Нэг кВт.ц нь 35-131 төгрөгөөр шаталсан байдлаар НЭМЭГДСЭН цахилгааны тариф өнөөдрөөс эхлэн мөрдөгдөнө
2024/11/15
Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан, дулааны тарифын нэмэгдлийн талаар мэдээлэл хийлээ.
Тус хорооны дарга Э.Түвшинчулуун “Эрчим хүчний салбарын санхүүгийн асуудал тун хүнд байдалд байгаа. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өөрийнх нь өртгөөс доогуур буюу алдагдалтай борлуулж байгаатай холбоотойгоор их хэмжээний алдагдал үүссэн. Тиймээс эрчим хүчний салбарын хэвийн үйл ажиллагааг хангах, үнэ тарифын асуудлыг авч үзэх шаардлага тулгарч байна.
Үнэ тарифыг авч үзэхдээ өөрийнх нь өртөгт хүргэхийг зорьсон. Ямар нэгэн ашиг тооцоогүй. Мөн хэрэглэгчдэд ачаалал аль болох бага хувилбарыг авч үзсэн.
Дулааны эрчим хүчний үнэ тарифыг 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн мөрдөхөөр шийдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл, айл өрх, албан байгууллагууд энэ жилдээ хуучин үнээ мөрдөнө.
Цахилгаан эрчим хүчний тухайд аж ахуйн нэгж, байгууллагын үнэ тарифт 30 хувийн өөрчлөлт оруулж байна. Айл өрхийн хувьд хэд хэдэн шинэ аргачлалыг оруулж ирж байгаа.
Нэгдүгээрт, хэрэглээнээс хамаарсан шаталсан тарифыг шинээр мөрдүүлж эхэлнэ. Хэрэглэгч эрчим хүчний хэрэглээнээсээ хамаараад өөр өөр үнээр төлбөрөө төлнө гэсэн үг.
0-150 кВт.ц хүртэлх хэрэглээг одоо 140 төгрөгөөр тооцож байгаа. Үүнийг 175 төгрөгөөр тооцно. 150-300 кВт.ц хүртэлх хэрэглээг 256 төгрөгөөр тооцно. 300 кВт.ц-аас илүү гарсан хэрэглээг өртөгт нь буюу 285 төгрөгөөр тооцох тооцооллыг хийсэн.
Илүү ойлгомжтой тайлбарлавал, тухайн айл сард 350 кВт.ц цахилгаан хэрэглэсэн бол эхний 150-ыг нь 175 төгрөгөөр, 150-300 хүртэлхийг 256 төгрөгөөр, түүнээс илүү гарсан 50 кВт.ц-ыг нь 285 төгрөгөөр гэж шаталсан тарифаар тооцно.
Ахуйн хэрэглээний цахилгааны 1 кВт.ц-т 35-131 төгрөгийн өөрчлөлт орсон. Монгол улсын хэмжээнд нийт 788 мянган цахилгааны ахуйн хэрэглэгч байдаг. Үүний 46 хувь нь 0-150 кВт.ц-ын хэрэглээтэй, 40 хувь нь 150-300 кВт.ц-ын хэрэглээтэй. Үлдсэн 15 хувь нь л 300 кВт.ц-аас давсан хэрэглээтэй байдаг.
Мөн оргил ачааллын тарифыг шинээр гаргаж байгаа. Хэрэв хэрэглэгч өөрөө хүсээд гурван тарифт тоолуулаар тооцуулна гэвэл шөнийн тариф нь илүү хямд байх нөхцөлийг тооцсон.
Түүнчлэн цахилгаанаар халаалтаа шийдсэн айл өрхүүд байгаа. Тиймээс гэр хорооллын айл өрхийн шөнийн хөнгөлөлтийг арваннэгдүгээр сарын 1-нээс хэвээр үргэлжлүүлэхээр шийдсэн. Энд 220 Вт-ийн сүлжээнд холбогдсон айл өрх 700 кВт.ц, 380 Вт-ын сүлжээнд холбогдсон айл өрх 1,500 кВт.ц хүртэлх хэрэглээгээ 100 хувь хөнгөлүүлнэ. Түүнээс илүү гарсан хэрэглээгээ 50 хувь хөнгөлүүлдэг журам үргэлжлэн мөрдөгдөнө.
Цахилгааны үнийн өөрчлөлт 2024 оны арваннэгдүгээр сарын 15 буюу өнөөдрөөс эхлэн мөрдөгдөнө” гэлээ.
Зочин · 2024/11/15
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/11/15
ANUSN80955877