Монголын нэрт удирдагч Ю.Цэдэнбалын хүү Ц.Зориг хэвлэлийн бага хурал хийж, Монгол Улсын төрийн нэрт удирдагч Ю.Цэдэнбалын музейг Улаанбаатар хотод байгуулахаар ажиллаж буйгаа зарлахын сацуу аавын маань хөрөнгийг 1990-ээд онд хууль бусаар хураасан тул буцаан олго. Би гэхдээ хувьдаа ашиглахгүй музейн зорилгоор л ашиглана. Зарим удирдлагууд нь хандив нэрээр мөнгө цуглуулж, хувьдаа завшиж буй тул Эрдэм судлалын төв- Ю.Цэдэнбалын академийг татан буулгаж буйгаа мэдэгдсэн билээ.

Тэгвэл Эрдэм судлалын төв Ю.Цэдэнбалын академийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, сэтгүүлч, "Соён Гэгээрүүлэгч" телевизийн захирал Ш.Хишигсүрэн энэ тухай: " Намайг 2021 оны 12-р сарын 1-нд Эрдэм судлалын төв-Ю.Цэдэнбалын академийн гүйцэтгэх захирлаар томилж, тамга тэмдэг гардуулсан, би ч ажлаа эхэлсэн. Ю.Цэдэнбал гуайг цагаатгасны дараа Ц.Зориг эх орондоо ирье гэсэн, ирэх зардал ч байгаагүй. Ч.Авдай гуай бид хоёр хөөцөлдөж явж байж, зардлыг нь өгч явуулсан. Тэгээд 2022 онд ирсэн, бид угтсан. Хоёр сар Монголд байх хугацаанд нь "Зайсан хилл"-ийн пентхауст байрлуулж, тусгай машин өгч, эхнэртэй нь хамт эмнэлэгт хэвтүүлж, эмчлүүлсэн. Эмчилгээний зардал үнэгүй, эм, тарианы мөнгийг л төлөөрэй гэсэн, үүнийг нь төлөөгүй. Хүндэтгэлийн хүлээн авалт хийсэн, урлагийн тоглолт үзүүлсэн.

 

Энэ үеэр би Ц.Зориг гуайд, "Нэгдүгээрт, та байнгын тэтгэвэртэй болох хэрэгтэй. Сар болгон 2-3 сая төгрөг өгдөг болгоё. Хоёрдугаарт, МАН-аас нэг удаагийн том мөнгөн дэмжлэг үзүүлье. Гуравдугаарт, Таны аавын нэрэмжит музейг хөөцөлдөе гэсэн. Ц.Зориг гуай надад "Гайхалтай санаанууд байна, надад өөр хүсэх, хэлэх зүйл алга гэсэн.

 

Улмаар Шадар сайд С.Амарсайхантай уулзуулж, дөрвөн хүсэлтийг маань бүгдийг нь хүлээн авсан, Эрдэнэт үйлдвэрт баярын хөтөлбөр гаргая, тусгай хамгаалалттай машинаар явуулъя, очоод Ю.Цэдэнбалын нэрэмжит эрдэм шинжилгээний хурал хийе гэж тохиролцсон. Би энэ үеэр энэ хүнд Эрдэнэт үйлдвэр Ц.Зоригт 100 сая төгрөг өгөх ёстой гэхэд ч хүлээж авсан. Ингээд бүх юмаа тохироод намайг долоо хоног хөдөө яваад ирэхэд бүх юмыг балласан байсан. Хэдэн нэр төр олох гэсэн нөхөд Ц.Зориг гуайг эмнэлгээс нь гаргаад аваад очсон байсан. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд ч гайхсан, зүгээр вагоноор хэдэн хүн очиход нь аавынх нь хөшөөнд хүндэтгэл үзүүлээд гарын бэлэг өгөөд явуулсан байсан. Энэ хүн өөрийнхөө юмыг өөрөө ингэж самарсан. Би хөдөөнөөс ирээд та яаж байгаа юм бэ? гэхэд Би өөрийнхөө эх оронд хаана байхаа өөрөө мэдье гэж хариулсан.

Энэ үйлдлийг нь төрийнхөн ч гайхсан, "Заза тэгвэл энэ ажил больж байгаа юм байна" гэсэн. Ингээд Цэдэнбалын Зориг гуай өөрөө өөрийнхөө юмыг балласан. Наадам үзэх гэхэд дээл ч байгаагүй, би хөөцөлдөөд өөрт нь болон эхнэрт нь өгч, цэнгэлдэхээс Төрийн наадам үзүүлсэн" гэжээ.

 

Н.Отгон

sonin.mn