уу гэдэг индикатор болох нь. Засгийн газраас Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар яаралтай хэлэлцүүлэхээр болсноо мэдээлсэн. Энэ өөрчлөлтийн талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Хуульдаа ямар өөрчлөлт оруулж, яаж хэрэгжүүлэхээс энэ төслийг манай улс хэрэгжүүлэх сонирхолтой байна уу, үгүй юу гэдэг шууд харагдана. Монгол, Франц хоёр улсын өнгөрсөн онд хийсэн өндөр дээд түвшний айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч нар протоколд гарын үсэг зурсан. Тиймээс бидний зүгээс төслийг урагшлуулах шаардлагатай. Хуульдаа хөрөнгө оруулагчдад таатай байх, төслийг хөхиүлэн дэмжих заалт л оруулах учиртай юм. Тиймээс хөрөнгө оруулалтыг хяхан боогдуулсан заалт оруулахгүй байхыг парламентын гишүүдэд уриалмаар байна. Магадгүй хуулийн төслийг хэлэлцэхдээ парламент, намын бүлгүүд мэргэжлийн хүмүүсийг дуудаж ирж асуудаг байх хэрэгтэй болов уу. Ерөнхий сайд эрдэмтдэдээ тулгуурлаж энэ улсыг улс шиг хөгжүүлнэ гэж Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа танилцуулахдаа хэллээ. Үүнтэй адил ураны төсөл дээр эрдэмтдийн саналыг авах шаардлага парламентад зайлшгүй бий.
-Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлэх, засаж залруулмаар ямар нэг заалт бий юү?
-Нэг заалтыг яах аргагүй анхаарах шаардлагатай. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхай, үйлдвэрийн хаалт, нөхөн сэргээлт, хаалтын дараах засвар арчилгаанд зарцуулах мөнгөн хөрөнгийг энэ хуулийн 34.6-д заасан журмын дагуу тооцож, төрийн дансанд байршуулна гэсэн заалт туссан байсан. Өөрөөр хэлбэл, төсөл хэрэгжээд 30-40 жилийн дараа дуусахад тэр үед нөхөн сэргээлт хийж, үйлдвэрийг хаах хөрөнгийг өнөөдөр бэлэн мөнгөөр нь төрийн санд байршуулах шаардлагыг төсөл хэрэгжүүлэгч талд хуулийн дагуу тавих гэж байгаа гэсэн санаа. Бэлэн мөнгө төрийн тусгай санд байршуулах өөрчлөлтийг хийвэл дор хаяж 300 сая ам.долларыг байршуулах хэрэгтэй болно. Учир нь “Зөөвч-Овоо” ордын ТЭЗҮ-ээр нөхөн сэргээлтийн сан 300 гаруй сая ам.доллараар тооцогдсон. Ийм хэмжээний бэлэн мөнгө байршуулах нэмэлт шаардлага нь уг төслийн хэрэгжих хугацааг дахиад хойшлуулах эрсдэлтэй.
-Тодруулбал?
-Төслийн өртөг мөн энэ хэмжээгээр өсөж, зээлийн санхүүжилт авах, нэмэлт санхүүгийн дарамтад төсөл орж, өртөг хэт өсөх, олборлосон түүхий эдийн үнэ нэмэгдэх, цаашлаад төсөл хэрэгжих боломжгүй болох зэрэг эрсдэлт нөхцөлийг үүсгэнэ. Дөнгөж энэ оны гуравдугаар сард шинэчлэгдсэн Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд хөрөнгө оруулагчид жил бүр санхүүгийн хөрөнгө мөнгийг тусган тооцох, мөн итгэмжлэгдсэн санхүүгийн байгууллагаас банкны баталгаа авах үүрэгтэй талаар тусгасан. Зөөвч-Овоо ордын хувьд Францын тал энэ хөрөнгийн баталгааг олон улсын нэртэй банкаар гаргуулж, тусгай дансанд байршуулах саналаа гаргасан байдаг. Энэ нь ордын санхүүжилтэд ачаалал багатай бөгөөд төслийн өртгийг нэмэгдүүлэхгүйгээр хөрөнгийг бүрдүүлэх арга л даа. Гэтэл манайх шууд энэ мөнгийг бэлнээр дансанд байршуулна гэхээр зохисгүй болчихож байгаа юм.
-30-40 жилийн дараа уурхай хаагдах үед ашиглах зориулалттай нөхөн сэргээлтийн мөнгөн хөрөнгийг Төрийн сангийн дансанд байршуулах үүргийг хөрөнгө оруулагчдад хүлээлгэх нь Монголын төр засагт ч маш их дарамт болох байх?
-Тэгнэ. Учир нь, тус сангийн урт удаан хугацааны менежмент хийх үүрэг хариуцлага төрд шилжиж байгаагаас ялгаагүй. Нөхөн сэргээлтийн хариуцлагыг олборлогчоос авч, төрд шилжүүлбэл олборлогч компани байгаль орчны асуудалд хайхрамжгүй хандах эрсдэлтэйг тооцох хэрэгтэй. Бас нэг том эрсдэл бол 40 жилийн дараа энэ мөнгө байх уу, үгүй юу гэдэг асуудал. Өнөөдөр байршуулах 300 сая ам.долларын үнэ цэн 40 жилийн дараа 2.1 тэрбум доллар буюу ордын бүтээн байгуулалтын зардлаас ч давсан ийм хэмжээний хөрөнгөөр 40 жилийн хугацаанд төсвийн цоорхой нөхөөд явчихвал яах вэ. Ийм нөхцөл үүсвэл нөхөн сэргээлт хийгдэхгүй байх эрсдэлийг ч дагуулна. Тиймээс төсөл хэрэгжүүлж байгаа талд хариуцлага үүрүүлэхийг хүсч байвал олон улсын банкаар баталгаа гаргуулаад, тухайн банк болон төсөл хэрэгжүүлэгч хоёр хариуцлагаа үүрээд явах юм.
-Уран олборлодог улсуудад ирээдүйн нөхөн сэргээлтийн зардлыг тухайн улсын төрийн сангийн дансанд байршуулдаг практик байдаг уу?
-Байдаггүй. Олон улсын жишигт байдаггүй ийм үүргийг шинээр бий болгох нь Монголд хөрөнгө оруулах уул уурхайн шинэ хөрөнгө оруулагчдыг, тэр дундаа үндэсний хөрөнгө оруулагчдыг манай улсаас нүүр бууруулахад хүргэж, үргээж болзошгүй. Дэлхий дээр зөвхөн Нигери улс л 2022 оны төрийн эргэлтийнхээ дараа ийм шаардлагыг манай гараг дээр анх удаа гаргаж тавьсан. Гэтэл дэлхийд байхгүй, уул уурхай бус улс төрийн өнгө аястай ийм утгагүй шаардлагыг Монгол хоёр дахь улс нь болж тавих нь энэ төслийг хэрэгжүүлэх сонирхолгүй байгаа гэсэн санааг хөрөнгө оруулагчдад төрүүлж мэднэ. Ийм жишгийг бий болгох хоёр дахь улс нь Монгол байж болохгүй. Харин олон улсад төсөл хэрэгжүүлэгч компани томоохон банкаар дамжуулан баталгаа гаргадаг бөгөөд гэрээнийхээ үүргийг хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлж чадахгүй бол банк нь хариуцлага хүлээдэг зарчим хэрэгждэг. Иймд Монгол Улсын Засгийн газар, Монголын тал энэ төслийг үнэхээр хурдтай урагшлуулъя гэж хүсч байгаа бол одоогийн Ашигт малтмалын тухай хуулиа баримтлаад явахад болчих юм. Цөмийн энергийн тухай хуульд ийм заалт шинээр нэмэх нь хөрөнгө оруулагчдын хувьд маш буруу хандлага.
-Ураны эрэлт нэмэгдэж, цөмийн эрчим хүчний зах зээл тэлж байгаа энэ үед хуулийн энэ мэт өөрчлөлт үйлчилбэл ямар хохирол дагуулах вэ?
-Ямар ч том төсөл хойшлох тусам үр өгөөж нь багасдаг. Хуулийн төсөлд тусгаж байгаа шинэ заалт хэрэгжвэл “Зөөвч-Овоо” төслийн хэрэгжих хугацаа 2-3 жилээр хойшилно. Ураны зах зээл тогтмол өсөж байгаа энэ үед төслийг аль болох хурдан хэрэгжүүлэх нь манай улсад ашигтай.
-Монгол Улсын хувьд хамгийн оновчтой хувилбар нь нөхөн сэргээх зардлыг бэлнээр авах биш, банкны баталгаа гаргуулаад, төслийг аль болох хурдан эхлүүлэх юм байна, тийм үү?
-Тийм ээ. Хэрэв ийм шаардлага ураны салбарт тавиад эхэлбэл бусад салбарт ч тавигдах эрсдэл зайлшгүй үүснэ. Ашигт малтмалын тухай хуульд тусган оруулах тохиолдолд гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг ашигт малтмалын бүх төрлийн уурхайгаас хөөн зайлуулах процесс үүсэх магадлалтай. Иймд банкны баталгаа, эсвэл тусгай санд нь хуулийн дагуу гадаад аудиторуудын жил бүр хийх санхүүгийн аудитын хүрээнд аудит шалгалт хийдэг байвал Монгол Улсын хувьд эрсдэлгүй болох болов уу.
Д.ЭРДЭНЭТУЯА
Зочин · 2024/11/13
УРАН НЬ ХҮН АМЬТНЫ ЦУСАНД Ч БАЙДАГ,БИДНИЙ УУДАГ УСАНД Ч ЗОХИХ ХЭМЖЭЭГЭЭР БАЙДАГ,УРАН БАЙХГҮЙ ЮМ ГЭЖ ОГТ БАЙХГҮЙ,БАРИЛГЫН МАТЕРИАЛД Ч ӨАЙЖ Л БАЙДАГ,БИ ЦАЦРАГИЙН АЮУЛТАЙ ГАЗАР 40 ГАРАН ЖИЛ АЖИЛЛАСАН
Ddavaa · 2024/11/12
Ih hurliin gishuud men turuund hurliin tanhimd songogdood suuj baigaa Ene chiglelii erdemtniihee yuu helehiig sonsmoor yum daa Anzaarah ch ugui eersdee medemhiireed baih shig...
Zochin · 2024/11/12
Oorigoo helchihle,manai bairnih.dohiotoi mashinaar huhduud surguldni hurgedl huhduud,ehnerni gej hogiin yumnud huviin lifttei yum shig bairni humusru hyalav tatv gedl bsn,tsagdaa barij yavaad suuj suuj garsnshtei,bairni humus mngo idsen gej yarij bsn shu,martagui bol bol
Зочин · 2024/11/12
Халзанбүрэгдтэйг урая.
Зочин · 2024/11/12
DYGRA ZARI80955877
Зочин · 2024/11/12
bosoo hoh chini hudlaa sanagddag
ss · 2024/11/12
За чи ч олигтой хүн бишштээ Францын тэжээвэр гөлөг
Зочин · 2024/11/12
ANUSN80955877
zo · 2024/11/12
энэ мэт мэргэжлийн хүмүүсээр шинжлэх ухааны тайлбар өгүүлсэн нэвтрүүлэг хийж цацах хэрэгтэй. гадаадын хөрөнгө оруулалтаар улс хэдэн төгрөг олж ард түмний амьдралыг дээшлүүлэх гэхээр орон нутгийн нэртэй харанхуй улсуудаар эсэргүүцэл хийлгээд байх юм. Төр нь эзэн шиг байж шуурхай арга хэмжээ аваач