ГАЛЗУУ ӨВЧНИЙ ТАЛААРХ ГУРВАН ТАЛТ БҮСИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО
2024/07/29
Мал, амьтны галзуу өвчин нь бүх төрлийн бүлээн цуст амьтдын төв мэдрэлийн системийг гэмтээгч вирусаар үүсгэгддэг, цочмог, зооноз өвчин (мал, амьтнаас хүнд халдварладаг) юм.
Өвчний гол эх үүсвэр нохой, чоно, үнэг, хярс гэх мэт бөгөөд үхлийн аюулт өндөр эрсдэлтэй дэлхий нийтээрээ тус өвчнийг устгах нь чухал ач холбогдолтой.
ГАЛЗУУ өвчин нь жилд ойролцоогоор 59,000 хүний нас баралтын шалтгаан болж байна.
Дэлхийн малын эрүүл мэндийн байгууллагаас галзуу өвчнөөс сэргийлэх, өвчний эрсдэлийг бууруулахын хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ), Нэгдсэн үндэсний байгууллага (НҮБ) хамтран “Ази Номхон далайн орнуудын галзуу өвчний уулзалт” сэдэвт уулзалтыг Тайланд улсын нийслэл Бангкок хотноо зохион байгууллаа.
Манай улсаас Мал эмнэлгийн ерөнхий газрын Зооноз, архаг халдварт өвчний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн А.Түвшинбаяр, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн тархвар зүйч А.Бямбахишиг, НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуй байгууллагын төслийн зөвлөх Л.Амарсанаа нар оролцлоо.
Уулзалтаар Ази Номхон далайн орнуудын хүн, мал амьтны галзуу өвчний өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулж, туршлага, санал солилцож, цаашид галзуу өвчинтэй тэмцэх стратеги төлөвлөгөө боловруулж, тухайн улс орны хамтын ажиллагааг өргөжүүлж, нохойн тоо толгойг хянах, лабораторийн чадавхыг бэхжүүлж, ажиллахаар зөвлөмж, чиглэл өгөв.
Монгол орны хувьд мал, амьтны галзуу өвчний тохиолдол харьцангуй бага бөгөөд жил бүр урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.