“Сургуулийн өмнөх боловсролд хүүхдийг тэгш хамруулъя”
2024/11/20
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Хүүхдийн эрхийг хангахад орон нутгийн байгууллагын оролцоо, түншлэлийг сайжруулах нь” хэлэлцүүлэг эхэллээ.
1989 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр дэлхий дахинд 18 хүртэлх насны хүмүүсийн эрхийг хамгаалсан олон улсын эрхзүйн үндсэн баримт бичиг болох НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенц батлагджээ. Тиймээс энэ өдрийг “Дэлхийн хүүхдийн Эрхийн өдөр” хэмээн 190 гаруй улс орон тэмдэглэдэг байна. Энэ өдөр дэлхий даяар эв нэгдлийг сурталчлах, дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй хүүхдүүдэд тулгардаг бэрхшээлийг ойлгож ухамсарлах, хүүхдүүдийн сайн сайханд хувь нэмэр оруулах, хүүхдийг сонсох, тэдний эрхийн төлөө үүрэг амлалт өгөх өдөр ажээ.
Энэ удаагийн хэлэлцүүлгээр НҮБ-ын Хүүхдийн сан Монгол Улсын Засгийн газартай байгуулсан 2023-2027 оны хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хийж, хэрэгжүүлж буй ажлын талаар ярилцаж байв. Нийгмийн суурь үйлчилгээг хүүхэд бүрд болон алслагдсан нутгийн хүүхдүүдэд тэгш хүртээмжтэй хүргэхийн тулд орон нутгийн засаг захиргаатай хамтран технологид суурилсан, шинэлэг, өртөг багатай шийдлүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаараа хэлэлцүүлгийн үеэр онцолж байлаа. Мөн хөдөө орон нутгийн хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах шаардлагатай хэмээн оролцогчид санал нэгдэж байв. Нөгөөтээгүүр, хүүхдийн эрхийн тухай конвенцын хэрэгжилт орон нутагт ямар байгаа, хүүхдийн эрхийн зөрчлийг бууруулахад үндэсний хэмжээнд хэрхэн ажиллах талаар туршлага хуваалцах нь энэ уулзалтын зорилго хэмээн зохион байгуулагчид хэлэв. Тиймээс нийслэл болон 21 аймгийн удирдлага, тэр дундаа нийгмийн бодлого, гэр бүл, хүүхэд хөгжил хариуцсан мэргэжилтнүүд орон нутагт тулгамдаж буй сорилт болоод асуудлуудыг хуваалцахын зэрэгцээ практик шийдлүүдийн талаар хэлэлцлээ. Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн Төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Д.Хүрэлмаа, Сангийн яамны төсвийн бодлого төлөвлөлтийн ахлах зөвлөх Т.Батсүх, Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, Өвөрхангай аймаг Засаг даргын орлогч О.Сумъяасүрэн нарын байр суурийг сонирхлоо.
Д.Хүрэлмаа: Эцэг эхчүүдийн оролцоо бага байна
-Хүүхдэд тулгарч байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тал талын байр суурь сонсож, хэрэгжүүлэх арга зам, үр дүнгийн талаар хэлэлцэж байна. Мэдээж хүүхдийн эрх цогцоороо хэрэгжсэнээр сайн сайхан амьдрах нөхцөл бүрдэнэ гэж үздэг. Бид Үндэсний статистикийн хороотой хамтарч олон судалгаанд шинжилгээ дүгнэлт хийсэн. Үүнээс харахад хүүхдийн эндэгдэл буурсан гэх эерэг үр дүн харагдаж байгаа. Гэхдээ баруун бүсэд хүүхдийн эндэгдэл төдийлөн буураагүй гэж харагдаж байна лээ. Мөн хүүхдийн хоол тэжээлийн асуудал хурц хэвээр байгаа. Өсөлт хоцрогдлыг өмнөх жилүүдэд амжилттай буулгаж байсан ч цар тахлын дараа хийсэн судалгаагаар хүүхдийн хоол тэжээлийн асуудлыг орхигдуулсан нь ажиглагдаж байна. Түүнээс гадна улсын хэмжээнд орон нутгийн хүүхдийн бага боловсролын түвшин болоод хүнтэй харилцах чадвар 70 хувьтай гэж гарсан. Өөрөөр хэлбэл, сурагчдын 30 хувь нь суурь чадваруудаа эзэмшиж чадахгүй байна гэсэн үг. Тиймээс боловсролын системийн үр өгөөжийг сайжруулах шаардлагатай. Мөн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал өсвөр насны хүүхдүүдийн дунд нэлээд илэрч байна. 15-24 насны залуучуудын зургаан хувь нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай гэсэн дүгнэлт гарсан. Гэх мэтчилэн хүүхдийн хөгжил хамгааллын хувьд асуудлуудыг авч үзвэл бага насны хүүхдийн хөгжлийн индекс таван хүүхэд тутмын нэгд бүрдээгүй гэсэн дүгнэлтийг хийсэн. Эндээс харвал эцэг эхчүүдийн оролцоо хүүхдийн амьдралд бага байна гэж дүгнэж болно.
Т.Батсүх: Хүүхэд хамгааллын үйлчилгээнд 22.8 тэрбумыг зарцуулна
-Нийгмийн салбар буюу хүүхэд хамгааллын үйлчилгээнд 22.8 тэрбум төгрөгийг зарцуулахаар 2025 оны улсын төсөвт тусгасан. Тухайлбал, гуурхай тусламжид 671 сая төгрөг, хамгаалах нөхөн сэргээхэд 12 тэрбум төгрөг, урьдчилан сэргийлэх 10.1 тэрбум төгрөг зарцуулна. Мөн төсвийн зарлага нь эдийн засаг, өрхийн орлогыг дэмжинэ. Өрхийн орлогын 75 орчим хувийг цалин, тэтгэвэр тэтгэмжийн орлого бүрдүүлж байна. Сүүлийн 10 жилийн дунджаар урсгал зардлын 56.8 хувийг цалин хөлс, нийгмийн даатгалын сангийн тэтгэвэр, тэтгэмжийн зардал, хүүхдийн мөнгөн тэтгэмжийн зардал эзэлж байсан бол 2025 онд 58.1 хувийг эзлэх үзүүлэлттэй байгаа.
Ө.Сувдаа: Багш, эцэг эх, сурагчдын уялдаа холбоог сайжруулахад анхаарч байна
-Манай аймаг хүүхэд хамгааллын чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд зохион байгуулсны нэг нь 2023-2024 онд “Хүүхэд хамгааллын төв”-ийн барилгыг шинээр барьсан. Мөн “Хүүхдийн нөхөн сэргээх төв”-ийн барилгыг шинээр барьж ашиглалтад оруулсан. Энэ хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сан дотоод тоног төхөөрөмжөөр тусламж дэмжлэг үзүүлсэн. Эдгээр төвүүд хүүхдийн боловсролыг дэмжих зорилгоор 10 төрлийн үйлчилгээг үзүүлдэг. Бид хүүхэд хамгаалахтай холбоотой, хүүхдийн сурч боловсрох орчныг сайжруулах ажлуудыг шат дараатайгаар хийж байгаа. Тухайлбал, засварын зардал болон шинээр байгуулах байгууламжийн асуудлыг жил бүрийн төсөвтөө тусгадаг. Хүүхдийн хүчирхийлэл, гэмт хэрэгт холбогдох нийтлэг асуудлууд манай аймагт тулгардаг. Эдгээр асуудлыг шийдэхийн тулд багш, эцэг эх, сурагчдын уялдаа холбоог сайжруулж ажиллах тал дээр хяналт тавьж анхаардаг. Хүүхдийг сурч хөгжихөд уриалсан сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулснаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломжтой гэж харж байна.
О.Сумъяасүрэн: Ирэх жилийг хүүхдийг эрхийг хамгаалах жил болгоно
-Гэр бүл салалт, ажлын байртай холбоотой асуудлууд хүүхдийн эрх зөрчигдөх шалтгаан болж байдаг. Хүүхдийн эрхийг хамгаалах ажил манай аймагт хангалтгүй байгаа гэж харж байна. Мэдээж үүнд нөлөөлж байгаа хүчин зүйл нь санхүүжилт. Тиймээс 2025 оныг Өвөрхангай аймаг хүүхдийн эрхийг хамгаалах жил болгох санаачилга гаргаж төлөвлөсөн. Хүүхэд сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй хэдий ч олон шалтгаанаар зөрчигдсөөр байна. Эцэг эхийн хараа хяналт бага байгаагаас хүүхдүүд буруу зуршилтай болж гэмт хэрэгт холбогдох эрсдэл үүсч байгаа юм. Тиймээс хүүхдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зуслан, хүүхэд хамгааллын төв хэрэгтэй. Энэ асуудлаар холбогдох байгууллага, Хүүхэд хөгжлийн төв, Нийгмийн бодлогын хэлтэс гээд байгууллагуудтай нэгдэж зорилгоо тодорхойлоод, төлөвлөөд, нийгмийн байдлаа үнэлээд явж байгаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2024/11/20
BOOBN XXI80955877
Зочин · 2024/11/20
ANUSDI80955877